Нийслэлийн соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид хяналт шалгалт явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баянзүрх, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн 29 аж ахуй нэгжийн барилга байгууламжид аюулгүй байдлын хяналт шалгалтыг хийжээ.
Шалгалтын ажлын хэсэг нийт 232 зөрчил илрүүлэн газар дээр нь 24.5 хувийг арилгуулан бусад зөрчлийг засуулах талаар улсын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл зэрэг албан бичгийг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна.
Түүнчлэн галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн таван иргэнийг 700.000, зургаан аж ахуй нэгж байгууллагыг 5.500.000 төгрөгөөр Зөрчлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу шийтгэлийн арга хэмжээ авч ажиллажээ.
Монгол улсын “Гамшгаас хамгаалах тухай” болон “Галын аюулгүй байдлын тухай” хууль, Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм, Гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт техникийн нормативыг үндэслэн хяналт шалгалтыг зохион явуулан ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.