Categories
мэдээ нийгэм

Худалдаа эрхлэгчид ирэх сарын 1-ээс өлсгөлөн зарлана гэв

МАН-ын урд талбайд нийслэлийн худалдаа эрхлэгчид суулт хийж байгаа билээ. Хэрэв тавьсан шаардлагыг нь хүлээн авч, намын удирдлагууд худалдаачдын төлөөллүүдтэй уулзахгүй бол өлсгөлөн зарлахаа өнөөдөр мэдээллээ.

Тодруулбал, Монголын худалдаачдын холбооны гүйцэтгэх захирал В.Мөнхтуяа “Худалдаачид бид Монгол Улсдаа наймаа эрхэлж амьдарч буй 300000 гаруй иргэдийнхээ нийгмийн асуудал, өнөөгийн нөхцөл байдлыг судлан зохицуулаад, дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг шаардсан долоон заалт бүхий шаардлагыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-нд МАН-д хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариугаа өгөөгүй. Иймд бид улс төрийн суулт хийж байна. Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал доройтсон энэ үед худалдаа эрхлэгч бидэнд арай л хатуу хандаж байна. Ядуурал, ажилгүйдэл их байгаа гэж ярьдаг хэрнээ хувиараа хөдөлмөр эрхэлж, амь зуух гэсэн хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэхгүй байх нь энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг улам даамжруулж байгаа хэрэг боллоо” гэв.

Тэдний зүгээс дараах шаардлагыг хүргүүлж байгаа аж. Үүнд, МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 2018 оны есдүгээр сарын 1-ний дотор Монголын Худалдаачдын холбооны төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулахыг шаардаж байгаа гэнэ. Уулзалтыг олон нийтийн өмнө нээлттэй зохион байгуулах ёстой хэмээн үзжээ. Хэрвээ энэхүү шаардлагыг эс биелүүлбэл МАН-ын гадаа зохион байгуулж буй улстөрийн суултаа тэмцлийн хурц хэлбэрт шилжүүлж, 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өлсгөлөн зарлах болно гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Монголын худалдаачдын холбооны тэргүүн З.Пунсалдулам “Бид өмнө нь суулт зарлах гэж таван удаа хүсэлт хүргүүлсэн. Гэвч хоёр нь хүний тоогоо өгөөгүй гээд буцаагдсан. Мөн прокуророос намайг шалгана гэж удаа дараа дуудуулж байгаа. Байцаалтаа өг гэж өдөр болгон залгаж байна. Би ямар буруу зүйл хийсэн гэж тэд нар дээр очих ёстой юм. Төрийн эрх мэдэлтнүүд шиг улсаа худалдаж, хүн алж, хулгай хийгээгүй. Би ганц чихэр, ширхэг бохь зарж, хойч ирээдүйнхээ төлөө зүтгэж байна. Би зүгээр л үг хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн төдий. Үүний төлөө намайг хорих гэж байгаа бол би айхгүй байна. Учир нь буруу зүйл хийгээгүй, намайг хорих ямар ч үндэслэл байхгүй” гэж байв.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *