Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдэд Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болгож, Тахарын албыг татан буулгахаар тусгасан. Уг хуулийн төслийг хүний эрхийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагууд эсэргүүцэж байгаа аж. Энэ талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуулийн зөвлөх Н.Арвинтариатай ярилцлаа.
–Тахарын алба ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагуудад үр дүн харагдаж байна уу?
-Тахарын албаны тухай хууль 2013 оны долдугаар сард батлагдаад, дараа оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Бүрэн хэмжээнд ажиллах боломж бүрдээгүй байтал татан буулгах асуудал яригдаж байна. Тахарын албаны гэрч, хохирогчийг хамгаалах алба хүмүүст маш хэрэгтэй байгууллага. Ардчилсан улсад зайлшгүй байх ёстой. Урьд нь хэдэн төрийн бус байгууллага, цөөн тооны эмэгтэйчүүд гэрч, хохирогчийг хамгаалахаар оролддог байсан бол Тахарын алба байгуулагдсанаар анх удаа эрх зүйн бие даасан тогтолцоо бүрдсэн юм. Хүний эрхийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагууд шахалт, дарамтан дор гэрч, хохирогчоо эрсдэлд оруулж байсан ч үе олон бий. Гэмт хэргийг шалгах явцад хохирогч шүүх, цагдаагийн дунд явсаар байгаад амь насаа алдсан тохиолдол ч бий. Төр гэрч, хохирогчийг хамгаалах үүрэг хүлээж, эрх зүйн орчноо бүрдүүлсэн нь хамгийн том дэвшил байлаа. Энэ тухайгаа Засгийн газар НҮБ-д илтгэсэн шүү дээ. Гэтэл НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хурлаас ирээд долоо хоноогүй байж ийм хуулийн төсөл УИХ-аар хэлэлцүүлж байгаад харамсч байна.
–Гэрч, хохирогчийг хамгаалах алба жил гаруйн хугацаанд хичнээн гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангасан бол?
-Манай байгууллага хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг. Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн хохирогчид ихэвчлэн араасаа, заналхийлэлтэй байдаг. Гэмт хэрэг үйлдэгч нь хохирогчийг байнга мөрдөн мөшгөдөг. Тухайн хэрэг дээр цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэсэн бол бид хохирогчийг Тахарын алба руу шилжүүлдэг. Тахарын алба хохирогчид биечилсэн хамгаалалт үзүүлэхээс гадна сэтгэлзүйн хувьд туслалцаа үзүүлдэг. Өнгөрсөн хугацаанд Тахарын албаар 20 гаруй хохирогчийг хамгаалуулсан. Өмнө нь шүүх дээр очиход хохирогчийг байрлуулах өрөөгүйгээс хохирогч, гэмт хэргийн холбогдогч хоёр нэг цагт, нэг танхимд сууж мэдүүлэг өгөх болдог байлаа. Үүнээс болж дарамтад ордог, гомдлоо эргүүлэн татдаг байсан. Харин Тахарын алба санаачилж шүүхүүдэд гэрч, хохирогчийг хамгаалах өрөө байгуулсан. Шүүх хурлын үеэр хохирогч өөр өрөөнөөс мэдүүлэг өгдөг болсон. Шүүх рүү ороход тахар хуяглан хамгаалдаг болсон гээд давуу тал маш их бий.
–Тухайн хэргийн холбогдогч төрийн бус байгууллага, төр төлөөлсөн хүчний байгууллага хоёрт ялгавартай хандах нь ажиглагдаж байна уу?
-Төрийн бус байгууллагад хэдэн эмэгтэйчүүд л ажилладаг. Өөрсдөө ч аюулгүй байдлаа хангаж чаддаггүй. Гэмт этгээд хутга бариад дайрах тохиолдол цөөнгүй байдаг. Хамгаалалтын алба дуудахад гэмт этгээдийг явуулахаас өөр арга хэмжээ авах эрхгүй. Ингэж л ажилладаг. Харин Тахарын алба бол гэмт хэргийн холбогдогчид сануулна, хохирогчид ойртохыг хориглох арга хэмжээ авах эрхтэй. Төрийн нэрийн өмнөөс харьцаж байгаа учраас гэмт этгээдүүд шаардлагыг нь дагадаг.
-2012 онд танай төвийн хамгаалалтад байсан эмэгтэй шүүх хурал руу явж байгаад нөхрийнхөө гарт амиа алдсан. Тахарын алба байгуулагдсанаас хойш ийм гэмт хэрэг үйлдэгдэх шахсан, урьдчилан сэргийлсэн жишээ бий юү?
-Хоёр жилийн өмнө бид хохирогчийнхоо хүүхдийг гэрээс нь авах гэж очтол хүчирхийлэл үйлдэгч хүүхдээ булаацалдаж, хамгаалалтын албаны машин дор хэвтэж байгаад гараа гэмтээчихсэн. Үүнээс болж хамгаалалтын албаны хоёр хүн эрүүгийн хэрэгт татагдаж, ажилгүй болсон. Манайхан ч эрүүгийн хэрэгт татагдсан. Харин одоо бид хамгаалах байранд байгаа хохирогчоо аваад шүүх хурал руу явах бол Тахарын албыг дуудаад хохирогчтойгоо хамт хамгаалалтад очдог болсон. Шүүх дээр биеэ хэрхэн авч явах, айж сандрахгүй байх талаар сэтгэл зүйн бэлтгэлийг Тахарын албаныхан өгчихдөг учраас хохирогч айж сандралгүй үнэн зөв мэдүүлэг өгдөг. Хамгаалалтгүй байхад хохирогчид мэдүүлгээсээ буцах тохиолдол их байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдогч хохирогчийг заналхийлэх, эвлэрэхийг гуйх нь их байдаг. Хэсэг хугацааны дараа хүчирхийлэл давтагддаг. Тиймээс хүчирхийллийг богино хугацаанд таслан зогсооход тахарын гүйцэтгэх үүрэг их. Тахарын албыг цаашид улам бэхжүүлэх шаардлага байгаа. Саяхан Өмнөговь аймгаас нэг эмэгтэй нөхөртөө зодуулаад, ууланд гурав хоног бүгсэн мэдээлэл ирсэн. Өмнөговь аймагт Тахарын алба байсан бол хохирогчийг хамгаалах боломж байсан. Энэ мэтчилэн хүний төлөө гэсэн бүтэц зайлшгүй шаардлагатай. Нөхөртөө мөрдөгдөөд хаачихаа мэдэхгүй зовж байсан бүсгүй Тахарын албаны ач холбогдлыг мэдэрч байгаа.
–Хүчний байгууллагууд хүнээ хамгаалдаггүй гэж үү. Тахарын албаны үүргийг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх боломжгүй юм уу?
-Тэдэнд хохирогчийг хамгаалж байсан түүх, туршлага байхгүй. Монголд анх удаа эрх зүйн орчин бүрдсэн нь Тахарын албаны тухай хууль. Анхны бүтэц нь Тахарын алба. Цагдаа, шүүх гэрч, хохирогчийг хамгаалж чадахгүй. Өмнө нь хохирогч цагдаа, шүүхийн дунд явж байгаад зодуулдаг, амиа алддаг байсан. Тэд хохирогчийг бие бие рүүгээ чулуу шиг шиддэг. Энэ байдал одоо давтагдах гээд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг л биелүүлэх үүрэгтэй. Таслан шийтгэх тогтоол гарсны дараа л шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллаж эхэлдэг. Тэр хүртэлх хугацаанд хохирогчийг хэн хамгаалах юм бэ.
–Цагдаа хамгаалдаггүй юм уу?
-Хамгаалахгүй. Тийм түүх байгаагүй гэж хэлээд байна шүү дээ. Сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байж хохирогчийг хамгаална гэдэг нь ашиг сонирхлын зөрчил. Хохирогч, холбогдогч хоёрт зэрэг үйлчилгээ үзүүлэх боломж байхгүй. Гэрч, хохирогчийг байрлуулах өрөөг цагдаагийн байгууллагад байгуулж өгч үзсэн. Үр дүн гараагүй. Хохирогчтой харилцах дүрэм журам хүртэл батлуулсан, хэрэгжээгүй. Цагдаагийн хандлага нь хатуу ширүүн юм байна. Бас чиг үүрэг дотор нь хохирогчийг хамгаалах тухай байдаггүй юм байна.
–Хямралын үед мөнгө хэмнэх үүднээс Тахарын албаны чиг үүргийг өөр байгууллагууд руу шилжүүлэх гэж байгааг хууль санаачлагчид тайлбарласан. Ер нь гэрч, хохирогчийг хамгаалахад хэдий хэр зардал гардаг бол?
-Хэн нэг нь хохирох, амь насаа алдах, нөгөө нь гэмт хэрэгтэн болохоос илүү зардал гэж хаана байх билээ. Хохирогчийн амь насыг хамгаалж, өөр нэгнийг гэмт хэрэгтэн болгохоос урьдчилан сэргийлж байгаа нь өөрөө хэмжээлшгүй үр дүнтэй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хохирогчийг хамгаалах зүйл заалт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр гацчихаад байгаа. Хүчирхийлэл үйлдсэн нөхрийг зан үйлд нөлөөлөх сургалтад албадан суулга гэдэг шийдвэр шүүхээс гаргахад шийдвэр гүйцэтгэгчид биелүүлдэггүй. Хохирогч дахиад л зодуулаад байдаг. Шүүхээс гарчихсан шийдвэрийг биелүүлж чадахгүй байгаа нөхдүүд яаж гэрч, хохирогчийг хамгаалах юм бэ. Боломжгүй зүйл.
Ц.Өрнөх