Анхдугаар үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улсыг тунхагласны 91 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн уламжлалт барилдаан өнөөдөр 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Жил бүр 256 бөх зодоглодог уг барилдаан нь бөхчүүд болон үзэгчид ач холбогдол өгдөг томоохон барилдааны нэг билээ. Барилдаанд энэ цагийн шилдэг улсын аварга, арслан цолтон тэргүүтэй бөх сонирхогчдын тэргүүн бөхийн тааварт байдаг олон бөх зодоглох аж.
Өмнөх жилийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Хилчин спорт хороо, Увснуур дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат найм даван түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Аврагч спорт хороо, Ховд дэвжээ, Нью прогресс группийн бөх улсын харцага Б.Пүрэвсайхан долоо даван үзүүрлэж байсан юм.