Categories
мэдээ нийгэм

Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн баримтат фото зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. Манай улс энэхүү өдрийг тэмдэглэдэг болсноос хойш багагүй хугацаа өнгөрч буй бөгөөд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлийн хуульд өөрчлөлт оруулж, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжсээр иржээ.

Монгол Улс хүний эрхтэй холбоотой 50 орчим гэрээ, конвенцид нэгдэж, олон хуулиудад хүний эрхийн асуудлыг тусгасан. Гэвч эдгээр хууль тогтоомж, гэрээ конвенциуд бүрэн ёсоор хэрэгждэггүй. Ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийн асуудал ихээхэн сул байсан юм. Өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэл ямар түвшинд хүрснийг шил дараалан гарч буй гэмт хэргүүдээс харах боломжтой. Эдгээр хэргийн хохирогч нар ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг. Санаатайгаар хүний амь нас хохироосон гэмт хэргийн судалгаанаас үзэхэд нийт гэмт хэргийн 86 хувь гэр бүл, ахуйн хүрээнд гардаг хүчирхийлэл, хардалт, хувийн маргаан зэргээс үүдэлтэй нь тогтоогджээ.

Эмэгтэйчүүдийн хорих ангид нөхөр болон хамтран амьдрагчаа хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдэж буй эмэгтэйчүүдийн 70 хувь хохирогчийн буруугаас буюу эр нөхрийн хүчирхийлэл дарамт, зодуурын дор сэтгэл санааны стресст байсны улмаас гэмт хэрэг үйлдсэн байдаг аж. Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах чиглэлд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталж, 2017 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхлээд байгаа билээ.

Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог болсон юм. Мөн хүчирхийллийн тухай мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлээгүй иргэнд хариуцлага тооцох, хүчирхийлэгчийн зорчих эрхийг хязгаарлах, гэрлэсэн болон хамтран амьдарч байгаа, дундаасаа хүүхэдтэй иргэдийн хооронд үүссэн хүчирхийллийн асуудлыг зохицуулахаар тусгасан юм. Уг хуулийн хүрээнд хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэйчүүд болон хүүхдэд хамгаалуулах эрхээ эдлэх боломжийг бүрдүүлж өгчээ.

Мөн хуулиас гадна манай улсын төрийн бус байгууллагууд 2013 оноос хойш охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор дэлхийн хэмжээний томоохон хөдөлгөөнийг өрнүүлж эхэлж, урлагаар дамжуулан эмэгтэйчүүдийн хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагааг тав дахь жилдээ явуулж байна.

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буйтай холбогдуулан гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогч, тэдний мэдэрч байсан айдас түгшүүрийг илэрхийлсэн баримтат болон фото зургийн “Даван туулагчдын дуу хоолой” үзэсгэлэн нээгдээд байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *