Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүчирхийлэгч өөрийнхөө нэр төрд гэр бүлээсээ ч илүү хайртай юу

Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг нөхдийг яажшуу нэг дэгтэй болгож хань ижил, үр хүүхдэдээ гар хүргэдэггүй болгох вэ гэж дээр, дооргүй ярилцаж хэлэлцээд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг баталчихлаа. Энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй ч эхнэр, хүүхдээ зодож дарамталсан хүнийг шууд хорьж, шийтгэх юм байна гэсэн айдсыг хүчирхийлэгчдэд төрүүлээд эхэлчихэж. Ямартай ч хууль нь чангарч байгаа гэдгийг бүгд биш юм аа гэхэд дийлэнх нь мэдэж эхэлж байна.

Гэр бүлийн хүчирхийллийг бууруулж, тодорхой хэмжээгээр “дарж” чадсан хороо, баг байдаг юм байна. Тэд хүчирхийлэл үйлдсэн этгээдэд холбогдох хуулийг нь уншиж өгөөд “Дахиад эхнэртээ гар хүрвэл ажлын газар, найз нөхдөд чинь хэлнэ. Зургийг чинь томоор угаалгаад дээр нь “Энэ залуу эхнэрээ тэгж, ингэж зодсон. Хүүхдээ тэгж айлгаж занчдаг” гэж бичээд ажлын газрын чинь үүд, ойр дотнынхны чинь явдаг газруудад нааж, фэйсбүүк рүү чинь энэ талаар постолж интернэтэд нэр ус, зургийг чинь тавиад чамайг зарлана” гэж багахан сүрдүүлсэн маягийн юм хэлчихээр ёстой нам болдог гэнэ. Яг энэ аргаар эхнэртээ гар хүрдэг олон эрийг “номхруулсан” жишээнүүд байна.

Хүчирхийлэгчдийг ингээд сүрдүүлээд өг гэж байгаа юм биш л дээ. Үүнээс юу харагдав гэхээр хүчирхийлэл үйлддэг этгээдэд эхнэр, хүүхдээс нь илүү нэр хүнд нь чухал болж таарч байна уу гэсэн зүйл гарч ирж байна. Бодох л сэдэв. Хотын захын гэр хорооллын ажилгүй, архичин нөхөд л эхнэр, хүүхдээ айлгаад байдаг юм биш.

Цагаан цамц, зангиатай, цүнх барьсан эрчүүлийн дунд ч хүчирхийлэгчид бий шүү дээ. Тэгэхээр хүчирхийлэгчийн нэр төр гэсэн эмзэг зүйл нь эргээд хүчирхийллийг бууруулах нэг хөшүүрэг ч байж болох нь. Хүчирхийлэгч өөрийнхөө нэр төрд гэр бүлээсээ ч их хайртай байж мэдэх нь байна шүү.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *