Categories
мэдээ нийгэм

“Хубилай сэцэн хааны өв” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

Монголын алдар суут их хаадын нэг Юань гүрнийг үндэслэгч Хубилай сэцэн хааны
мэндэлсний 800 жилийн ойг тохиолдуулан “Хубилай сэцэн хааны өв” түр
үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ.

Тодруулбал, маргааш 11.40 цагт Чингисийн талбайд төрийн өндөрлөгүүд
хүндэтгэл үзүүлэн түр үзэсгэлэнгийн нээлтийг хийх аж. Улмаар Монголын үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд
аравдугаар сарын 20-ны өдөр хүртэл уг үзэсгэлэнг олон нийтийн хүртээл болгох
юм.

Үзэсгэлэнгийн онцлог нь Монгол нутгаас олдсон Юань гүрний үед холбогдох
археологийн чухал дурсгалууд, бичгийн дурсгал, өв соёлыг олон нийтэд нээлттэй
дэлгэн үзүүлэх, Юань гүрэн болон Монголчуудын хэлхээ холбоог эрдэмтдийн
судалгаанд үндэслэн хүргэх юм байна.

Хубилай цэцэн хааны намтрын товчоон, Юань гүрний үеийн Монголчуудын соёл,
Юань гүрний үеийн гэрэлт хөшөө, Юань гүрний үеийн Монгол хувцас хэрэглэл,
Байлдааны зэр зэвсэг, Монгол гүрэнд зочилсон харийн гийчин Хубилай хааны түшмэл
Марко Пологийн аялал, баримтат кино, Хубилай хаан кино зэргийг үзэсгэлэнгийн
үеэр олон нийтэд хүргэнэ.

Урьд өмнө дэлгэж байгаагүй олон сонирхолтой үзмэрүүдийг үзэсгэлэнд тавих
бөгөөд “Хубилай хаан ан хийж буй нь” зургийн үед холбогдох хувцас, эдлэл
хэрэгслүүд бодитоороо үзэсгэлэнд тавигдах аж.

Дэлхийн түүхэнд ул мөрөө тод үлдээсэн Монголын эзэнт гүрний 4 дэх их хаан,
Юань гүрнийг үндэслэгч Хубилай хааны түүхэн үйл хэрэг зөвхөн Хятадад нэгдсэн
улс тогтсон бус Монгол, Төвд, Солонгос, Аннам гээд Азийн ихэнх орныг нэгтгэсэн
Монголын эзэнт гүрэн бүрэн төгс бүрэлдэн тогтсон түүхийг олон нийтэд
сурталчилан таниулахад үзэсгэлэнгийн зорилго оршиж байна. Хубилай хаан
хэдийгээр Монгол нутагт төвлөн сууж, төр улсаа удирдаагүй ч Юань гүрний үед
Монголчууд төрийн бүхий л үйл хэргийг монголын төрт ёсны уламжлалын дагуу
хөтлөн явуулж, эдийн засаг, соёл, шашин тал бүрээр цэцэглэн хөгжиж байсан
билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *