ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Отгонбаатар Хубилай хааны үеийн дөрвөлжин үсгийн номын тасархайг аль номын хэсэг болохыг нь тогтоосон байна. 14 үгтэй алга дарам хэвлэмэл номын тасархайг археологийн эрдэмтэд Торгоны зам дагуух эртний Монголын Хар хотоос олсон юм байна. Өвөр монголын эрдэмтэд эндээс олон хэл бичгийн 100 гаруй тасархай олсон юм. Эрдэмтэн Ёшида Жүн-ичи, Чимэддорж нар удирдан хориод эрдэмтний хүчээр “Хар хотоос олдсон монгол дурсгалын судалгаа” номыг 2008 онд япон, хятад хэлээр Токио хотод хэвлэн гаргажээ. Харин энэхүү номд орсон дөрвөлжин бичгийн тасархайг мөнөөх эрдэмтэд ямар ном болохыг нь таниагүй аж. ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Отгонбаатар үүнийг хоёр монгол бичмэл эхтэй тулгаж таньсан аж. Тэр нь Сажа нутгийн эрдэмтэн Пагва лам Лодойжалцаны зохиосон “Шэйжэ равсал шэйжавын данжой” буюу “Мэдэгдэхүүнийг бэлгэтэеэ гийгүүлэгч нэрт шастир”-ыг Монголын дөрвөлжин үсгээр хэвлэсэн ном гэнэ. Уг олдсон тасархайг одоогийн үсгээр буулгавал “…(цагт) болбоос нэгэн бээр болъюу. Эд үлгэрээр сав ертөнц хийгээд амьтны биесийн цагийг цаглан үлгэртъюү. Сав ертөнц бүтэхийн шалтгаан нь тэнд төрөгчид амьтны хамт үйлдсэн заяаны эрхээр бүтьюү. Бүтэхийн ёсон (нь)…” гэх мэт үгс бүхий өгүүлбэрүүд аж. Энэ номыг Хубилай хааны хүү Чингим хаан хүү зохиолгосон гэх. Энэ ертөнц хүн амьтан бүх юмыг тэвч гэсэн утгатай өгүүлбэр юм байна. Уг шастир нь таван бүлэгтэй том ном юм. XIII зууны сүүлийн мөчлөгт хамаарах дурсгал аж.
Дөрвөлжин үсгийг Хубилай хааны зарлигаар Пагва лам 1269 онд зохиосон гэнэ. Тухайн үед уйгаржин монгол бичиг байсан ч Юань гүрний үед Түвд, Монгол, Дундад Азийг хамарсан нэгдсэн нэг бичиг хэрэгтэй гэж үзсэн учраас ийнхүү дөрвөлжин үсэг мэндлэх хөрс суурь бүрджээ. Их Юань улсыг мандаж байх үед дөрвөлжин бичиг нь 100 орчим жил ихээр хэрэглэгдэж байжээ.
Р.Отгонбаатар гуайг дөрвөлжин бичиг судлаад хэр удаж байгааг лавлахад “Монгол хэл бичгийн багш хүн учраас эрхбиш ухааныг нь мэднэ. Гэхдээ дөрвөлжин үсэг таньдаг томчууд нь таниагүй юм” гэв.
Б.ЯНЖМАА