Монгол Улсын хоёр уулчин болох Ц.Өсөхбаяр, Л.Пүрэвсүрэн нар Эверест уулын 8000 метрийн өндөрт авирахаар яваад сураггүй алга болжээ. Тэд оргилд гарахаар дөрөвдүгээр баазаас гараад сураг тасарчээ. Түүнчлэн нэмэлтээр хүчилтөрөгчийн галлон болон нутгийнхны хэлж заншсанаар “шерпа” (хөтөч)-гийн дэмжлэггүйгээр авирах шийдвэр гаргасан аж. Хамгийн сүүлд тавдугаар сарын 12-ны 19:30 цагт үндсэн баазтай (Base Camp) радио холбоо барьжээ.
Тэд маргааш өглөө нь оргилд гарахаар төлөвлөж байсан боловч үндсэн баазтай дахин холбоо бариагүй аж. 8K Expeditions болон үндсэн баазаас үйлчилгээ авч, хэд хэдэн хүчилтөрөгчийн галлон авсан ч аль болох хэрэглэх бодолгүй байгаагаа илэрхийлж байжээ. “8K Expeditions” компанийн гүйцэтгэх захирал Лакпа Шерпа “Эверестийн шастир” (Everest Chronicle) сэтгүүлд “Тэд өөрсдийн ур чадвар, хүч чадалдаа итгэлтэй байсан. Өөрсдийгөө мэргэжлийн уулчид бөгөөд шерпагийн дэмжлэг шаардлагагүй гэж хэлсэн. Бид тэдэнд хөтөчөө үнэ төлбөргүй санал болгосон ч татгалзсан” хэмээжээ. “8K Expeditions” компани Аржун Карки, Лангка Рам Таманг хэмээх хоёр тушлагатай уулчныг дөрөвдүгээр бааз руу илгээсэн байна. Тэд эрлийг эхлүүлж, уулнаас буцаж бууж буй уулчдаас монголчуудыг харсан эсэхийг асууж байжээ. Өнгөрсөн бямба гаригт шерпагийн баг оргилд хүрэх гарах замыг нээснээс хойш цаг агаар хүйтрээд байсан аж. Мөн тавдугаар сарын 13-ны үдээс хойш цаг агаар эрс муудаж, ууланд маш хүчтэй цасан шуургатай байгаа гэж Лакпа Шерпа хэлэв.
Олон уулчид оргилд гарах аяллаа эхлүүлэхээр төлөвлөж байсан ч хүчтэй салхины улмаас түр азнаад байгаа. Зарим багууд цаг агаарын таатай цонхыг хүлээж байсан ч өнгөрсөн долоо хоногийн мэдээнээс салхины хурдны таамаглал ялгаатай байв. Уулчид “Recco” радарын долгион цацруулагч зүүх үүрэгтэй байдаг ч энэ төхөөрөмж нь Эверестийн дээд энгэр гэх мэт томоохон газруудад явган хайлт хийхэд ашиггүй байдаг. Нисдэг тэрэгнээс эрэл хийх боломжгүй шалтгаан нь дөрөвдүгээр бааз нь техникийн өндрийн хязгаараас хамаагүй дээгүүр юм. Уулчид GPS-д суурилуулсан хяналтын системтэй байсан эсэх нь тодорхойгүй байна гэж “Explorersweb.com” сайтын сэтгүүлч Ангела Бенавидес мэдээллээ.