Categories
мэдээ нийгэм

ХСҮТ-д учирсан хохирлыг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар нар өчигдөр ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгад үүсээд буй нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Тус төвийн өргөтгөлийн барилгын зоорины хэсэгт энэ сарын 10-нд үерийн ус орсны улмаас бункерийн шаланд байршуулсан туяа эмчилгээний аппаратны суурин хэсэг усанд автсан. Харин үндсэн тоног төхөөрөмжүүд нь хайрцагтайгаа, битүүмжтэй өөр агуулахад хадгалагдаж байгаа. Аппаратуудыг хайрцагнаас гаргах ажлыг Австрийн “Вамед Инженеринг” компани хариуцаж байгаа талаар эмнэлгийн удирдлагууд танилцуулав. Шугаман хурдасгуурт туяа эмчилгээний 2 аппарат болон бусад тоног төхөөрөмжийг Монгол Улсын Засгийн газар, Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр хийж Австри улсын экспортыг дэмжих нөхцөлтэйгээр олгожээ. Гэрээгээр 2014 онд ирсэн аппаратууд шинэ өргөтгөлийн зоорийн давхарт шаардлага хангасан байшин баригдах хүртэл ХСҮТ-д тусдаа агуулахад хадгалж байна. Нийт 16 тонн жинтэй аппарат тоног төхөөрөмж аж.

Туяа эмчилгээний шинэ тоног төхөөрөмжийг ХСҮТ-д суурилуулах ямар ч боломжгүй. Учир нь уг төхөөрөмжийг хуучин зооринд буюу өргөн нь 2.5 метр бетон ханын дунд байрлуулах зориулалттай. Энэ дагуу ч хавдрын эмнэлгийн өргөтгөлд зориулалтын зоорийг барьсан байна.

2017 оны 10 дугаар сард тус эмнэлгийн орчин тойрны зам, талбайн иж бүрэн тохижилтын ажил хийгдсэн боловч ус зайлуулах хоолой хийгээгүйгээс болж борооны ус их хэмжээгээр зоорийн давхарт орсон гэх тайлбарыг эмнэлгийн удирдлагууд өглөө. Учирсан хохирлыг тогтоохоор мэргэжлийн хяналт болон холбогдох байгууллагууд ажиллаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *