Categories
мэдээ нийгэм

Хоёр толгойг хөдөлгөх засгийн сонирхол хөрөнгө оруулалтад эерэг дохио өгчээ

Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулалтын урсгал 2014 оны сүүлийн гурван сарын хугацаанд тогтмол хасах утгатай байсан. Энэ байдал оны эхний улиралд өөрчлөгджээ. 2015 оны эхний сард хөрөнгө оруулагчид Монгол Улсаас 88.1 сая ам.долларын хөрөнгөө эргүүлэн татаад байсан бол хоёр, гуравдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 15.9 сая ам.долларын хөрөнгө оруулсан гэх статистик байна. Дахин хөрөнгө оруулалтын урсгал сүүлийн гурван сарын хугацаанд буурчээ. Хөрөнгө оруулагчид оны эхний улиралд олон улсын зах зээлд өмнө нь гаргасан өрийн бичигт 0.1 сая ам.доллар эргэн төлсөн байна. Компаниуд олон улсын зах зээлд өрийн бичиг гаргах арга хэмжээг дэлхийн эдийн засгийн ерөнхий нөхцөл байдалтай холбоотойгоор хойшлуулж байгаа гэнэ. Олон улсын зах зээлд өрийн бичиг гаргасан ч “Чингис бонд”-ын хүү болох 4.25-5.25 хувьтай ойролцоо бага түвшинд байх боломжгүй байгаа нь гол шалтгаан болжээ. Хөрөнгө оруулалтын урсгал 2013 оноос татарсаар өнгөрсөн оны сүүлийн улиралд хөрөнгөө эргэн татаад байсан. Гэсэн ч зарим эерэг хүлээлттэй холбоотойгоор зах зээлд өөрчлөлт гарах боломжтой гэж шинжээчид хэлж байна. Таван толгой, Оюу толгойг хөдөлгөх сонирхлыг засгийн зүгээс илэрхийлсэн нь энэ хандлагад нөлөөлсөн гэж тэд онцолж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *