Categories
мэдээ цаг-үе

Хоёр нүүрт зэс

Монголчууд өөрсдийгөө амны хишигтэй улс гэж ярьдаг. Үнэхээр амны хишигтэй. Газрын дээр, доор байгаа баялгаа тооцвол гурван сая гаруй иргэн цөм долларын саятан байх боломжтой. Хэдийгээр нүүрсний экспорт ааштай авгай шиг болсон ч дэлхийн зах зээлд манай хөдөө аж ахуйн түүхий эдийн эрэлт байнга өсөн нэмэгдэж байна. Дээр нь сэргээгдэх эрчим хүчний эрэлт нэмэгдэж байгаа нь манай зэс, уран, газрын ховор элементийн ордуудыг үнэд оруулна. Манайд зэсийн цөөнгүй орд бий. Өнөөгийн байдлаар Эрдэнэт, Оюу толгой компаниуд олборлолт хийж байна. Цаашдаа олон орд илрэх магадлал өндөр байгаа тухай мэргэжилтнүүд ярьдаг. Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд 36.3 сая тонн зэсийн нөөцийг хайгуул хийж тогтоогоод байна. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр манай улсын эдийн засгийн 20 гаруй хувийг бүрдүүлдэг. Тус үйлдвэрийн зэсийн нөөц нь 4.6 сая тонн, харин молибидений нөөц 125 мянган тонн. Гэвч үйлдвэрийн ашиглах нөөц саяхан УУХҮЯ-наас мэдээлснээр гурван сая тонн зэс, 55 мянган тонн молбиденээр нэмэгджээ. Энэ нөөцийг 24 тэрбум ам.доллараар үнэлж буй. Оюу толгой орд нөөц, уурхайн хүчин чадлаараа дэлхийд эхний тавд ордог гэдэг. Тус ордоо 31.1 сая тонн зэс, 1.3 тн алт, 7.6 мянган тн олборлоно хэмээн тооцсон. Өнөөгийн байдлаар Оюу толгой компани баяжуулах үйлдвэрээ барьж эдүгээ туршилтын журмаар ажиллаад байна. Уг баяжуулах үйлдвэр өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Цагаан суваргын ордын лицензийг “МАК” компани эзэмшдэг. 94.7 сая тонн сульфидийн хүдрийн нөөцтэй. Тус ордоос 568.6 мянган тонн зэс олборлох боломжтой. Хэрэв Эрдэнэтийн шинээр илэрсэн гурван сая тонн зэсийн нөөц 24 тэрбум ам.доллар юм бол Оюу толгойн нөөцийг 240 тэрбум доллараар үнэлж болно. Шинжээчдийн үзэж буйгаар өнөөгийн илэрсэн ордууд мөсөн уулын орой гэх нь бий. Учир нь Монголын газар нутгийн 20 хүрэхгүй хувьд л хайгуулын ажил хийгдсэн. Өнөөгийн Монгол төрийг самраад байгаа зэсийг төрийн ба хүний гэж хоёр хувааж болно.

ТӨРИЙН ЗЭС

Мэдээж төрийн зэс бол Эрдэнэт үйлдвэр. Монголын авлигын голомт болсон энэ үйлдвэрийн ашиг хэд гэдгийг бодитоор хэлэх хүн өнөөдөр алга. Түүгээр зогсохгүй хэний өмч нь ч мэдэгдэхээ больсон. Монголын улстөрчийг авлигач болгосон төрийн зэс худалдах гэрээ нь л хэдэн тэрбумын ашигтай гэдэг. Дээр нь оросуудаас 49 хувийг авчирсан залуус эх орончид уу, эх захаа алдсан луйварчид уу гэдэг нь тодорхойгүй өнөөдрийг хүрч байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр Эрдэнэтийн 49 хувийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд төсөвт төлөх татвар 30 гаруй хувиар нэмэгдэх боломжтой. Өнөөдөр Монголын намуудын мөрөөдөл Эрдэнэт, Таван толгой тэргүүтэй төрийн мэдлийн ордууд бол улстөрчдийнн мөрөөдөл лиценз болсон гэхэд хилсдэхгүй. Эрдэнэт үйлдвэрийн ажилчид дэлхийн ижил төстэй үйлдвэрүүдтэй харьцуулахад хамгийн бага цалин авдаг, энэ үйлдвэрт шилэн дансны хууль үйлчлэхгүй, техник технологи хоцрогдсон гээд олон муу мэдээ байдаг. Энэ үйлдвэрт өчнөөн тэрбумын шахааны асуудал яригдсаар ирсэн. Харин 49 хувь нь хувийн компанид өгсөнөөс хойш улстөрчдийн шахааны талаарх шуугиан эрс багассан тал бий. Газрын теннисний талбайгүй боловч найман мянган ширхэг газрын теннисийн бөмбөг шахсан гэсэн мэдээллийг шалгах газар байхгүй гэдэгт итгэхэд бэрх. Хүний санаанд оромгүй мэдээлэл сошиалаар зураг хөрөг, тоо баримттайгаа гарсаар байгаа ч өнөөдөр хуулийн байгууллага үнэн эсвэл худал гэсэн мэдээллийг өгөөгүй байна. Эрдэнэт бол аль хэдийнэ өртгөө нөхсөн үйлдвэр. Ашиг бол хангалттай. Гэтэл үйлдвэрийн удирдлагууд байнга техник, технологи шинэчлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай хэмээн гомдоллодог. Гэтэл шахаа нь үнэн бол хангалттай хөрөнгө оруулах боломж байгаа нь харагдана. Эцэстээ энэ үйлдвэртэй холбогдсон асуудал улс төр бол хувирч байна. Ерөнхий асан С.Баярын үед “Жаст”-ын Ш.Батхүү Эрдэнэтийн 51 хувийг барьцаалж зээл авсан байдаг. Зээл авсан банк Хятадын мэдэлд очсон мэдээлэл бий. Харин сүүлийн үеийн мэдээгээр нөхөр Ш.Батхүү Эрдэнэтийн 49 хувийг биш зэс худалдах гэрээгээ л барьцаалсан тухай яриа гарсан. Түүний авсан зээл 100 сая ам.долларын өрөнд Монголыг унагаж байгаа нь зэс нь худалдааны гэрээнээс үнэтэй гэсэн үг биш. Харин зэсийн борлуулалтын орлогыг л хэд дахин дардаг гэсэн харыг төрүүлнэ. Өнөөдөр Эрдэнэтийн үйл ажиллагаа ямар хуулиар зохицуулагдаж байгаа нь тодорхой бус. Учир оросуудтай байгуулсан гэрээ хүчинтэй эсэх, Дээд шүүхийн гаргасан шийдвэрийг УИХ биелүүлэх эсэх нь тодорхойгүй болов. Энэ үйлдвэр өнөөдөр улстөрчдийг ачуулаад зогсохгүй Монгол Улсын хууль эрх зүйн өвчин болж хувирч байна. Монгол төрийг сүйрүүлж мэдэх энэ үйлдвэрийг цэгцлэх ганц арга бол Эрдэнэтийн хувьцааг биржээр арилжаалах гэж зарим эзийн засагч үздэг.

ХҮНИЙ ЗЭС

Оюу толгойн тоо баримтыг нийтлэлч Баабар саяхан манай сонинд дэлгэрэнгүй нийтэлсэн. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Анхнаасаа би Ерөнхий сайд С.Баярт Монголын тал хувь эзэмшээд хэрэггүй гэсэн санал тавьж байсан. Гэтэл нийгэм хүлээн зөвшөөрөхгүй. Тэгвэл барууны хөрөнгө оруулалт орж ирэхгүй гэсэн” хэмээн ярив. Эндээс харвал тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярт 34 хувийг авах эсвэл нэг ч долларын хөрөнгө оруулалтгүй үлдэх гэсэн хоёр сонголт үлдсэн нь анзаарагддаг. Үнэн хэрэгтээ түүнд сонголт байгаагүй. Дотоодын дарамтыг зөөллөхийн тулд л 34 хувийг авч “Рио тинто”-гийн аманд унасан юм. Зах зээлийн эдийн засгийн хувьд монголчууд лицензээ хувьцаалж болох байсан. Гэхдээ бид Оюу толгойтой толгойгүй амьдарсаар л ирсэн. Бэрдийн нүдэнд далай харам гэгчээр өнөөдөр Оюу толгойг маш их мөнгө гэж харахаасаа илүүтэй өндөр хөгжилтэй орны соёл иргэншил, бизнесийн зарчим, техник технологийн нутагшил гэж харсан нь бидэнд өлзийтэй тусна. Оюу толгойн гүний уурхайн өрөмдөх машин нь дэлхийд хоёрхон байдаг. Нэгийг нь Чилид болсон ослын үеэр хэрэглэсэн гэдэг. 1000 метрээс доош гүнд өрөмддөг машин Монголд ажиллаж байгаа нь дэлхийн уул уурхайн акулуудын анхаарлын төвд байна. Дэлхий монголчуудыг Чингис, 1990 оны цуглаан, самбо, сумогоор л мэддэг байсан. Харин өнөөдөр санхүүгийн том гарууд өдөр шөнөгүй ажигладаг болсон. Өнөөдөр “Рио тинто” Монголд байх эсэх асуудал яригддаг. Гараад явж болно. Мэдээж эзэн нь өмнөх хөрш болно. Гэхдээ технологио аваад л гарна. Өөрөөр хэлбэл дэлхийд хоёрхон байдаг машины нэгийг хятадуудад орхихгүй. Гэсэн хятадууд түүнийг нь ямар ч үнээр авч чадна. Тэдэнд газрын гүнд байгаа зэс биш, Монголд өөрийн гэсэн бүс байх л сонирхол бий. Бидний ад үзээд байгаа “Рио тинто” цаашид үйл ажиллагаа явуулах нь дараа дараагийн олон том ордыг ашиглах замыг нээж өгнө. Энэ компани 2012 – 2018 онд улсад өгсөн татвар хураамжаас гадна Өмнөговь аймагт үндсэн болон дэд бүтцийг барьж байгуулахад 400 шахам тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

ТАНИХГҮЙ ЗЭС

Саяхан УИХ дээр гарсан хэрүүл хөрөнгө оруулалтыг таг зогсоох шалтгаан болно. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Цагаан суваргын ордоо буцааж өг” гэсэн санал, заналхийлэл хоёрын аль нь мэдэгдэхгүй загнав. Хэрэв УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тус ордыг хуулиар авсан бол Ерөнхий сайд булааж авах эрхгүй. Хууль бусаар авсан бол Ерөнхий сайдгүйгээр дээлээ нөмрөх учиртай. Бид хүний болон төрийн зэсийн нийгэмд үзүүлж байгаа нөлөөллийг мэднэ. Ерөнхий сайдын хэлсэн үгнээс болж ямарч тохиолдолд Цагаан суваргын ордод хөрөнгө оруулах сонирхол гадныханд төрөхгүй л болов уу. Учир нь “УИХ-ын гишүүн бизнес хийж чадахгүй байхад бид хөрөнгөө оруулах нь элсэнд ус асгахтай адил хэрэг болно” гэж тэд болгоомжилно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *