Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хоёр Алтайн өвөрт

Амралтын эхний өдрөө л баруун тийш аянд дөрөөлөв. Аав, ээжийн уугуул аймаг сум бий ч хотод орж ирээд удсан тэднийгээ дагаад, тэгээд ч дөрвөн уулынхаа дунд төрсөн болоод ч тэр үү, ер нь уугуул суугуул нутаг ус гэж аминчирхдаггүй, очихноо ч тулсан ах дүүс үгүй хүн л дээ. Харин сүүлийн 15 жилийн хугацаанд ханиа дагаж, нутаг усанд нь очсоор өөрийгөө Ховд чигт хамааруулахнаа ч хачирхахааргүй болчихсон байж магадгүй юм. Бүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүйн үлгэрээр хүүхнүүд хэтдээ нөхрийнхөө аймаг сумаар овоглогдох нь бий. Хоёр жилийн өмнө гэр бүлийн хүний ахан дүүс Гомбосүрэн зангийнхан ургийн баяраа хийж, нутаг орондоо шүтээн өргөж, наадам хийгээд 2015 онд болох сумынхаа 90 жилийн ойгоор бүгдээрээ ирнэ ээ гээд тараад явж байсан билээ. Цаг хугацаа ч дорхноо юм, хүүхдүүд ч хөдөө явахаа хуруу тоолоод эхлэх нь товлолт цаг дөхөөд ирснийх биз ээ. Ингээд манай гэр бүл жолоочийн хамт тавуулаа Ховд аймгийн Чандмань сумын ойн баярт оролцохоор халуу шатсан долдугаар сарын сүүлчээр нийслэл хотоосоо гарсан юм. Биднийг гардаг өдөр Улаанбаатар хотод хувин, биш ээ, торх торхоор цутгах мэт асгарсан их бороо шаагиж, хотын гудамж тэр чигтээ эзгүйрч, хүмүүс бөөн бөөнөөрөө бээвийсэн болжмор мэт борооноос нөмөрлөж зогссон сонин өдөр байлаа. Наадмын халуун өдрүүдэд хаачихаа мэдэхгүй байсан хотынхон тэр өдрөөс хойш сар шахам бороонд норсон гэж дуулдсан. Харин бид бороо шаагисан хотоосоо гарч, халуу шатсан баруун хязгаарыг зорьсоор. Уг нь Архангай аймгаар дайрч, Завханаар ороод Ховд руу дөхөх эхний хөтөлбөртэй гарсан ч түрүүлж гарсан ах дүүс маань хойд зам шавар шавхай ихтэй бас А92 бензин ч олдохгүй байна гэж мэдээлэл хүргэснээр хүргэн ах Амгалангаар толгойлуулсан манай багийнхан төв замаар явах боллоо. Айвуу тайван амарч, хоноод очноо гэсээр гурван машин ханьсан явсан нь тэр. Өвөрхангай өнгөрүүт нэг хоноод, өглөө дорхноо Баянхонгорт хүрч, Бөмбөгөр сум, Бууцагаанаар орсоор Говь-Алтайн нутаг руу ороод явчихлаа. Хоёр жилийн өмнө дайрахад шинэхэн зүссэн модны үнэр ханхийж, шинэ сум төслөөр бүтээн байгуулалт хийгдэж байсан Бууцагаан сумаар дахин дайрахад нүдэнд харагдаж гарт баригдтал шинэ сум төсөл мэдрэгдсэн нь үгүй. Ерөөсөө хэвээрээ, бүр хуучнаасаа ч дээрдээгүй юм шиг. Үгүй л байгаа даа. Энд тэндхийн гүүрнүүд эвдэрснээс зам хайж эргэлдэх машинууд харагдана. Жолоочийн маань хэлснээр тендерээр баригдаад удаагүй л гэлцэх юм.

Шаргын говь, Хүйсийн говийг машины хөгжмийн хуурцаг дахь зохиолын дуучдаа дагаж дуулсаар өнгөрөөлөө. Баянхонгорт замын гэр хоолны газарт аяга гурилтай шөл идсэнээс хойш охин бид хоёрын дотор жаахан эвгүйрхэх болсон билээ. Цуйван идсэн эрчүүд зүгээр байдаг, харин охид баахан баргардуу. Хоол хийж байгаа үйлдэл бүрийг нь хараад сууж байснаас үүдэн дотор эвгүйрхлээ гэж би дүгнэсэн бол жолооч Тайванаа ах маань хол замд дуулж, доторхоо гаргаж явдаггүй бол ингэх гээд байдаг юм гэсэн билээ. Тэгээд л номонд бичигддэг тэр говиудыг дуулж барсан нь тэр гэх үү дээ.

Хэдхэн хоногийн дараа 90 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа Чандмань сумынхан үүднээсээ л өнгө засаад сайхан харагдана. Нутаг усандаа халуун сэтгэлтэй Д.Ганхүү, С.Гансүх нарын хүмүүс сумын угтах хүндэтгэлийн үүдийг сүндэрлүүлж аргаль,тэх өөд өөдөөс нь уулзуулан цутгасан баримал бүхий гоёмсог талбай тохижуулжээ. Үнэндээ ч Алтайн энэ л уулсад аргаль угалз, янгир тэх нь харайлддагийг мэдэх. Тэнд л чихээ хулмайлган хатирах бөхөнг олноор харж чадах билээ. Чандмань сумынхан 90 жилийн ойгоо долдугаар сарын 29, 30-ны өдөр тэмдэглэхээр тов тараажээ. “Сум орон нутгийн удирдлагууд энэ үүдэн дээрээ сүү хадаг барьсан Дүүриймаа нар зогсоож, нутагтаа ирж буй ах дүүсээ тосон авах гэсэн юм дуулдсан шүү. Та нар эрт ирсэн болохоор алга байна. Удахгүй угтах үйлчилгээ эхлэх байх” гэж нуг нуг хөхөрч суусан нутгийн хүний яриа үнэн байжээ. Нээрээ л наадам дөхөөд ирэхэд сум руу орох үүд талбай ихээхэн хөлтэй болж эхлэв. Сураг дуулахнээ, түрүүлж ирсэн зарим нь биднийг угтаж аваагүй гээд бяцхан тунирхаж, буцаж машинтайгаа очоод угтуулж авахуулсан гэнэ. Найрсал, хүндлэлцлийн л илэрхийлэл юм даа. Бас сум орон нутгаас өрөө байр, гэр сав боломжоороо бэлдээд нэг өрөө өгөхөд хоёр өрөө авна гэх нь ч байсан гэх. Ер нь ийм нэг яриа манайхан дунд их гардаг. Өнгөрсөн жил түгээмэл болсон сумдын 90 жилийн ойн наадмуудаар цуврал хошин шогийн ном гаргахад ч бэлэн зүйлс их сонстож байсан билээ. Харин тэр бүгдтэй харьцуулахад Чандмань сумын наадам зохион байгуулалт сайтай, дэгтэй болох шиг санагдсан. Тэгээд ч тэр олон хүнийг хэнийг нь хэн гэж хүлээж авах билээ дээ, өөрсдөө л майхан саваа авч очоод нутаг усандаа очиж, баясч бахархаж өөрсдөдөө ч, өрөөлд ч түвэг бололгүй наадаж, амраад ирж байвал зүгээр санагддаг.

Сумандаа очсон өдрөө хань маань дагуулан явж, хүүхэд байхдаа тоглож гүйсэн ширэг дэвсэг, орой дээр нь гарч ямаа харуулддаг байсан дов толгод дээрээ аваачлаа. Тэгэхдээ “Чи Урд голыг минь юу гэж хэлж байлаа” гэж байна. “Урд гол” эсээг нь хүмүүс мэдээд байх шиг байдаг. Уншсанаас л тэр биз. Урд голоо өгсч нэг, уруудаж нэг явснаар хүүрнэж хөтөлсөн зохиомжтой. Тэрхүү бүтээлээр нь Урд голыг илүүтэй мэдэх болсноор би уянгалаг тэр гол сумын хаагуур урсдаг байж болох вэ гэж олж ядаад асуухад “Яагаав, Аагаагийн гэрийн хажуугаар урсдаг даа” хэмээн хариулсан юм. Тэсэлгүй “Аль, нөгөө жижигхэн ус уу” гэж асуусныг маань марталгүй санаж явдаг байх нь шүү. Бас “Бундан зүрхний Дүмбэн”-г нь уншчихаад хаана байна гэж заалгачихаад бас алдас болсон удаатай . Ер нь хүн гэдэг нутаг усаараа тэжээгдэж, тэтгэгдэж явдаг шигээ нутаг ус, уул талаа алдаршуулж магтаж явдаг амин шүтэлцээтэй юм даа гэдгийг тэгж ойлгосон билээ. Нутаг усаа гэх чин сэтгэлд горхи булаг ч мөрөн мэт, толгод гүвээ ч оргил сүмбэрээр бодогддог нь тод ажээ. Хэрэг дээрээ ч голын эх горхи, уулын эх бэл л билээ дээ.

Харин энэ удаад амьхандаа “Намайг бас ойлгох хэрэгтэй ш дээ. Би чинь гол гэхээр Туул гол бүр багадаа Сэлбэ голыг харж өссөн болохоор тэгээд хэлчихсэн хэрэг” гэж өөрийгөө өмөөрч, дэргэдээ булагтай, ширүүхэн бас шимтэйхэн урсдаг Урд гол үнэхээр ч сайхан гол юм гэж өөртөө хүлээн зөвшөөрсөн билээ. Хүүхэд байхдаа өөр өөрийнхөөрөө оноосон хомоол усанд уралдуулж тоглодог байсан гэсэн нь одоо ч хэвээр. Харин уралдааны “морь” нь төрөл бүрийн өнгөтэй ундааны бөглөөнөөс эхлээд сонголт нь арвин болжээ. Бас гийнгоолж, хомоолон морио урагшлуулдаг байсан тэдний үе алсарч Урд голоо дагаж, онгоц уралдуулах жаалууд “Дагз минь яваад өгөөч” гэж “урам” нэмэх юм. Тэрийг нь сонсохоор твиттерийн ертөнцөд нэгнээ ац, дагзаар нь дуудах иргэншсэн ертөнцийн нөхөд санагдана. Цаг, цагийн аяс гэж энэ.

Аймгийн төвд зулай цоортол халуун төөнөж байсан бол Чандмань суманд арай сэлгээтэй ажээ. Өнөө жил бороо хуртай, байгаль дэлхийн гарц сайхан байгаа ажээ. Анх айлын бэр болоод нутагт нь ирж байхад, жигтэйхэн гантай жилүүд үргэлжилж байсныг санаж байна. Тэгэхэд нөхрийн маань өвөө буюу бидний дууддагаар хөгшин аав маань “Уг нь манай Алтай сайхан нутаг. Өнөө жил л жаахан ийм байна” гээд өөрөө буруутай юм шиг, цайруулж суусан сан. Нутаг ус нь зон олноо тэтгэдэг, тэд нь алдаршуулж, өмгөөлж өмөлздөг гэдэг л үнэн юм даа.

Чандмань сумынхан хөөмийн өлгий гэдгээрээ алдартай. Ховдын хоёр халх сумын нэг. Монголын нэртэй сайн хөөмийчид эндээс л төрж гарсан байдаг. Бас Чандмань сумаас сайн сайн бөхчүүд төрж гарсан байдаг. Ч.Бямбадорж, Ч.Батзориг заан гээд.

Ерэн жилийн ойн үзүүр түрүүнд улсын баяр наадмаар нэр нь яригддаг Б.Пүрэвсайхан, Н.Батзаяа нар үлдэж байна гэдэг нэгийг хэлнэ. Аль, аль нь энэ сумын хүүхдүүд болохоор түрүүлчих хүсэл байсан биз. Увсын наадмаар түрүүг нь авахаа шахсан Б.Пүрэвсайхан сумынхаа ойн барилдаанд түрүүлсэн билээ. Хэрэв түүнийг Увсын наадмын түрүүг авчихсан байсан бол Чандманийн наадмаар Увсын бөхчүүд бөөнөөрөө ирэх байсан биз гэсэн явган яриа энэ тэрүүгээр чих дэлсэх нь бөхөө тойрч ярьдаг монгол наадмын нэг хэсэг нь л энэ байх даа гэж бодогдуулж байлаа. Тэртээ баруун хязгаарын 1500 км-ийн зайтай газар морио уралдуулахаар Төв аймгаас морио ачаад ирсэн хүмүүс байна гэхээр манайхан ч зуны хэдэн сарыг яахын аргагүй наадаж өнгөрөөдөг улс ажээ. Чандманийн наадам эрийн хоёр наадамтай явж ирснийг нөхрийн ах дүүс болох “Цэцэгт Олхонуд” овгийнхон эрийн гурван наадам болгосон нь энэ наадмын бас нэгэн өнгө байлаа. Т.Галхүү ах маань өнгөрсөн хавраас эхлээд сур харвааны эд хэрэгсэл, нум сум яриад явсан нь учиртай байжээ. Чандмань сумын цэнгэлдэх хүрээлэн тун хөөрхөн. Эргэн тойрондоо модтой. Сумын наадмын үйл ажиллагаа сунжруухан болж, хүмүүс эхнээсээ цэнгэлдэхээ тойрон нэг нэгтэйгээ уулзалдаж хөөрөлдөх нь жинхэнэ сумын наадам гэдэг тэр ажгуу. Олон жил уулзалдаагүй хүмүүс нэгнээ харж баясч, зарим нь таньж ядан, зарим нь хэвээрээ байгаагаа ярилцана. Радио узель дээр тэдэн оны төгсөлтийнхөн тэнд уулзацгаая гэсэн зар сонсогдоно. Чухамхүү энэ л сумын наадам, тэр дундаа 90 жилийн ойгоо хийж буй сумын наадмын өнгө ажээ. Харин таних хүнгүй мань мэтийн хүргэн, бэрүүдэд цэнгэлдэхээ тойроод хэлхэлдээд байгаа нь жаахан ойлгомж муутай мэт. Тэгээд анги, ангиараа уулзалттай гээд хэдэн хүүхэд, хөгшид үлдээд бусад нь таран одох нь бүр амаргүй. Гэхдээ энэ л миний Монголын гурван зуу гаруй суманд онцлох жилүүдээр тохиодог сумын наадам билээ л. Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан Чандмань сумын уугуул. Сумандаа шат шатны бүх ажлыг хийж, сумын даргаар ажиллаж байсан тэрбээр аймгаа толгойлон удирдаж байгаа. Тиймээс Чандмань сумынхан аймгийн даргатайгаа илүү хүртээмжтэй наадамласан нь энэ.

Энэ нутагт ирэх болгондоо хүн зон нь байгалийн их шалгарал дунд тэсвэр тэвчээрийг заан амьдардаг мундаг улс юм даа гэж эрхгүй бодогддог юм. Ирэх замдаа Завхан, Архангай, Өвөрхангайгаар дайрахдаа харьцуулан хараад улам бүр тэгж бодов. Өндөр уулаадаа гарч зусч, малаа дагаж тэсгим хүйтэн, аагим халууныг давна гэдэг амаргүй. Халуунаас нөмөрлөх ширхэг модыг ч тэндээс олохгүй. Түлээ түлшийг харганаар орлуулна. Гэхдээ сүрлэг их уул харж, тэр их уулсын зулай дээр нь гишгэж амьдарна гэдэг бас ховорхон заяа биз ээ. Чандмань нутгийнхан найр наадмын нарийн дэг жаягтай хүмүүс. Түүнийгээ ч нарийн чанд дагаж ирсэн уламжлалтай ажээ.

“Хоёр Алтай нутаг минь цэнхэртэн найгаад байна

Хошууны олон түмэн минь ялгамж юуны билээ” хэмээн Бумбат, Жаргалант хоёр хайрхнаа онцолж, нутгийн түмэн олныхоо эв найрыг бэлгэдэн дуулж найр наадмаа эхлүүлдэг ажээ. Бид наадмын хоёр өдрийг суман дээр өнгөрөөгөөд Дөргөн нуурын хөвөөнд амарч зугаалахаар очсон юм. Зөөлөн атлаа, эрчлэг бидрээтэй Дөргөн нуур бол гайхалтай үзэсгэлэнтэй. Ховдын холбоо гурван нуурын хамгийн жижиг нь атлаа намбалаг намуухан нь. Нууран дээр удалгүй уул өгсөх болсон нь дараагийн ажил товлогдсоных. Бага авга ахын охиныг хүн гуйж ирэхээр болсон учир ах дүүгээрээ Бумбат хайрхнаадаа өгсч, далайн түвшнээс хоёр мянган гаруй метрийн өндөрт зусланд нь очихоор болов. Бэр гуйгсад гэрээсээ шөнийн гурван цагт гарах ёстой, гэтэл айлдаа өглөөний долоон цагаас өмнө орж ирэх ёстой гэж дуулдав. Дөрөв, таван цаг явна гэж юу байхав. Хүүхэн гуйх гэж байгаа хүмүүс жалганд үүр цайтал суух нь сууж, хэвтэх нь хэвтэж байгаад зургаан цаг өнгөрөөгөөд ирчихсэнээ хожим ярьж суух. Орж гарах цагийг нарийн заадаг монгол үйл заншил гэж. Гэр нар зөв тойроод машинтай улс буух нь бэрийн гуйлгаар ирсэн хүмүүс ажээ. Найр наадмын нарийн дэг гэдгийг энд л харах шиг болсон доо. Цай цүү, идээ будаа хүртээгээд, дараа нь бүхэл мах зооглуулна, хоол барих болоогүй л гэнэ, цаад талын хүмүүс дуулах гурван дуугаа дууллаа, одоо тийм идээ будаа оруул л гэнэ. Хүргэнийх хойд голынх ажээ. Өөрөөр хэлбэл, хоёр Алтайн нэг Жаргалант хайрхнаар нутагладаг хүмүүс. Үеэл Бат-Өлзийгийн гэргий Уранчимэг бас л хойд голынх. “Тэрбээр нутаг ус руугаа хамтдаа ирээд сайхан л байдаг юм. Харин ирсэн хойноо нэг нь урд уул руугаа, нөгөө нь хойд уул руугаа явах гээд асуудал эхэлнэ дээ. Одоо манайхан тэнд хүлээсээр байгаа” гэх нь гэрийн эзнээ дагах гэргийн хүлээцтэй зангийнх байлаа. Ийнхүү жилийн гурван зуу гаруй хоног нам гүмхэн байдаг ууланд нь гурав, дөрөвхөн өдөр бужигнаж, бужигнасан гийчид буцлаа. “Та нарыг ирэхэд хичнээн сайхан, буцсаны чинь дараа эзгүйрээд амаргүй шүү” хэмээн нутгийн халамцуухан эр уйлаад байсан үнэн ажээ. Надтай адил энэ айлын бэрүүд болсон Даариймаа, Баяа хоёр бэргэн маань нулимс дуслуулсаар, “Хайртай шүү” гэж аяархан шивнэсээр үлдсэн билээ. Хоёр Алтайн өвөрт ийн ирж очсоор, очин ирсээр байх амьдрал Чандманьчуудынх аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *