Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ховордоод буй доллар “Найман шарга”-ын ченжүүдийн гарт цаас шиг эргэлдэж байна DNN.mn

-Найман шаргын ченжүүд арилжааны банкны албан тушаалтнуудтай хамтарч долларын бизнес эрхэлж байна гэв үү-


-Цүнх үүрээд эргэлдээд байсан нөхөр хэдийг сонирхоод байгаа юм бэ. Дээрээс хойш холхилоо?

-Мөнгөтэй юм шиг байна аа. Олдох хэмжээгээр нь л авъя гэж байна. Сая 5000-ыг цүнхлээд гарлаа. Удахгүй буцаад ирнэ гэсэн. Санхүүгийн зохицуулах хорооныхон эргэлдээд байхаар нь явчихлаа…

Валют арилжааны “Найман шарга” худалдааны төвийн гудамжинд тамхилах ченжүүд хоорондоо ийн хөөрөлдөөд цааш эргэв. Энэ зах валют авах, зарахаар зэхсэн хүмүүсийн хөлд дарагдаад уджээ. Арилжааны банкнууд долларын гүйлгээнд хязгаарлалт тогтоох болсноор доллар хэрэгтэй хэн бүхэн энэ захаар гүйлдэж байна.

Хажуугаар зөрөх хүмүүсийн яриаг тандвал долларын ханш л сураглана. Тэмээний ноосон цамц өмсөж, хүрэн кепек духадсан том гэдэстэй хижээл насны эр доллар сурсан нэгний өөдөөс “Мөнгө чинь хаана байна. Хүссэн хэмжээгээр чинь гаргаад өгье” гэж пээдэлзэх. Энд валют авах зарах үнээ ил нээлттэй хэлэх нэг ч хүн алга. Хүзүү, сээрээрээ нийлж хэлхэлдэж ойролцоох машин руу ороод л хэлхгэр цүнх үүрээд гарч ирнэ. Цааш орж валют арилжааны лангуугаар шагайвал гандангийн үүд шиг тайван байна. Лангууны ард суух худалдагчид коридороор холхих нөхдүүдийг тоож байгаа ч шинж алга. Тэд Санхүүгийн зохицуулах хорооноос ирэх шалгалтын чимээгээр ханшийн самбаруудаа бүгд өөрчлөөд суугаа нь энэ аж. Худалдагчдаас ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг тандвал өнөөдрийн (өчигдөр) байдлаар 3170 төгрөгөөр зарж байгааг онцлов. Лангуунаас 1000-аас дээш долларын гүйлгээ хийхгүй байгааг хэлж байлаа. Дотор холхих хүмүүс ч шалгалт шүүлэг ирэх сургаар тарж бутраад алга болсныг худалдагчид хэлж байв. “Мөрөөрөө ажлаа хийгээд сууж байхад л цаг тутам шалгалт шүүлэг гэж үйлчлүүлэгчдийг үргээх юм. Өмнөх эрх баригчдын үед тааваараа л ажилладаг байж. Сүүлийн үед л хяналт, шалгалтынхан ээрээд ажил явуулахгүй, дарамттай байна” гэх гомдлыг худалдагчид мэдүүлж байлаа. Санхүүгийн зохицуулах хорооноос очсон мэргэжилтнүүд валютын нөөц, гүйлгээг нь шалгадаг гэнэ. Шалгалтынхны чимээгээр тарж бутраад алга болж байгаагаас нь анзаарвал нөхдүүд “НО”-той ч юм шиг.

Цонхоор нь “Найман шарга”-ын гудамж руу нүд бэлчээвэл өнөөх л доллар сурагласан нөхдүүд ченжүүдтэй уулзаж байгаа бололтой. Энд тэнд хэд гурваараа жиг, жуг гэцгээж дохио зангаагаар ярилцаж байгаад л ойролцоох машин руу орчихно. Төд удалгүй цүнх үүрээд гарч буй зураглал хаа сайгүй харагдана. Доллар нүдний гэм болсон ийм үед цаг “Найман шарга”-ын гудамжинд зогсдог ченжүүд “Мөнгөө аваад ир. Хүссэн хэмжээгээр чинь гаргаад өгье” гэж зогсож байгаа нь анхаарал татсан юм.


Ченжүүд 5000 АМ.долларыг нүд ирмэхийн зуурт зохицуулаад өгдөг


Доллар сурагласан хүмүүсийн байр суурийг сонссон юм.

-Долларын олдоц хэр байна вэ?

-Их хэмжээгээр авахад үнэтэй хэлэх юм. Мөнгөтэй цөөхөн хүмүүс нь ирээд л аваад явчихаж байна. Бага хэмжээгээр зарах сонирхол ченжүүдэд алга. Өнөөдөр банкнууд долларын гүйлгээнд хязгаарлалт хийгээд байна. Доллар хэрэг болсон бүхэн ийшээ ирж ченжүүдийн хэлсэн үнээр нь авахаас өөр сонголт алга.

-Ченжүүд юу гэж байх юм?

-“Ченжүүд мөнгөө гаргаад ир ээ. Хүссэн хэмжээгээрээ ав” гэж хэлж байна. Над шиг хэдэн зуун доллар хайсан хүнийг тоох ч үгүй юм. Би хэдэн цагийн турш энэ хавиар эргэлдлээ. Нэг ченжээс хамгийн багадаа л 3000 ам.доллар гарч байна. Тэрнээс дээш хэмжээтэй сонирхсон хүнд бол хэд хэдэн ченжүүд нийлж байгаад л гаргаад өгчих юм. 5000 ам.долларыг бол нүд ирмэхийн зуурт зохицуулаад өгч байна. Харин ханш нь доторхоосоо харьцангуй өндөр. 3200-аас л дээшээ, доошоо хэлбэлзэж байна” гэв. Ховордоод буй ам.доллар “Найман шарга”-ын гудамж дахь ченжүүдийн гар дээр цаас шиг эргэлдэж байгааг энэ хавийнхан дуу нэгтэй хэлж байна. Нөгөө талд арилжааны банкнууд долларын гүйлгээнд хязгаарлалт тогтоож 1000-ааш дээш долларын гүйлгээг хязгаарлаад байгаа юм. Зарим тохиолдолд итгэлтэй үйлчлүүлэгчдэдээ л бага хэмжээгээр гаргаж байгааг банкныхан ярьж байна.

Арилжааны банкнуудад үүссэн нөхцөл байдлын талаар Монголбанкнаас тодруулахад “Арилжааны банкнууд харилцагчидтайгаа өөрсдөө арилжаагаа хийдэг. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед иргэдийн зүгээс гомдол их гарч байгаа. Тодруулбал валютын гүйлгээнд лимит тогтоосон талаар. Үүнийг Монголбанкнаас лимит тогтоож байна гэж ойлгодог. Монголбанкны зүгээс валютын арилжаанд лимит тогтоодоггүй. Банкууд харилцагчдадаа олгох валютын лимит тогтоох нь өөрсдийнх нь дотоод асуудал. Иймд Монголбанкны зүгээс банкнуудад холбогдох анхааруулга өгнө” гэх тайлбар хэлж байна.

“Найман шарга” орчмын зарим хүмүүсийн ярьж байгаагаар бол арилжааны банкнууд гүйлгээнд хязгаарлалт тогтоож “дарсан” ам.доллараа эндхийн ченжүүдээр дамлуулж зараад байгаа гэнэ. Тодруулбал, арилжааны банкнуудын албан тушаалтнууд “Найман шарга”-ын нөлөө бүхий ченжүүдтэй хамтарч хууль бус бизнес хийж байж болзошгүйг хэлж байгаа юм. Эндхийн ченжүүд ч “Мөнгөө бариад ир. Хүссэн хэмжээгээр чинь өгье” гэх нь үүнийг баталж байх шиг. Эндхийн ченжүүдээс үнэ цохиж авсан долларыг хойш нь цүнх цүнхээр нь зөөж байгааг хүмүүс ярьж байна. Долларын гүйлгээнд лимит тогтоож, үнийн хөөрөгдөл бий болоход голлох нөлөө үзүүлсэн арилжааны банкуудаас тодруулга авахаар хандахад мэдээлэл өгөхөөс эрс татгалзлаа. Үүнээс гадна цахимд “Доллар авна, зарна” гэх зарын группүүд нийтлэг тааралдаж байна. Энэ группүүдэд доллар авах, зарах зараар дүүрчихэж. Тэд гол төлөв тролл хаягнаас зар байршуулжээ. Тодруулбал, “50.000 ам.доллар бэлэн зарна” гэх зар ч тааралдаж байна. Зарын доор бусад нь өтний ялаа шиг л шавах аж. Энэ бүхнээс анзаарахад долларын ханшийг “Найман шарга” захын гудамжинд зогсдог эрхэлдэг ченжүүд тодорхойлж байна. Тэдний гараар дамжсан доллар хойд хөрш рүү чиглэж байгааг эдийн засагчид ч онцолж байгаа юм. Энэ явдал даамжирвал дотоодын нөөцийг хойш нь зөөгөөд шавхах эрсдэл тулж ирснийг ч тэд хэлж байгаа.

Долларын ханш өдрөөс өдөрт гэрлийн хурдаар өсч байгаа цаг үед зохицуулах чиг үүрэгтэй Монголбанкны зүгээс дорвитой арга хэмжээ авахгүй явсаар нөхцөл байдал ийм дээрээ тулж ирлээ. Монголбанкны зарим албан тушаалтнууд нь ч ченжүүдтэй холбоо, сүлбээтэй байж болзошгүйг ч эх сурвалж дурдлаа.

УИХ-ын гишүүн, Төсвийн Байнгын Хорооны дарга Ч.Хүрэлбаатарын зүгээс “Монгол Улс валютын хоёр ханштай болчихлоо. Энэ бол Монгол Улсад сүүлийн 20 гаруй жил үзэгдээгүй тохиолдол. Ханш унаж байгаа нь импортын бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөөд байна. Мөнгөний бодлогоо зөв болгож, түргэн шуурхай ажиллах шаардлагатай байна. Инфляцид мөнгөний бодлого хамаагүй гэж ярьдаг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарт хариуцлага тооц гэж удаа дараа хэлж байна” гэх байр суурийг илэрхийлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *