Categories
мэдээ цаг-үе

Ховор хувь тавилан буюу ихэр хүүхдүүдтэй Д.Энхтөрийнх

“Манай хэд гэрийн хаалгаар яваад оронгуут өөдөөс наймуулаа гүйлдээд ирнэ шүү дээ. Хоёр багаас эхлээд том, жижиг гэхгүй нэгэн зэрэг дайрна. Хурга, ишиг нийлж байгаа юм шиг л шуугиан болно. Хэн хэнээсээ түрүүлж үнсүүлэх гэнэ. Багачууд нь томчуудынхаа гар хөлийн аясыг дийлэхгүй унаад уйлалдана” хэмээн хүүхдүүдийнхээ талаар инээмсэглэл тодруулан ярих залууг Д.Энхтөр гэнэ. Тэр бол хүмүүн заяаны ховорхон хувь тавиланг аз жаргалтайгаар туулж яваа залуухан аав. Түүнийг ингэж тодотгон хэлж байгаа нь ийм учиртай. Түүний эхнэр Ц.Ундрах дөрвөн удаа төрөхдөө бүгдэд нь ихэрлэсэн. Найман хүүхдээ хэнээс ч дутахааргүй сайхан амьдруулах гэж, амьдралаа өөрийн гараар бүтээн босгох гэж зүтгэж яваа залуу. Д.Энхтөр манай сонины гэрэл зурагчин бид гурав элдвийг хөөрөлдөж явсаар гэрийнх нь гадаа буюу Сонгинохайрхан дүүргийн “Чухаг 21” хороололд очлоо. Гурван давхрын хүрэн бор хаалгыг аяархан тогшлоо. Том охин Э.Цэцлэн хаалга тайлж өгч байна. Гэтэл “Аав аа, миний аав аа” гээд л хүүхдүүд хар хурдаараа гүйж ирээд нэг нь хүзүүдээд бусад нь бүчээд авав. Хөлд ороод удаагүй хоёр бага охин нь тэнтэр тунтар алхсаар хүрч ирлээ. Гэхдээ хоёулаа уйлаад аавдаа тэврүүлэх гээд гараа сарвайн зогсоно. “Гэгээ, Сүлдээ, Тэмүүжин, Тэмүүгээн буугаарай. Хоёр дүүг нь авахгүй бол болохгүй нь” гэж аавынхаа хэлж байгаа үгийг тоож байгаа шинж ер алга, тэдэнд. Цаанаас ээж Ц.Ундрал “Гадны хүмүүс байхад яаж байгаа юм бэ. Боль та нар” гэж загнаж байж хүүхдүүдээ болиулав. Эмүжин, Энүжин нар хоёр ой арай хүрээгүй болохоороо аавынхаа энгэрээс зүүгдсээр том өрөө рүү орлоо.

Гэрийн эзэгтэй цай, хоол аягалж өгөөд тавгийн идээ ширээн дээр тавиад хэрэндээ л сандарч байгаа бололтой. Хүүхдүүдтэйгээ уулзалдаж, нэг нэгээр нь үнсэж дуусаад Д.Энхтөр бидний хажууд суулаа. Эхнэр нь зэс аяга дүүрэн цай мэлтэлзүүлэн хийж өгөв. Тэрбээр “Бид хэд сэтгүүлчид ирнэ гээд хэрэндээ л сандарлаа. Э.Цэцлэн, Э.Цэцэглэн нар дүү нараа усанд оруулж, угаасан хувцас өмсгөж өглөө. Би чиний дуртай үхрийн өвчүүний махнаас чанаж байна” гээд цааш эргэв. Д.Энхтөр Дуурийн театр, Спортын төв ордонд давхар ажилладаг юм байна. Дуурийн театрт 24 цаг ажиллаад маргааш нь Спортын төв ордонд хонож ажилладаг ажээ. Ингээд хоёр хоног ажиллаад гэртээ хоёр хоног амардаг юм байна.

Эмээ нар нь ихрийн удамтай гэнэ

Бидний сурвалжлага аль нутгийн гаралтай, удам судрын талаарх яриагаар эхэлсэн юм. Мэдээж аль талаасаа ихрийн удамтай болоод дөрвөн удаа төрөхдөө дандаа ихэрлэж байсныг асууж тодруулж, уншигч та бүхэнд хүргэх зорилготой. Гэрийн эзэн Д.Энхтөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын гаралтай юм байна. Аав, ээж нь Баянхонгор аймгаас нийслэл хотноо ирж суурьшжээ. Түүний бага нас Сүхбаатар дүүргийн Зуун айл орчимд өнгөрсөн гэнэ. Гурван хүүхэдтэй айлын дундах, айлын ганц хүү аж. Багаасаа ном унших дуртай хүүхэд байжээ. Дэлхийн болон Монголын шилдэг роман тууж, өгүүллэгүүдээс багагүй уншсан гэж байна. “Миний үеийнхэн 80-90 оны хүүхдүүд ном л их уншдаг байлаа. Одоогийн хүүхдүүдийн адил интернэтээс эхлээд сатаарах зүйл олон байгаагүй. Хааяа театр орж кино, жүжиг үзнэ. Тэгээд бусад цагт нь ном уншина. Уншсан номоо бусдад ярьж өгдөг. Зохиолын баатрыг нь сэтгэл дотроо амилуулдаг байлаа” хэмээн ярив. Д.Энхтөрийн эмээгийн тал ихрийн удамтай гэнэ. Түүний эмээгийн эгч ихэр хүүхэдтэй аж.

Харин гэрийн эзэгтэй Ц.Ундрал Ховд аймгийн Дарви сумынх. Түүний аав дөрвөн настай байхдаа хотод ирсэн гэнэ. Ц.Ундрал хотод Баянхошуунд хүүхэд насаа өнгөрөөсөн байна. Гурван хүүхэдтэй айлын том нь. Хоёр эрэгтэй дүүтэй гэнэ. Мөн л түүний аавынх нь ээж буюу эмээ нь ихэр хүүхэд төрүүлж байжээ. Аавынх нь хоёр дүү мөн ихэр юм байна. Дунд сургуулиа төгсөөд Сувилагчийн коллеж дүүргэсэн байна. Ингээд Эх хүүхдийн эрдэм шинжилгээний төвд сувилагчаар ажиллах болжээ.

Хайрын шүлгийн наадам дээртанилцсан хайрын түүхбуюу найман хүүхэдтэй болсон нь

Дорно дахины дээд сургуулийн Гүн ухааны ангид суралцаж байгаад төлбөрийн асуудлаас болж сургуулиа орхисон Д.Энхтөр Дуурийн театрт сантехникчээр ажилд оржээ. Тэр үед 30 нас шүргэж байж. Аав, ээж нь “Одоо хүнтэй сууж амьдрал зохиох нас чинь болчихлоо. Юу бодож явдаг хүүхэд вэ. Чиний үеийнхэн бүгд хүнтэй суучихлаа. Ганц хүүгийнхээ хүүхдийг хармаар байна” гэдэг байж. Ц.Ундрал ч түүнээс ялгаагүй шалтгаанаар гэрийнхэндээ загнуулдаг байж. Түүнийг “Ажлаасаа өөр юм мэдэхгүй явж байтал чинь хамаг залуу нас чинь дууслаа” гэж үглэх хүн олширчээ. 2002 оны гуравдугаар сарын 6-ны өдөр. Энэ бол тэдний анх танилцаж байсан өдөр. Хаврын шаргал наран бүлээн илчээ түгээсэн сэтгэл гэгэлзүүлсэн хаврын тэр өдөр шүлэг, яруу найраг сонирхдог Ц.Ундрал найзтайгаа Хайрын шүлгийн наадам үзэхээр Дуурийн театрт очжээ. Яруу найрагчид сэтгэл зүрх гэгэлзтэл хайрын тухай яруу сайхан шүлэг уншиж байж. Тэр жилийн хайрын шүлгийн наадамд оролцож байсан яруу найрагчид хавар болон хайрын учралын талаар түлхүү уншиж, бүтэлгүй хайрын тухай цөөхөн уншсан гэнэ. Яруу найрагч Ж.Мөнхбат тэр наадамд түрүүлж байсан ажээ. Гэтэл нүдэнд дулаахан нэгэн залуу Дуурийн театрын нэгэн өрөөнөөс гараад ирсэн байна. Нүдэнд туссан нөгөө залуу хамт явсан найз бүсгүйтэй нь танил байжээ. Тэд ингэж анх танилцсан байна. Сансарт байх эгчийнхээ гэрт амьдардаг Ц.Ундралыг Д.Энхтөр хүргэж өгчээ. Замдаа удахгүй болох гэж байгаа Эмэгтэйчүүдийн баярын талаар болон өөр зүйлсийн ч тухай ярилцаж амжсан байна. Ингээд гар утасныхаа дугаарыг солилцож, бие биедээ хайрын тухай дөрвөн мөрт явуулах болов. Тэдний хайр ингэж л эхэлжээ. Удалгүй эхнэр Ц.Ундрал жирэмсэн болсон гэдгээ дуулгажээ. Удахгүй хүүхэдтэй болох нь, аав болж аав, ээжийгээ баярлуулах нь хэмээн хөл хөөрцөг болсон байна. Гэтэл эхнэр нь дахиад баяртай мэдээ дуулгажээ. Хэвлийд нь ихэр хүүхэд бүрэлдэж байгааг мэдсэн байна. Ууган охид болох Э.Цэцлэн, Э.Цэцэглэн нар 2003 оны гуравдугаар сарын 18-нд Цэргийн баяраар төржээ. Ихэр охид гурван нас хүрээгүй байхад дараагийн хоёр дүү нь гарсан гэнэ. 30 гарчихсан хойноо амьдралаа эхлүүлсэн болохоор дөрвөн хүүхэдтэй болъё гэж тэд ярилцаж, амьдралаа төлөвлөж байсан аж. 2006 оны зургадугаар сарын 7-нд Э.Соёнсүлд, Э.Соёнгэгээ гэх хүү, охинтой болжээ. Ингээд Д.Энхтөрийнх гэх айл дөрвөн хүүхэдтэй болсон байна. Гэхдээ гурван охин ганц хүүтэй. Д.Энхтөр айлын ганц хүү. Ганцаараа өссөн эрэгтэй хүүхдийн зовлонг тэр мэднэ. Э.Соёнсүлдийгээ эрэгтэй дүүтэй болгох хүсэл түүнд байжээ. Ингээд эхнэртэйгээ ярилцаж байгаад дахин нэг хүүтэй болохоор шийдсэн байна. Жирэмсэн болсон гэдгээ мэдээд Ц.Ундрал эход харуулжээ. Гэтэл эмч ихэр хүүхдүүд байна гэдгийг хэлжээ. “Дахиад ихэр гэж үү. Ямар сонин юм бэ. Яагаад ингээд ихэр хүүхдүүд гараад байгаа юм бол” гэж тэд гайхаж байснаа ч нуулгүй ярив. Ингээд 2008 оны арванхоёрдугаар сарын 19-нд дахин хүү, охин мэндэлжээ. Эрэгтэйг нь Э.Тэмүүжин, эмэгтэйг нь Э.Тэмүгэн гэж аав нь нэр хайрласан байна. Э.Соёнсүлд хүүгээ эрэгтэй дүүтэй болгох гэсэн хүсэл ийн биелжээ. Харин Д.Энхтөр “Хоёр бага охиноо хэрхэн төрүүлсэн талаар ээж нь ярина” гээд эхнэр рүүгээ харан инээв. Эхнэр нь “Би яриад байхдаа яадаг юм бэ” гээд нэлээд ичиж байгаа бололтой хариулах ажээ. Ц.Ундрал “Зургаан хүүхэдтэй болчихсон юм чинь одоо дахиж хүүхэд гаргахгүй гэж шийдчихсэн байсан. Уг нь 2008 оноос хойш хуанли хөтлөөд л байдаг байсан чинь нэг мэдсэн жирэмсэн болчихсон байсан. Эхлээд эмчид үзүүлсэн нэг хүүхэд юм шиг байна. 14 хоноод хүрээд ир гэж хэлсэн. 14 хоногийн дараа яваад очтол дахиад ихэр хүүхэд байна гэсэн. Тэгээд л найман хүүхэдтэй болсон юм даа. Одоо дахиж хүүхэдтэй болохгүй ээ. Энэ хэдийг өсгөх гэж хэцүүдэж байхад” гээд инээв.

“Ерөнхийлөгчийн эхнэр Х.Болормаа энэ байрыг бидэнд сонгож өгсөн”

Тэдний зургаан хүүхэд Монгол гуравдугаар сургуульд сурдаг юм байна. Э.Цэцлэн, Э.Цэцэглэн нар 7г ангид сурдаг бол Э.Соёнсүлд, Э.Соёнгэгээ нар 4г ангид сурдаг. Э.Тэмүүжин, Э.Тэмүгэн нар 2в ангид сурдаг аж. Харин хоёр бага болох Э.Эмүжин, Э.Энүжин хоёр ирэх намраас цэцэрлэгт орох гэнэ. Тэд гэрээ нураачих шахам үймэлдэх аж. Гэрийнхээ хамгийн хөдөлгөөнтэй сахилгагүй нь Э.Тэмүгэн. Хоёр эгчээсээ эхлээд ах, өөрийнхөө ихрийг хүртэл гижигдэж, энд тэндээс нь хатгаж бас хөгжөөх юм. “Аавыгаа морь бол. Надтай тогло” гэж зүүгдэх ажээ. Том жижиггүй үймэлдэж байтал хаалга тогших чимээ гарав. Хоёр давхрын айлын гэрийн эзэгтэй “Дээр пижигнээд ямар хэцүү юм бэ. Танай шал дээрээс бууж ирэх гээд байх юм аа” гээд аашилж байна. Ц.Ундрал “Манай хүн хүүхдүүдээ хөөргөөд дунд нь ороод ноцолдчихдог юм. Бүгд аавыгаа дуурайсан, ноцолдож тоглох дуртай. Загнаад суулгахаар таван минут л нам жим болно. Тэгээд л үймүүлж өгнө шүү дээ” гэж бидэнд учирлаж ярив. Тэд Зуун айлд буюу өвөөгийнхөө хашаанд амьдардаг байхдаа эрх дураараа үймүүлдэг байсан гэнэ. Зургаан хүүхэд нь төрчихсөн байхад сонины сэтгүүлч ирж сурвалжлага хийж байжээ. Тэр сониныг нь ахмад дайчин Доржпалам олж уншаад хотын захиргаанд тэдний өмнөөс байртай болгож өгөх талаар өргөдөл өгсөн аж. Мөн Ерөнхийлөгчийн эхнэр, тэргүүн хатагтай Х.Болормаа өөрийн биеэр байр сонгож, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн байна. Ингээд хотын дарга Э.Бат-Үүл тэдэнд шинэ байрных нь түлхүүрийг гардуулан өгчээ. “Хүүхэд өөрийнхөө хүнс, хувь тавилантайгаа ирдэг гэдэг нь үнэн юм билээ. Улсаас биднийг харж үзэж ийм сайхан байртай болгосон. Найман хүүхэдтэй бид яаж ч хичээгээд байртай болж чадахгүй шүү дээ” гэж гэрийн эзэд ярьж байна лээ. Өнгөрсөн жилийн эмэгтэйчүүдийн баяраар Монгол Улсын Ерөнхийлөгч дуудаж, өдрийн зоог хамт барьсан гэнэ. “Бид хоёр Ерөнхийлөгчтэй уулзаж байгаа гээд биеэ цэгнээд л суугаад байсан. Тэгсэн манай улсын Ерөнхийлөгч их энгийн сайхан яриа хөөрөөтэй хүн байна лээ. Бид их олон цаг ярилцаж суусан. Тэдний том хүүхдийн эхнэр ихэр хүүхэд төрүүлсэн юм билээ. Биднээс ихэр хүүхдийг яаж өсгөдөг талаар асууж зөвлөгөө хүртэл авсан” гэлээ.

Ихэр хүүхэд ихрийнхээ буруу байсан ч өмөөрч, нэгэндээ амь байдаг

Хоёр том нь ээжийнхээ гэрийн ажилд тусалдаг юм байна. Тэд онц сурдаг гэнэ. Ангидаа бүжгийн хамтлаг байгуулжээ. Э.Цэцлэн Нийслэлийн сурагчдын дунд болдог олимпиадад физикээр өрсөлдөж тусгай байрын шагнал авчээ. Харин Э.Цэцэглэн зурах авьяастай гэнэ. Чөлөөт цагаараа зураг зураад суучихдаг байна. Э.Соёнсүлд, Э.Соёнгэгээ хоёр сургуулийнхаа шатрын дугуйланд явдаг гэсэн. Ихэр хүүхдийн сонин гэмээр нэг онцлог байдаг тухай ээж нь ярив. Тэр нь нэг ихэр нь ямар ч буруу зүйл хийсэн нөгөөх нь өмөөрдөг байна. Хоёр том нь хүртэл буруу зүйл хийчихсэн мөртлөө нэгнийгээ бага дүү нараасаа өмөөрдөг аж. Ихэртээ л амь байдаг аж. Нэг чихэр байхад хоорондоо хуваагаад идчихдэг гэнэ. Дүү нартаа өгөхгүй нөгөө ихэртээ л өгдөг гэдгийг аав, ээж нь онцлон ярьж байсан. Мөн нэг ихэр нь сэргэлэн цовоо, бусдад өөрийгөө ойлгуулах чадвар сайтай байхад нөгөө ихэр нь дуу цөөтэй, бүрэг ичимхий байдаг аж. Аав, ээж нь хүүхдүүдээ төрсний дараа амийг нь салгах зан үйл хийсэн байна. Ламаар ном уншуулж, ацтай модны үзүүрт улаан утас уяж байгаад дундуур нь хувааж амь салгадаг гэнэ. Хүүхдүүдээ зөв, сайн хүн болгож хүмүүжүүлэхийн төлөө аав нь ном уншихыг үргэлж зөвлөдгөө ярив. Ном уншсан хүний оюун ухаан тэлдэг гэж боддог талаараа ч хэлж байна лээ. Тиймээс багачууддаа үлгэрийн ном, том хүүхдүүддээ өөрийнхөө бага байхдаа уншиж байсан дэлхийн шилдэг зохиолуудыг уншуулж, утга санааг нь яриулдаг юм байна. Тэд аавыгаа амардаг хоёр өдөр уншсан номныхоо талаар байнга ярьж өгдөг гэсэн. Айлын ууган охид дүү нарынхаа хичээлийг хийлгэдэг аж. Тэмүгэн “Энэ Цэцэглэн аниа миний хичээлийг зааж өгч байгаад алгадаж авсан” гэж аавдаа ховлов. Нөгөөх нь цаанаас “Хэзээ би тэгж байсан юм бэ” гэхэд аав нь хоёуланг нь дуудаж духан дээр нь үнэрлээд “Хичээлээ сайн хий” гээд явуулав. Э.Соёнгэгээ аавынхаа цалинг буухаар ягаан өнгөтэй бээлий авахуулах гэж байгаа гэнэ. Харин Э.Тэмжүжин, Э.Тэмүгэн нарын цээж бичгийн дэвтэр дуусчихжээ. Аавынх нь цалин буухаар дэвтрээ авахуулна гэж тохиролцов. Гэрийн эзэн хамгийн сүүлд өөртөө зориулж Чингис хааны есөн өрлөгийн талаар тус тусад нь бичсэн номны дөрөвдүгээр дэвтрийг худалдан авсан байна. Мөн өнгөрсөн сард зохиолч Г.Аюурзанын “Судасны чимээ” романыг худалдан авч ажил дээрээ уншсан гэнэ. Номоо уншаад дуусахаараа ажил дээрээ хонох бүртээ 500 төгрөгөөр “Өдрийн сонин” худалдаж аваад байнга уншдаг талаараа ч ярив.

Тэдэнд зав чөлөө гэж байдаггүй

Гэрийн эзэгтэй Ц.Ундрал орой хамгийн сүүлд унтаад өглөө хамгийн түрүүнд сэрдэг гэнэ. Хүүхдүүдийхээ хөглөрүүлж орхисон эд зүйлсийг эмхэлж, хичээлдээ өмсөх хувцас зэргийг нь бэлдсээр байтал 01:00 цаг өнгөрчихдөг байна. “Хүүхдүүд хичээлдээ холоос явдаг болохоор өглөө 06:00 цагт босоод хоол унд хийж өгнө. Ингээд арай гэж өнөө хэдийгээ аавтай нь хамт сургууль руу нь гаргачихаад хоёр бага охиноо хараад үлдэнэ. Нэг мэдэхэд л өдөр өнгөрчихсөн байдаг гэнэ. Хадам аавынх нь Зуун айлд болохоор өглөө хичээлтэй хэдийг нь сургууль руу нь оруулаад өдөр орох хүүхдүүдээ өвөөгийнд нь үлдээдэг байна. Манай хадмууд их сайн хүмүүс байдаг юм аа. Байнга тусалж дэмждэг. Тэд байхгүй бол энэ хүүхдүүдийг өсгөж өдий зэрэгт хүргэнэ гэдэг хэцүү шүү дээ” гэлээ. Харин Д.Энхтөр хоёр ажил хийдэг. Цалингаа аваад хүүхдүүдийнхээ хэрэглээнд өгөөд, идэх хоол унд аваад л дуусдаг байна. “Хүний төлөө найман хүүхэдтэй болсон биш. Хэнээс тусламж эрж явах юм бэ. Бие эрүүл, хөл гар бүрэн бүтэн байхад энэ хэдийгээ бусдаас дутаахгүй гэж боддог юм. Амьдралд тохиолдох бэрхшээл байлгүй яах вэ. Хэдэн хүүхдийнхээ төлөө нойр хагасалж хонодог, маргааш нь ажлын хажуугаар сургуулиас нь зөөсөөр нэг өдрийг өнгөрөөдөг. Амралтын хоёр өдөр манайхан гэртээ бүтэн өнждөг юм” хэмээн ярив. Дөрвөн хүүхдээ цэцэрлэгт явдаг байхад Д.Энхтөр хоёрыг нь тэвэрдэг. Том хоёр нь аавынхаа халааснаас зуураад явдаг байжээ. Тэгэхэд нэг хүүхдийг аав, ээж нь дундаа хөтлөөд цэцэрлэг рүү орж байгаа харагддаг байсан талаар дурсан ярив.

Мартын 8-наар Ц.Ундрал хамгийн сайхан бэлэг болгоныг авдаг гэв

Маргааш олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр. Дөрвөн удаа төрөхдөө найман хүүхэд төрүүлж өгч, ховор хувь тавилангийн эзэн болгосон Д.Энхтөр эхнэрээ чадах чинээгээрээ баярлуулдаг гэнэ лээ. Өглөө босоод цай чанаж, бууз хийж өгдөг байна. Мөн хүүхдүүдтэйгээ нийлж гэр бүлийн тайлан тоглолт хийдэг гэсэн. Хүүхдүүд ээждээ зориулж гараараа сэтгэлийн бэлэг хийж өгдөг аж. Дараа нь долуулаа зогсож байгаад хоёр бага охин болон ээжийгээ суулгаад дуу дуулж шүлэг уншиж өгдөг байна. Энэ гэр бүлийн нэг нууцыг энд хэлье. Ааваас нь бусад бүгд солгой хоолойтой гэнэ. Гэхдээ тэд жил бүрийн гуравдугаар сарын 8-нд ээждээ ээжийн тухай дуу дуулж өгдөг гэсэн.

Эзэгтэй жил бүрийн Мартын 8-нд эр нөхрийнхөө хийсэн хоол цайг идэж, бас хайрын бэлэг авдаг аж. Биеэс нь бие болон ургасан балчир үрсийнхээ ээждээ зориулж гараа гарган хийсэн бэлгийг авч, үрсийнхээ цолгиунаар дуулах дуу, шүлгийг сонсож сэтгэлийн их цэнгэлд умбадагаа Ц.Ундрал сэтгэл дүүрэн ярьж суув. Гэр бүлийн тайлан тоглолтын дараа хоёр охиндоо “Дүү нараа унтуулж байгаарай” гэж хэлээд аавтай нь хамт гардаг байна. Гэр бүлийн найз нөхөдтэйгөө уулзаж оройжин инээлдэж байгаад тарцгаадаг гэсэн. Ц.Ундралын хамгийн их хүсэн хүлээдэг баяр Мартын 8 гэсэн.

Хүүхдүүд аавынхаа хөгжилтэй зан, өөрсдийг нь ойлгодог занд хайртай гэсэн. Харин ээжийнхээ дандаа үнэн зүйлс хэлж зөвлөдөгт нь, сайхан сэтгэлд нь хамгаас илүү хайртай гэж ам уралдан ярив. Бага үдийн алдад зочилж ирсэн бид харуй бүрий болтол өнжжээ. Ирсэн гийчид явдаг жамаар Д.Энхтөрийнхөөс гарлаа. Биднийг гарах гэж байхад Э.Тэмүгэн орон дээрээ аавтайгаа унтана гэж зөрүүдлэв. Айлын том хүүхдүүд гээд Э.Цэцлэн, Э.Цэцэглэн нар орон дээр унтаад бусад нь газраар унтдаг юм байна. Э.Тэмүүжингийн углаашийг Э.Соёнсүлд нууж дүүгээ цаашлуулсныг ч биднийг гарах үеэр аавдаа дэлгэж бөөн инээд болов. Жаргалтай тэнүүн амьдрал энд л буцалж байна. Ороод гарахад хүүхдийн инээд хөөр цалгисан, сайхан гэгээн энерги цацарсан айл байдаг даа. Д.Энхтөрийнх тийм л айл юм. Энэ хорвоо дээр ховорхон хувь тавиланд төрсөн энхрий бяцхан үрс эрүүл саруул өсч торниж байна. Хүүхдийнхээ төлөө гэх аавын сэтгэл, ээжийн хайранд ихрүүд маань сайн хүн болж хүмүүжнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Хүүхдийн гэгээн жаргал цалгих гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *