Кинонд гардаг шиг үйл явдал Ховд аймагт болжээ. Учир нь өнгөрсөн баасан гаригийн шөнө тус аймгийн “ Ховд” их сургуулийн байранд баг зүүж, малгай, бээлий, өмссөн хар хувцастай хүн нэвтэрч, сүлжээнийх нь утсыг таслан бензин цацан гал тавьсан байна. “Ховд” их сургууль хичээлийн 2 байртай. I байр нь байнгын харуултай байдаг бол II байрыг шөнийн цагаар сахиул айл хардаг юм байна. Хэрэгтэн эхнээсээ бүх зүйлийг төлөвлөн, II байрыг сонгосон бололтой. Тухайн үед сургуулийн захирал Ж.Янжмаа гадны төлөөлөгчтэй уулзахаар аймгийнхаа Цэцэг сум руу явсан байж. Бүх анги нь гаднаасаа цоожтой байсан ч нэг ангийнх нь хаалга дээд талдаа шилтэй. Хэрэгтэн тэр ангийн цонхыг хагалж ороод, хаалганы дээд талын цонхыг хагалж, уяа унжуулан хонгилд гарч, бүх камерыг унтраасан байна. Үүний дараа хоёрдугаар давхарт гаран, сүлжээний утаснуудыг таслан, гал тавиад зугтжээ. Тухайн үед цонхнууд хаалттай байсан болоод ч тэр үү гал тэгэсгээд унтарчээ. Сахиул 07.00 цагийн орчимд сургуулиа шалгахаар хаалга онгойлготол битүү утаа байсан тул гал команд, цагдаа дуудсан байна. Хэрэгтэн одоо болтол олдоогүй байгаа бөгөөд сургууль интернэтийн сүлжээгээ солиод удаагүй байхад энэ хэрэг гарчээ.
Аймгийн цагдаагийн газраас хэд хэдэн хүнийг сэжиглэж байгаа гэнэ. Тус сургуулийн захирал Ж.Янжмаа “Манай сургуулийг сайн мэддэг хүн үүнийг хийсэн байна. Гэхдээ бид оюутан хийсэн гэж бодохгүй байгаа. Хэрэгтэн бүх камерыг салгасан ч төвд холбогдоогүй нэг жижиг камер байсныг анзаараагүй үлдээсэн байсан. Бензин цацаж, гал тавьж байгаа дүрс тэнд үлдсэн байна. Сургалтын албаны өрөөнд оюутнуудын бичиг баримт байдаг. Гал газар аваагүй учраас бичиг баримт зүгээр. Харин давхар хаалга, тэр орчмын шал шатсан. Төв сервер сургуулийн I байранд байдаг. Хамгаалалт сайн болохоор хэрэгтэн тийшээ халдаж зүрхлээгүй байх. II байрны сүлжээ доголдсон. Манайх сургуульдаа засвар хийгээд удаагүй байсан. Галын дөл байрны таазыг харлуулсан учир дахин засвар хийх шаардлагатай боллоо. Одоо цонхоо шиллэн, камерын системээ шинэчилж байна. Хэрэгтэн цонхыг нь хагалж орсон ангийнхаа эд зүйлийг эвдэж сүйтгээгүй байгаа нь зөвхөн хорлон сүйтгэх зорилгоор сургуульд нэвтрээгүйг харуулж байгаа юм” гэлээ.