Categories
мэдээ улс-төр

Ховд аймгийн Үенч суманд 40 тонн өвс үнэгүй олголоо

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх өнөөдөр (2017.02.18) Ховд аймгийн Үенч суманд ажиллаж байна.

Сумын хэмжээнд өвөлжилт нэлээд хүндрээд байна. Цас их хэмжээгээр орж, дагтаршсанаас мал бэлчээрлэх боломжгүй болсон. Ихэнх малын тавхай, шилбэ халцарсан. Одоогийн байдлаар 3982 толгой мал хорогджээ.

Сумын хэмжээнд 133 мянган толгой мал өвөлжиж байгаа аж. Өвөлжилт хүндэрснээс 269 малчин өрх отор нүүдэл хийн өөр сум, аймгийн нутагт очсон.

Мөн нэлээд хүнд нөхцөлд өвөлжиж байгаа 100 орчим малчин өрх байна гэдгийг орон нутгийн удирдлагууд Шадар сайдад танилцууллаа.

Өнгөрсөн жил зуншлага сайн байсан тул өвс, хадланг сайн бэлтгэж авч нөөцөлсөн байна. Гэвч мал бэлчээргүй болж, мөн малын тавхай, шилбэ халцарч гэмтсэн тул малчид малаа хотонд нь тэжээсээр өвс, тэжээлээ дуусаж буй аж.

Энэ үед Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга цаг хүндэрсэн Үенч суманд ажиллаж байгаад нутгийн удирдлагууд төдийгүй иргэд талархаж байгаагаа илэрхийллээ.

Энэ үеэр Шадар сайд тус суманд 40 тонн өвс үнэгүй олгож, 50 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олголоо.

Мөн сумын хүн эмнэлэгт түргэн тусламжийн машин олгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх боломж нөхцөлөөр хангаж өглөө.

Үүний зэрэгцээ малчдад олон улсын байгууллагуудын тусламж болгон илгээсэн хөнжил, гудас, хүнс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хуваарилалт хийн олголоо.

Үенч сум нь Улаанбаатар хотоос 1500 км алслагдсан бүс нутаг юм. Нийт 4500 хүн амтай.

Шадар сайд сум, аймгийн удирдлага, Онцгой байдлын газрынханд тодорхой үүрэг чиглэл өгч, цагийн байдалд тохируулан хүч нөөцөө зөв хуваарилан, тусламж үйлчилгээг яаралтай хүргэн, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. Хүч хүрэлцэхгүйд хүрвэл шууд Улсын Онцгой комисст хандахыг мөн үүрэг болгосон юм.

Цас орж шуурсан нөхцөлд зам даваа хаагдаж, эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэхэд хүндрэл учирдаг тул хаагдсан зам давааг түргэн хугацаанд нээх, хүнд нөхцөлд өвөлжиж байгаа малчдын эрүүл мэндэд онцгой анхаарах. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн болон эх, нялхаст хүргэх төрийн тусламж үйлчилгээ цаг алдалгүй хүрэх ёстойг эрүүл мэндийн байгууллага болон онцгойгийнхон, сумын удирдлагад үүрэг болголоо.

Одоогийн байдлаар Үенч суманд хээр талдаа цасны зузаан 20-29 см, уулархаг газраа цасны зузаан 48 см хэмжээтэй байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга өнөөдөр Үенч суманд ажиллачихаад Алтай сум, дараа нь Ховд аймгийн төвд ажиллахаар төлөвлөөд байна гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *