Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн нутгаар аялахад үзэх газрууд

1.Сэнхэрийн агуй

Холбоотой Зураг

Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 25 километрийн зайд далайн төвшнөөс дээш 2100-2400 метр өндөрт орших агуй юм. Карбонат чулуулаг буюу цагаан саарал өнгийн шохойлог гантиг чулуунаас тогтсон, дотор хананы өндөр нь 15 метр, шалнаас тааз хүртэл 20 метр, таазны байдал нь дотор талаас гадагшаа хонхор маягийн хэлбэртэй, өөрөөр хэлбэл бөмбөгөрдүү оройтой ажээ. Агуйн ханан хад нь галын дөлөнд шатаж харласан байдлыг харвал тус агуйд удаан хугацааны туршид хүн амьдарч байсныг нотолдог. Мөн хананд 40 мянган жилийн тэртээх хадны сүг зураг бүхий түүхэн дурсгал бий.

2.Хар-Ус нуур

Хар-Ус нуур зурган илэрцүүд

Монголын том нууруудын нэг Хар ус нуур нь 1153 ам километр талбайтай, 72 километр урт, 26 километр өргөн, дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуургатай нуур юм. Зэгсний гахай зэрэг ховор амьтадтай, цөлжүү хээр, заримдаг цөлийн нуур бөгөөд Хар нуур, Дөргөн нууруудыг оролцуулан 1997 онд улсын тусгай хамгаалалтанд авсан. Их нууруудын хотгорын бүлэг нууруудын дотор далайн төвшнөөс дээш 1157 метр өндөрт орших цэнгэг устай, урсгал нуур юм. Хэдийгээр том талбайтай боловч маш гүехэн нуур бөгөөд хамгийн гүн нь 4.4 метр, дундаж гүн нь 2 метр байдаг.

Хар ус нуурт том жижиг 10 гаруй арал байгаагаас хамгийн том нь 400 ам километр талбайтай, 30 орчим километр урт, усны мандлаас 272 метр өндөр Агшаб хэмээх арал бөгөөд тэрээр Хар ус нуурыг хойд урд гэсэн том жижиг хоёр хэсэгт хуваана. Хойд урд нуурыг 1-2 метр гүнтэй, 50-100 метр өргөн, 20 гаруй километр урт Лүн Юм гэдэг нэртэй хоолой холбоно. Хойд нуур нь 400 орчим ам километр талбайтай боловч нилдээ зэгсээр хучигдаж нуур гэхээргүй бага устай болжээ. Хар ус нуур нь 70450 ам километр талбайгаас усжина. Үүний 70% нь ганц Ховд голын сав газарт хамаарна. Монгол Алтайн нуруунаас эх авч урсах Ховд, Буянт Цэнхэрийн гол жилд барагцаалбал 2.2 шоо километр ус нийлүүлэх бөгөөд илүүдэл усаа ууршуулахын хамт 40 километр урт 50-75 метрийн өргөн Чоно харайхын голоор Хар ус нуурт өгнө. Хар ус нуурын бүс нутагт 12 мянган хүн ам оршин сууж, 642 мянган мал бэлчдэг учраас усны бохирдол, бэлчээрийн даац хэтрэх асуудал гарч байгаа ажээ. Тийм учраас БОАЖЯ-наас анхаарал тавьж, төрийн захиргааны 12 байгаль хамгаалагчтай хэсэг 2007 оноос ажиллаж эхэлсэн. Хар ус нуурыг хамарсан уг цогцолбор газрын байгалийн тогтоцыг судлаачид гайхамшигтай хэмээн дуу алддаг. Энд цэнгэг уст нууруудаас гадна ус намгархаг газар, говь хээр, тал хээр, Алтайн мөнх цаст сарьдаг уулс байдаг бөгөөд байгалийн гайхамшигт урлан мэт оршдог. Зарим тохиолдолд үзүүлэн болгож зориуд урласан мэт харагддаг. Энд ирсэн гадаадын жуулчид Хар ус нуурыг “газрын диваажин” хэмээн шагшин магтдаг билээ.

3.Мөнххайрхан уул

Мөнххайрхан уул зурган илэрцүүд

Төв Азийн цөлийн нөлөөнд орших хязгаарлагдмал нөхцөлд бүрэлдэн тогтсон мөнх цэвдэг, мөсөн голууд бүхий өндөр уулын өвөрмөц газарзүйн тогтоцыг хамгаалах, байгалийн цэнгэг усны асар их нөөцийг хадгалах, мөнх цас, мөсөн голоор тэжээгддэг Алтайн нурууны ар өвөр хажуугаас эх авч урсдаг их бага олон голуудын эхийг хамгаалах, хөрсний чийгийн горимыг тогтвортой байлгах чухал ач холбогдолтойг анхаарч 2006 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байна. Хамгаалалтын захиргаа нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвд байрладаг. Мөнххайрхан уул, түүний орчмын газар нутаг нь Баян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Мөнххайрхан сумын хил залгаа нутгийг дамнан 40-80 километрийн өргөнтэйгөөр баруун хойноос зүүн урагш 200 гаруй километр үргэлжлэн оршдог. Мөнххайрхан уулын ноён оргил нь 4362 метр өндөр бөгөөд мөнх цас мөсөн гол бүхий Монголын хоёр дахь өндөр оргил болно. Мөнх цас, мөсөн гол нь 200-гаад ам километр талбайг эзлэн оршино. Монгол Алтайн нурууны мөсөн голуудын дундаж зузаан нь 56 метр байдаг бол Мөнххайрхан уулын мөсний зузаан нь 130 гаруй метр хүрч тус орны гол мөрний нийлбэр урсацаас бараг 2 дахин, газар доорхи хөдөлгөөнт усны нөөцөөс 5 дахин их цэвэр усны нөөц хадгалагдаж байгааг судлаачид тогтоосон байна. Булган, Сэнхэр, Үенч, Бодонч зэрэг томоохон голууд Мөнххайрхан нуруунаас эх аван урсдаг.

Мөнххайрхан уулын газар нутагт аргаль угалз, янгир, буга, ирвэс, Алтайн хойлог, ятуу, чоно, мануул, үен суусар, голын халиу, минж зэрэг ан амьтан нутаглахаас гадна хоёр нутагтан мөлхөгчдийн олон төрөл зүйл нэг дор оршдог 4 том тархац нутгийн нэг юм. Монгол улсын Улаан номонд орсон Тойрмын хонин гүрвэл ганцхан Мөнххайрхан уулын дэд мужид бий. Мөн ховорт тооцогддог ногоон бах, үхэрдэй, жунгаарын загас зөвхөн Булган голд бий.

Энэ нутагт Сибирийн ой, Төв Азийн цөлийн ургамал оршихоос гадна баруун талаас Казакстан-Тураны, зүүнээс Дорнод Азийн ургамлын аймгийн төлөөлөл нэвтрэн орж иржээ. Ховд аймгийн Булган сумын нутаг дахь Залаа уул, Магнай уул, Баяндаваа орчмын Их онгог зэрэг газруудад дэлхийд ховордсон, зөвхөн Ази тив, Монголд байдаг нэн ховор ургамал болох “залаархаг хавраг буюу чийр” ургадаг. Вансэмбэрүү, таван салаа, хонин арц, алтан зул, жамъяанмядаг, алтан гагнуур, юмдүүжин зэрэг эмийн ургамал ургана. Мөн шинэсэн ойн зурвастай бөгөөд нийт талбай нь 198 га хүрнэ. Голуудын татам дагуу шинэс, улаан хус, улиас, бургас, заган ой, харгана, чацаргана, сөөгөн шугуй, хайлаас, балгана ургасан байдаг.

Мөнххайрхан уулын орчимд Алтайн урианхайчууд оршин суудаг. Мөнхайрхан уулын орчимд түүх соёл угсаатны байгалийн аялал, эрдэм шинжилгээ судалгааны аялал, уулын спортын аялал, Усан спортын аялал, ердийн хөсгийн болон явган аялал, спорт ан агнуурын аялал зохион байгуулахад тохиромжтой.

4.Баянзүрхийн буган хөшөө

Ховд аймгийн Мөст сумын нутагт Бодончийн хавцал уруудах замд байдаг Монголын баруун хэсгийн хамгийн томд тооцогдох чулуун дурсгал юм. Энд 30 орчим том, жижиг буган хөшөө, хиргисүүр, булш байдаг.

Бугын дүрслэл харьцангуй гоёмсог бөгөөд түүний зэрэгцээ 5 өнцөгт дүрс, чичлүүр хутга, бусад зэр зэвсгийг дүрсэлсэн байдаг. Мөн буган чулуун дээр эдгээр дүрслэлээс гадна эртний хүмүүсийн аж амьдралын сэдэвтэй зураг, бугын загварчилсан зураглал, ирвэс чоно гэх мэтээр бараг бүх амьтныг давхар дүрсэлсэн байдаг. Мөн одоогоор түүхчид тайлж уншиж чадаагүй тэмдэгт дүрсүүд бас байдаг.

5. Алтан Хөхий уул

Алтан Хөхий уул зурган илэрцүүд

Ховд аймгийн Мянгад сум, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутгийг дамнан орших үзэсгэлэнт сайхан байгальтай, бие даасан томоохон нуруу юм. Алтанхөхий уул Алтны эх хэмээх газар Алтанхөхий хайрханы баруун энгэр, Ховд голын хөндийд оршдог байна.

Төрийн тахилга тайлахаас бусад үед гадаад, дотоодын иргэд төдийлөн очоод байдаггүй байжээ. Өөрөөр хэлбэл, дөрвөн улирлыг дамнан нүүдэллэх нутгийн малчдаас өөр хүний хөл хүрээгүй газар гэж хэлж болно. Нутгийн ардууд Алтан Хөхий уулыг 1761 оноос хойш өнөөг хүртэл жил бүр тахиж ирсэн хамгийн эртний тахилгат уулын нэг юм. 2005 оны 3 дугаар сарын 30-нд Ерөнхийлөгчийн 44 дүгээр зарлигийг гаргуулан Алтан Хөхий уулыг төрийн тахилгатай уул болгожээ.

Алтны эхийн ойролцоо мөөг, сонгино зэрэг хүнсэнд хэрэглэдэг ургамлаас гадна хүний нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй жамъянмядаг, вансэмбэрүү, алтангагнуур, гишүү балчирган зэрэг ховор төрлийн ургамал ургадаг. Ууландаа гөрөөс, янгир, аргаль гэх мэтийн ховор амьтад идээшилдэг. Алтанхөхий уулыг төрийн тахилгатай болгосноос хойш хэдэн жил өнгөрчээ. Нутгийн иргэд Алтанхөхий уулыг эрт дээр үеэс шүтэн биширч, өглөө бүр сүүнийхээ дээжийг өргөсөөр иржээ. Тэд сайн сайхан амьдарч яваагаа хайрхантай холбон тайлбарладаг. Мөн Алтанхөхий уулын эзэн савдгийг хилэгнүүлэх вий хэмээн идээний дээжээ байнга өргөдөг. Алтанхөхий уул алс холоос сүр бараатай харагдана. Нохой гаслам халуунд ч Ханхөхий уулын орой цагаан малгай “өмссөн” мэт байх нь гайхалтай. Уг нутаг хөрсөн дороо үнэт эрдэнэ нуусан гэдгийг нутгийн ард мэддэг байсан тул Алтны эх хэмээн нэрлэсэн талаар нутгийн хөгшид ярьдаг байна. Мөн хайрхныг Алтанхөхий хэмээн нэрлэсэн нь санаандгүй тохиолдол биш байж болох юм.

6.Харуул овоо

Харуул овоо зурган илэрцүүд

Ховд аймгийн Үенч сумын төвөөс хойд зүгт 25 км зайд Жаргалан уулын орой дээр байх сүрлэг чулуун байгууламжийг “Харуул овоо” гэдэг. Овооны өндөр нь 25 метр, суурийн диаметр нь 50 метр орчим ажээ. Судлаачид эл овоог XYII-XYIII зууны үед хамааруулан үздэг бөгөөд нутгийн хил хязгаарын тэмдэг, ямар нэгэн дохио дамжуулах тэмдэг болгон байгуулсан болов уу хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, харуулын цамхаг бөгөөд ямар нэгэн довтолгоо, аюулыг урьдчилан алсаас ажиглан харж мэдээд сэргийлэх, гал, утаа, дуут сум, зэрэг хэрэгслээр дохио өгөх, дайн тулааныг ажиглах зориулалттай байсан хэмээдэг.

Булган голын хөндийд нутаглах торгуудуудын босгосон 13 овооны нэг юм. Харуул овоо нь гурван үеэс бүтнэ. Доогуураа өргөн цүлхэгэр, дээшээ нэгэн жигд нарийсч цамхаг хэлбэрийг бий болгосон. Хар саарал өнгийн занарлаг чулууг хавтгайгаар нь өрж, дундуур нь модон шургаагаар бэхэлгээ хийж зангидсан байдаг.

7.Ямаан усны хадны зураг

Ямаан усны хадны зураг зурган илэрцүүд

Ховд аймгийн Үенч, Алтай сумын зааг нутагт Ямаан усны хавцал оршдог. Уг хавцал хоёр талаасаа эгц цавчим ханан хясаагаар хашигдсан давчуу хавцал бөгөөд түүний зүүн талын ханан хаданд хүн төрөлхтний өв соёлд үнэтэй байр суурь эзлэх хэдэн зуун хадны сүг зургууд байдаг.

Янгир, буга, зээр, бөхөн, өлөгчин чоно, болон анчид, нум сум харваж буй хүн болон дайн тулааны байдлыг ч дүрслэн харуулсан байдаг ажээ. Ханан хадны баруун дээд буланд гурван морь хөлөглөсөн найман хэгээстэй сүйх тэрэгтэй ноён түүний урд болон ар талд нь бараа болон яваа хоёр хүний дүрс бүхий сүг зураг судлаачдын анхаарлыг ихэд татдаг.

8.Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар

Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар зурган илэрцүүд

Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц , Баяннуур сумдын заагт орших Цамбагарав уулын 110960га талбайг УИХ-ын 2000 оны 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан юм. Мөс судлалын ач холбогдолтой, ирвэсний хэвийн өсөлтийг хангах зорилготойгоор хамгаалагдсан.

Цаст уул далайн түвшнээс дээш 4208 метрт өргөгдсөн, алсаас сүрлэг сайхан харагддаг мөнх цаст уулстай. Энд дэлхийд болон монголд ховордсон амьтад байхаас гадна уулсынхаа араар армаг тармаг шинэсэн төгөл ойтой, тошлой, хад зэрэг жимс элбэгтэй байдаг. Үзэсгэлэнт тогтоц бүхий уулын ам, хавцал элбэг тааралдана.

Цамбагарав уул нь Монгол Алтайн нурууны нэг салшгүй хэсэг бөгөөд ноён оргил Цаст уул нь далайн түвшнээс дээш 4298.4 м өргөгдсөн мөнх цаст уул юм. Цамбагаравын нуруу нь Их Нууруудын хотгорын баруун хойд захад эргэн тойрон хотгор газар, голуудаар хүрээлэгдсэн Монгол Алтайн нурууны зэрэгцээ нуруудад багтдаг. Хур цас, мөс нь уулсын дээд хэсэгт ялгардаг ландшафтын онцгой хэв шинж бөгөөд судлаачдын тооцоолсноор тус орны нутаг дэвсгэрт 187 тооны хур цас, мөс байгаагаас 98% буюу 185 нь Монгол Алтай болон салбар нуруунд төвлөрчээ. Эдгээрээс хамгийн их нь Таван богд, Цаст уул, Мөнххайрханд төвлөрсөн бөгөөд Цамбагаравын нурууны мөнх цастай оргилууд нь 130 кв.км талбайг эзэлдэг.

9.Ишгэн толгойн хадны зураг

Ишгэн толгойн хадны зураг зурган илэрцүүд

Ховд аймгийн Манхан сумын төвөөс 7 километр газарт, хойд Цэнхэрийн гол орчимд байдаг толгой хад юм. Тэр хаданд хүн, мал, амьтны 150 гаруй дүрсийг биеийн ерөнхий тэгийг хүрээлэн цохиж хонхойлгон сийлжээ. Хүний дүрс 1, адууны 18, үхрийн 13, буга хандгай, гөрөөсний 19, тэмээний 1, янгирын 17, аргалын 11, могойн 5, барын 3, янз бүрийн тэмдэгний дүрслэл 9, ямар амьтан болох нь тодорхойгүй 53 дүрс дүрслэл байдаг. Хуучин чулуун зэвсгийн үед хамаарах хадны сүг зураг Монгол оронд 5 бүртгэгдсэн байдгийн 3 нь Ховд аймгийн нутагт байдаг бөгөөд түүний нэг нь энэхүү Ишгэн толгойн хадны зураг дүрслэл юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *