Өвөлжилт хүндэрч Ховд аймгийн Чандмань, Дөргөн, Эрдэнэбулган, Ховд, Цэцэг, Дарви сумдад харын зуд болж буй талаар тус аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Б.Алтанбадралт мэдээллээ. Өнөөдрийн байдлаар хүйтний эрч чангарч, өвөлжилт хүндэрч буй найман суманд нийт 2056 толгой мал хорогджээ.
Улмаар Ховд аймгийн Онцгой комиссоос цасанд боогдсон малчдыг цас багатай баг, сум руу нүүлгэж, Их болон Бага улаан даваа, Хавтаг, Байтагийн чиглэлийн зам хаагдсан байсныг шуурхай арга хэмжээ авч нээсэн байна.
Мөн Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү болон ХХААХҮГ, МЭЕГ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд орон нутгийн удирдлагуудын хамт Ховд аймгийн өвөлжилт хүндэрч байгаа Булган, Үенч, Алтай сумдуудад ажиллалаа. Тулгамдаад буй нөхцөл байдалд аймгийн Онцгой комиссынхон чадлаараа ажилласан. Засгийн газар болон Улсын Онцгой комиссын зүгээс аймгийн Нөөцийн газарт 733 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгож, Булган, Үенч сумдад шатахуун болон өвс, тэжээлийн дэмжлэлийг үзүүлсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 277 дугаар тогтоолын дагуу сумдын аюулгүйн нөөцөд 676 тонн өвс, 320.6 тонн тэжээл бэлтгэн нөөцөлсөн бол аймгийн аюулгүйн нөөцөд 244.3 тонн өвс, 272.5 тонн тэжээл бэлтгэсэн байна. Үүнээс одоогийн байдлаар 687.4 тонн өвс, 565 тонн тэжээлийн үлдэгдэлтэй байгаа аж.