“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Орон сууцны ипотекийн зээлийн найман хувийн хүүг тав болгож бууруулахыг МАН-ын бүлэг дэмжсэн хэдий ч УИХ-ын хэлэлцүүлэг дээр багагүй шүүмжилсэн. Чухам ямар шалтгааны улмаас шүүмжлэлт байр сууринаас хандсан талаарх УИХ-ын гишүүн Я.Содбаатарын ярилцлага болон Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Сайдын цаг” уулзалтын үеэр хийсэн мэдээллийг дэлгэрэнгүйгээр нь хоёрдугаар нүүрнээс уншаарай. ХХАА-ын сайд Р.Бурмаа тариаланчид намар хураах буудай, газраа барьцаалж зээл авах болсон, Хятад руу нэг кг мах 15 мянган төгрөгөөр экспортлохоор болсон зэрэг эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхүйц бодит ажлыг хэрэгжүүлэхээр болсон талаараа мэдээлсэн юм.
Манай сонины баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Хотоос Их хуралд 21 гишүүн сонгогдох ч цөөднө” нийтлэл гарсан бөгөөд Монголын нийт хүн амын тэн хагас нь амьдарч буй Улаанбаатар хотод УИХ-ын 76 гишүүний 14-ийг нь сонгох мандат өгч байгааг шүүмжилсэн юм. Угтаа бол хүн амынх нь тоотой харьцуулбал НИТХ-ын дарга Д.Баттулгын санаачилж байсан шиг 21 мандат нийслэлд өгөх хэрэгтэй юм. Хятадаас хэзээ, ямар үйлдвэрт үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй их хэмжээний хуурамч “Sun” нэрийн газыг “Нарантуул” худалдааны төвд буулгаж байх үед иргэдийн мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид газар дээр нь очиж шалгажээ. Нийтдээ 300 хайрцаг буюу 8400 хуурамч газ байжээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг долдугаар нүүрнээс уншаарай.
Зохиолч, яруу найрагч Д.Оюунчимэгийн “Оройн ганц мод” романы нээлт саяхан болсон юм. Шинэ бүтээлийнх нь талаарх дэлгэрэнгүй ярилцлага 11 дүгээр нүүрт орсон бол Европийн хөлбөмбөгийн шилдэг дөрвөн лигийн багуудын тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл 12 дугаар нүүрт багтлаа. Энэмэтчилэн цаг үеийн мэдээ, мэдээллүүд өнөөдрийн “Өдрийн сонин”-д багтлаа.