Categories
мэдээ нийгэм

Хотын захиргааны цогцолбор баригдаж эхэллээ

Хотын захиргааны шинэ цогцолборын барилгын ажил өнөөдрөөс албан ёсоор эхэллээ. Хотынхоо төв талбайг тойрон улс, хотын хэмжээний шийдвэр гаргагч бүхий л байгууллагууд байрладгаас авто замд түгжрэл үүсэхээс гадна машины зогсоол ч олдохгүй бэрхшээлтэй байдаг. Үүнээс ангижрах үүднээс хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэг рүү нүүлгэх шийдвэр хэдэн жилийн өмнө гарсан. Хотын хэт төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын захиргааг Баянхошуу орчимд 9.2 га талбайд “Хотын захиргааны шинэ төв” төсөл хэрэгжүүлж эхэллээ.

Нийслэлээс шалгаруулсан тендерт “Хотын захиргааны шинэ төв”-ийн барилгын ажлыг гүйцэтгэх байгууллагаар анх БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Халла Гонсол” ХХК шалгарсан байна. Гэвч “Халла Гонсол” ХХК манай улсын болон дэлхийн эдийн засгийн байдлаас хамааран гэрээ байгуулах, барилга угсралтын ажил эхлүүлэх боломжгүй байгаагаа илэрхийлсэн тул төслийн ажил түр хугацаанд зогсжээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хувьд уг төслийг “Халла Гонсол” ХХК-ийн боловсруулж батлуулсан зураг төсөл, эрх бүхий байгууллагуудаас өгөгдсөн техникийн нөхцлийн дагуу барих нь цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой гэж үзэж байгааг харгалзан НИТХ-аас уг ажлыг концессоор хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийн дагуу “Хотын захиргааны шинэ төв” төслийн батлагдсан зураг төслийн зохиогчийн эрхийг хамтран өмчлөгч болох “Глобал бридж консерциум” /Глобал ток ХХК/-тай шууд гэрээ байгуулах аргаар концессын гэрээгээр гүйцэтгэхээр болсон байна.

Хотын захиргааны шинэ цогцолбор нь 20 давхар барилга байх бөгөөд газар доор зоорийн давхартай байх гэнэ. Шинэ цогцолборт нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон хэрэгжүүлэгч агентлагууд байрлана. Мөн НИТХ, түүний ажлын албаны зургаан давхар, спорт заалтай байх юм. Зоорийн давхарт 112, барилгын гадна талбайд 366 машины зогсоол хийхээр төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *