Categories
мэдээ нийгэм

Хотын захиргааг нүүлгэхэд Зэвсэгт хүчний дүйцүүлэх албаны алба хаагчдыг дайчилж байна

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа алба, агентлагуудыг энэ ондоо багтан Яармагт барьсан шинэ барилга руу нүүх үүргийг өгсөн билээ. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу хотын захиргааныхан өнөөдрөөс нүүж эхэллээ.

“Ковид-19” цар тахлын халдвараас шалтгаалан өнгөрсөн зургадугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Яармаг дахь хотын захиргааны барилгад 300 хүнд үйлчлэх Яаралтай тусламжийн түр төв байгуулан ажиллаж байсан юм. Коронавирусийн халдвар хумигдсантай холбогдуулан тусламжийн төвийг буулгаж, тус байранд ариутгал халдваргүйжүүлэлт, засвар үйлчилгээ хийж, Улсын комисс хүлээн авснаар хотын захиргааныхан нүүхэд бэлэн болгожээ. Тиймээс өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын хотын Захирагчийн ажлын алба Хангарди ордноос нүүдэллэж эхлээд байна.

Нийслэл хотын төв хэсэг Их, Бага тойруу, тэр дундаа Сүхбаатарын талбай тойроод авто замын түгжрэл үүсдэг. Түгжрэл нэмэгдүүлж буй нэг шалтгаанд төрийн захиргааны барилга, байгууламж нь хотын төвд, нэг дор төвлөрсөнтэй холбоотой гэсэн судалгаа гарсан. Тиймээс хотын захиргааг, тэр дундаа иргэдэд үйлчилдэг салбар, нэгжүүдийг эхний ээлжинд нүүлгэхээр төлөвлөжээ. Нүүлгэн шилжүүлэлтийг үе шаттайгаар зохион байгуулна.

Өнөөдрийн тухайд нийслэлийн төр, захиргааны II байр буюу Хангарди ордонд байрлаж буй Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар гэсэн хоёр агентлагийг нүүлгэж байна. Нүүлгэх ажилд НЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний цэргийн ангийн дүйцүүлэх албаны алба хаагчдыг дайчлан ажиллуулж буй бөгөөд аль болохоор үйлчлүүлэгч иргэдэд хүндрэл учруулахгүйгээр нүүдлийг зохион байгуулж байна.

Яармагт барьж буй хотын захиргааны барилга нь А, В, С гэсэн гурван блокоос бүрдэх нийт 68 мянган ам метр талбай бүхий барилга юм. Нүүдэллэж буй агентлагууд А блокт төвхнөнө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *