Categories
мэдээ улс-төр

Хотын удирдлагууд МАН-ыг буруутгав

НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

Улс төрийн намууд Монгол Улсаа, нийслэлээ хөгжүүлэх нэг эрх ашиг, нэгэн зорилгын дор ажиллах учиртай. Гэвч сүүлийн үед МАН-аас аливаа асуудлыг зориуд улстөржүүлэн, нийслэлээс хэрэгжүүлж буй их бүтээн байгуулалтын ажлыг харлуулж, иргэдийн бодол санааг төөрөгдүүлэх мэдэгдэл, үйлдлийг тодорхой төлөвлөгөөтэйгөөр хийх боллоо.

НИТХ-аас хамтаараа баталсан “Хог хаягдлын шинэ менежментийг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд зориулалтын уут ашиглан дэлхийн өндөр хөгжилтэй бусад хотод нэгэнт тогтсон жишгийн дагуу хогны асуудлыг шийдвэрлэх оролдлогыг зохион байгуулалттайгаар харлуулж, иргэдийн итгэл, урмыг хугалан алс хэтийн ач холбогдол, учир утгыг нь алдагдуулсан. Нийслэлд хаа дуртай газраа бусдын саадгүй чөлөөтэй зорчих эрхийг зөрчин байрлуулсан машиныг ачиж шилжүүлэх, дугуйг түгжих зэргээр иргэдийн хүсэлтээр хэрэгжүүлж буй ажлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан мөн л улстөржүүлж, ямар ч үнээр хамаагүй хүчгүйдүүлэхээр улайран зүтгэж эхлэв. УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Д.Сумъяабазар “Гэр хорооллын дахин төлөвлөлт бол шоу, энэ бол бүтэхгүй”, “Нийслэлийг яаралтай нүүлгэе” гэх зэргээр дахин төлөвлөлтийн ажлыг гацаах, иргэдийн санаа сэтгэлийг үймүүлэхийг оролдож байна.

Сонгууль угтсан энэ мэт хариуцлагагүй улс төр нийслэлд хэрэгжүүлж буй их бүтээн байгуулалтад хор хохирол учруулж мэдэхээр хэмжээнд газар авч байгаа тул бид олон нийтэд хандахаас аргагүй болж байна. Гуравхан жилийн өмнө нийслэл Улаанбаатар хот ямар байдалтай байсныг сануулах хэрэгтэй боллоо. МАН-ынхан нийслэлийг сүүлийн 25 жилд мөнгө, эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг тогтолцоог дархалж, газрын наймааг дээд цэгтээ тултал цэцэглүүлж, хогондоо дарагдсан, түгжрэлдээ дарлагдсан хот болгосныг олон нийт мэднэ. Нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах наад захын хэрэгцээ шаардлагыг үл тоон хотыг гамшгийн байдалд хүргэсэн түүхийг нь нийслэлчүүд мартаагүй байгаа.

Улаанбаатарын хөгжлөөс хойш чангааж дордуулсан хариуцлагаа засч залруулахын оронд МАН-ынхан хотдоо урьдын адил хоноцын сэтгэлээр хандаж, Улаанбаатарыг бүх асуудалтай нь орхин явах замаар хариуцлагаас зугтах санаархлаа ил тодоор илэрхийлж байгаа нь нийслэлчүүдийн дургүйцлийг төрүүллээ. Ар шилээ харуулан зугтааж асуудлыг шийддэггүй.

Харин АН хотоо хот шиг болгоно гэсэн зорилтыг нийслэлчүүддээ дэвшүүлэн ажилласан билээ. Ийм учраас хотоо хот шиг болгохын тулд нийслэлчүүд бидэнд итгэл хүлээлгэсэн юм. Сүүлийн 3 жилд бид нийслэлд анх удаа гэх тодотголтой олон ажлыг эхлүүлэн, өмнөх удирдлагуудын “ажлын үр дүнд” бий болсон хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээр хичээн ажиллаж байна.

Бүтээн байгуулалтын ажил бүх салбарт эрчимжиж, зам барилгын ажлын хурд өмнөх жилүүдээс 2,5 дахин нэмэгдэж, МАН-ынхны шоу гээд байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд өнгөрсөн жил инженер, дэд бүтцийн шугаманд холбогдсон 588 айлын орон сууц ашиглалтад орж, эхний ээлжийн айлууд тохилог орон сууцандаа амьдарч байгааг нийслэлчүүд хэнээр ч хэлүүлэхгүйгээр мэднэ. Өнөөдрийн байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайд ажил үргэлжилж, энэ онд хамгийн багадаа 1800 айлыг инженерийн шугам сүлжээнд холбосон тохилог орон сууцанд оруулахаар төсөл хэрэгжүүлэгчид цаг нартай уралдан зүтгэж байна. Хувийн хэвшлийнхнийг нийслэлийн бүтээн байгуулалтад оролцох таатай боломжийг хангаж ажилласнаар 2013 онд 14 600, 2014 онд 20 000 айлын орон сууцыг Улаанбаатарт ашиглалтад орууллаа.

Хотын инженерийн байгууламжийг өргөтгөх, шинэчлэх талаар анхааран дулааны 27,5 км, цэвэр усны 25 км, бохир усны 20,6 км шугам татаж, ус, дулаан дамжуулах 27 төвийг барьж ашиглалтад оруулсан. Иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс 29 км үерийн даланг шинээр барьж, 5,5 км даланг сэргээн засварлалаа.

Мөн цахилгааны хүчдэлийг сайжруулах “Их тойрог” төслийн хүрээнд шинээр 3 дэд станц барьж, 118 км шугам татлаа. Алслагдсан дүүргийн гэрэл цахилгаангүй айл өрхүүдийг эрчим хүчээр хангах ажлыг эрчимжүүлж агаарын 90, хаалттай 62 дэд станц барьж, 104 км шугам татсанаар 2013 онд 7 000, 2014 онд 16 200, 2015 онд 1 460 айл буюу нийтдээ 24 700 орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангалаа. Гэр хорооллын ихэнх сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байсныг өнгөрсөн хоёр жилд бага сургууль-цэцэрлэгийн цогцолборуудыг шинээр барьж ашиглалтад хүлээлгэж өгснөөр хоёр ээлжээр хэвийн хичээллэх боломжтой боллоо.

МАН нийслэлд засаглаж байхдаа үлдээж хуримтлагдсан олон бэрхшээл, асуудал харамсалтай нь шидэт дохиураар дохисон юм шиг алга болчихгүй байна. Бид шат дараатайгаар ажлаа төлөвлөн урагшлуулсаар байна. Хот хур хогноосоо салж, хуримтлагдсан асуудлаа иргэдтэйгээ хамтран шийддэг шинэ зарчимд шилжсэн. Бас дүрэмтэй, журамтай болох эхлэл тавигдлаа. Нийслэлийн иргэд ч Улаанбаатар өдрөөс өдөрт өнгө засч өөрчлөгдөж байгааг хэлж, урмаар хүч нэмж байна.

Улаанбаатарыг эрүүл, аюулгүй орчинтой, дэлхийн жишигт хүрсэн хөгжилтэй нийслэл болгох чин зорилгоосоо бид ухарч няцахгүй. Нэг ч төгрөгийн хариуцлага хүлээхгүй хүмүүс нийслэлийн их бүтээн байгуулалтын ажлуудыг хорлон гацааж, иргэдийг хохироож болзошгүй байна. Хэрэв энэ хариуцлагагүй үйлдлүүдээс болж иргэд, хөрөнгө оруулагч нарт ямарваа нэг хохирол учирвал хариуцлагыг МАН хүлээх ёстой гэдгийг мэдэгдэж байна.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *