Нийслэлийг хэн удирдах нь ирэх баасан гарагт тодорхой болох нь. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, шинээр бүрэлдсэн НИТХ-ын анхдугаар хуралдааныг ирэх баасан гарагийн 11.00 цагт товложээ. Анхдугаар хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүдийг байгуулан дарга нарыг сонгоно. Мөн анхдугаар хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрийг дэвшүүлэх юм.
Улмаар Ерөнхий сайд захирамж гарган НИТХ-аас нэр дэвшүүлсэн хүнийг хотын даргаар томилдог. Гэхдээ НИТХ-аас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайд батламжлахгүй байх эрхтэй. Хэрвээ Ерөнхий сайд НИТХ-аас нэр дэвшүүлсэн хүнийг батлаагүй бол НИТХ дахин хуралдаж, нэр дэвшүүлэх ажиллагаа явуулна.
Түүнчлэн МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараа хуралдаж, нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх хүнийг сонгохоор төлөвлөсөн байна.
Одоогийн байдлаар нийслэлийн Засаг даргад НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Н.Алтаншагай, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, УСУГ-ын дарга асан Ц.Төрхүү, Нийслэлийн Засаг даргын орлогч асан М.Халиунбат нарын яригдаж байна. Тэднээс хэн нь намынхаа дэмжлэгийг авч нийслэлийг удирдах нь тун удахгүй тодорхой болох юм.