Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотноо анх удаа болох гэж буй Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд оролцох БНАСАУ-ын Пхеньян хотын дарга Ча Хуй Рим болон албаны төлөөлөгчдийг өнөөдөр(08.16) Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хүлээн авч уулзлаа. Уулзалт НЗДТГ-ын А танхимд болсон бөгөөд Монголын талаас НЗД-ын экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, НЗД-ын төсөл хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Отгонбаатар, НЗДТГ-ын гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг болон БНАСАУ-ын албаны төлөөлөгчид байлцлаа.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл: “Манай улсад тавтай морилно уу. Бидний урилгыг хүлээж авсан та бүхэнд баярлаж байна. Өнгөрсөн онд хоёр улсын хотуудын уулзалтыг анх удаа Пхеньян хотноо хийж байсан. Өнөөдөр Пхеньян хотын ардын хорооны дарга Ча Хуй Рим та төлөөлөгчдийнхөө хамт хүрэлцэн ирсэнд баяртай байна. Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танай улсад албан ёсны айлчлалыг хийсэн. Тухайн үед хоёр хотын хамтын ажиллагааны уулзалтыг анх удаа хийлээ. Өнөөдөр хоёр хотын хамтын ажиллагааны уулзалт болж байгаад баяртай байна. Та бүхнээс суралцах зүйл их байна.
БНАСАУ-ын Пёнъян хотын дарга Ча Хуй Рим: “Үзэсгэлэнт Монгол Улсад ирсэндээ баяртай байна. Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл таньтай уулзаж байгаадаа миний бие сэтгэл өндөр байна. Энэ удаа Зүүн хойд Азийн хотын дарга нарын формд биднийг урьж оролцуулж байгаад талархаж байна. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагаа сайжирч байгаад бид бүхэн баяртай байна. Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын гишүүн, тухайн үед сайд байсан Н.Баттулга нар манай улсад айлчиллаа. Энэхүү айлчлалууд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд маш их ач холбогдлыг өгсөн. Анх 2003 оноос хоёр хот ах дүүсийн харилцааны хот болж ирсэн. Энэ нь хоёр хотын хамтын ажиллагааны үндэс болж ирсэн юм. Энэ удаа Улаанбаатар хотноо болж буй Зүүн Азийн хотуудын бүс нутгийн уулзалт ард түмний эрх ашигт нийцсэн өндөр уулзалт болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд Э.Бат-Үүл дарга таньтай уулзаж байгаа завшааныг ашиглаад хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлж, цаашид хамтран ажиллах болно. Эрхэм таньд болон танаар дамжуулж Улаанбаатар хотын иргэд та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж байна.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл: Эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулж, хоёр хотын хамтын ажиллагаа улам сайн өргөжинө гэдэгт итгэж байна. Хотыг цэцэрлэгжүүлэх, барилгажуулах гээд та бүхнээс судлах зүйл маш их байна. 2013 оны дөрөвдүгээр сард УИХ-ын тогтоолоор Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг баталсан. Бидний энэхүү ажлын хүрээнд хийх ажлууд төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Энэ ажилд танай улсаас туршлага солилцоод зогсохгүй хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд улам их ач холбогдол болно. Би Солонгос хүмүүсийн ажилсаг зангыг хараад бахархдаг. Та бүгдийн саналыг баяртай хүлээж авах болно. Зүүн хойд Азийн хотын дарга нарын форм бидэнд маш их үр дүн өгнө гэдэгт итгэлтэй байна. Бидний урилгыг хүлээж авсан та бүхэнд баярлалаа.
Энэхүү уулзалтад БНАСАУ-ын Пёньян хотын дарга Ча Хүй Римээс гадна Ганвон мужийн Венсан, Өмнөд Хамгён мужийн Хамх, Расөн хотын ардын хорооны дарга нар болон албаны хүмүүс оролцлоо. БНАСАУ-ын төлөөлөгчдийн хувьд өнөөдөр, маргааш Улаанбаатар хоттой танилцана.
Нийслэлийн 375 жилийн ой, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд наймдугаар сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум”- ыг “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвийн дор зохион байгуулах гэж байна. Форумд БНХАУ, ОХУ, БНСУ, БНАСАУ, Япон, Монгол Улсын зэрэг нийт 20 хотын дарга нар, төлөөлөгчид, олон улсын байгууллагууд оролцох юм.