Categories
мэдээ нийгэм

Хотын дарга “Отгон-Од” клубын газар эзэмших эрхийг баталгаажууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын зориулалтаар барилга барих газар олгохыг хориглосон захирамж гаргасан билээ. Мөн хотын дарга өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Аяны хүрээнд орон сууцны ойр орчмын нийтийн эдэлбэр газрыг ашиглах эрхийг тухайн орон сууцны Сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх замаар эзэнгүйдэж, эвдэгдэж, сүйтгэгдэх эрcдэлээс хамгаалах, тухайн нийтийн эдэлбэрийн газарт зөвхөн оршин суугчдын эрх ашигт нийцүүлэн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжууд барьж, дахин төлөвлөлт хийн, тохижуулах боломж бүрдэх юм байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өмнөх даргын шийдвэрээс хохирсон иргэний хүсэлтийг хүлээн авч, судалсны үндсэн дээр өнөөдөр захирамж гаргаж газар эзэмших эрхийг нь баталгаажууллаа.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 1, 2, 9, 10 дугаар байрнуудын дунд талбайд “Хоккейн Отгон од клуб” 1996 оноос хойш хоккейн талбайн зориулалтаар ашиглаж, дүүргийн 4 дүгээр хорооны хүүхэд, залууст үнэ төлбөргүй хоккейн сургалт, дамжаа хичээллүүлж, үндэсний лигийн тэмцээнийг ч зохион байгуулж ирсэн байна. Харин Хотын дарга асан С.Бат-Үүл 2016 оны 6 дугаар сарын сарын 14-ний өдрийн А/484 дүгээр захирамжаараа хоккейн “Отгон од” ТББ-ын эзэмшлийн газар дээр иргэн Д.Батгэрэлд авто машины зогсоолын зориулалтаар газар эзэмших эрхийг давхардуулан олгосон байжээ.

Хотын дарга С.Батболд энэхүү хууль зөрчин олгосон газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгож, хоккейн “Отгон од” ТББ-д газар эзэмших эрхийн гэрчилгээг нь сэргээн өнөөдөр гардууллаа.

“Отгон Од” ТББ-ын ерөнхий менежер Н.Батболд “Энэ газрыг 2003 оноос хойш албан ёсны эзэмших эрхтэйгээр бид үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл 2014 онд өөр байгууллагад эзэмшүүлэх захирамж гаргасан байсан. Энэ асуудлаар бид Хотын даргад хандаж, хүсэлт гаргасан. Өнөөдөр манай гэрчилгээг сэргээж, хуулийн дагуу асуудлыг шийдэж өгч байгаад маш их талархаж байна” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Монголын шайбтай хоккейн шигшээ баг Зүүн хойд Азийн аварга болсонд бахархаж байдаг” гээд “Улаанбаатар хотод өвлийн спортыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Өвлийн спортын төрөл, зориулалтаар ашиглагддаг талбай олон байсан. Үүнийг буцааж хөгжүүлэхийн тулд нийслэлийн удирдлагын зүгээс тодорхой арга хэмжээ авч, өнөөдөр “Отгон од” клубынхэнтэй уулзаж байна. Улаанбаатар хотод үлдсэн ганц гэж хэлж болох тус клубын хоккейн талбайн эзэмших эрхийг хууль бусаар хүчингүй болгосон байсныг өнөөдөр сэргээн гэрчилгээг нь олгож байна. Цаашдаа өвлийн спортыг хөгжүүлэх, хоккейн талбайг бий болгох ажлыг хийх болно гэдгээ хэлмээр байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *