Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө НИТХ-д өргөн барилаа.
2016 оны ээлжит сонгуулиар нийслэлчүүдийн итгэлийг хүлээж, шинээр байгуулагдсан хотын удирдлагын баг ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа эдийн засгийн тооцоо судалгааг нягталж, Улаанбаатар хотын иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхэд түлхүү анхаарсныг хотын дарга онцоллоо. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, дүүрэг, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, иргэд сонгогчдын саналд үндэслэн үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлсон байна.
Нийслэлийн Засаг дарга эдийн засаг, хот байгуулалт дэд бүтэц, байгаль орчин ногоон хөгжил, нийгмийн хөгжил, засаглал гэсэн 5 бүлгийн хүрээнд үндсэн зорилгоо хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Тодруулбал, Эдийн засаг бүлэгт нийт 12 заалт, Хот байгуулалт, дэд бүтэц бүлэгт 35 заалт, Байгаль орчин, ногоон хөгжил бүлэгт 28 заалт, Нийгмийн хөгжил бүлэгт 27 заалт, Засаглал бүлэгт нийт 19 заалт бүхий ажлыг ирэх 4 жилд хэрэгжүүлэхээр тусгажээ.
Эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөлд нийслэлийн удирдлагууд хотынхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлт бий болгон, нийгмийн салбаруудыг дэмжих замаар иргэдийгнхээ амьдралыг эрс сайжруулахыг гол зорилтоо болгож байгааг хотын дарга С.Батболд хэллээ. Тэрээр “Өнөөдөр нийслэлийн хувьд онцгой өдөр. Учир нь ирэх дөрвөн жилд нийслэл хотод ямар ажил хийгдэх вэ, хотын шинэ удирдлагын бодлого юу вэ” гэсэн олон асуултанд хариулт өгөх хөгжлийн хөтөлбөрөө НИТХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьж байна. 4 жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа НЗДТГ, Захирагчийн ажлын алба, дүүргийн ЗДТГ, нийслэлийн харьяа газар агенталгуудаас ирүүлсэн хотын хөгжлийн төлөө санал, санаачилга, нийслэлийн иргэдийнхээ хүсэл эрмэлзэл, судалгаанд тулгуурлан тодорхойллоо. Улаанбаатар хот 1 сая 345 мянган хүн амтай, нийт үйлдвэр үйлчилгээний байгуулагын 70 хувь нь Улаанбаатар хотод төвлөрсөн томоохон хот. Тиймээс Улаанбаатар хөгжлийн ямар шатанд гарах ёстой вэ, хотын нийгэм, эдийн засгийг яаж сайжруулах вэ гэдэгт анхаарал хандуулж, энэ чигэлээр олон ажил хийхээр хөтөлбөртөө тусгалаа. Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даасан, иргэдийнхээ амьдрах , ажиллах тухтай орчныг бүрдүүлсэн, амжиргааг нь өөд татсан , үйлдвэрлэл хөгжсөн, олон улсын тавцанд Зүүн хойд Азийн бүс нутгийн аялал жуучлалын төв болгон хөгжүүлэх зорилт тавьсан” гэдгээ онцоллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг гардан авсан НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Нийслэлийн МАН энэ удаагийн ээлжит сонгуульд оролцохдоо “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөр боловсруулж, нийслэлийн иргэдийнхээ дэмжлэгийг авсан. “Аз жаргалтай хот” болох энэ хөтөлбөрөөс хотын даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан гэдэгт эргэлзэхгүй байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр нь иргэдээ дээдэлсэн үзэлд суурилсан, бүтээлч, ажил хэрэгч, айл бүхэн , иргэн бүрийн аж амьдралд нөлөөлж чадахуйц зорилтууд тусгагдсан гэдэгт би итгэж байна. Нийслэлийн удирдлагуудаас гаргаж байгаа аливаа шийдвэр айл өрх бүрийн хаалгаар орж, иргэн бүрийн амьдарлыг сайжруулахад нөлөөлж байх нь чухал. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ажил, амлалт бүхэн биелэн гэдэгт итгэж байна” гэлээ.
Хөтөлбөрийн гол агуулга нь үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлж, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлж, бичил бизнес эрхлэгчдэд олгох санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэн ажлын байрыг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, хотыг ухаалгаар төлөвлөж, хотын дэд бүтцийг найдвартай, хүртээмжтэй болгож, иргэдийн ая тухтай оршин суух нөхцлийг хангасан орчин үеийн ногоон хот болгон хөгжүүлэх, нийгмийн үйлчилгээний дэд бүтцийг сайжруулж, иргэн бүр эрүүл, боловсролтой байх нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч, Эрүүл- Аюулгүй хүнсээр хангах, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээнд шинэ менежментийг нэвтрүүлж, мэдээлжсэн, технологижсон хот болно. Мөн иргэдээ дээдэлсэн үзэлд суурилж, бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэн, аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээ, нийгмийн хамгаалал, дэд бүтцийн хөгжил цогцолсон “Эко” “Аз жаргалтай“ хот байх зорилт тавьж байна.