Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд цар тахлын нөхцөл байдлын улмаас багагүй хугацаанд хөл хорионд байсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын хувьд аль болох хөл хорио тогтоохгүй, аж ахуйн нэгж, байгууллагуудад хэвийн үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлэх, төрийн байгууллагаас үзүүлдэг аливаа дарамтыг байхгүй болгох, улмаар зөвлөн туслах, дэмжих чиглэлд анхаарч, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй бол хуулийн хүрээнд бүхий л нөхцөлд дэмжин ажиллахаа илэрхийлж байгаа. Тэгвэл өнөөдөр энэ хүрээнд 80 орчим аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй цахимаар уулзалт зохион байгуулж, тулгамдсан аливаа асуудлыг сонсож, тэдгээрт холбогдох албаны хүмүүсийн хамт хариулт өгсөн юм.
Тухайлбал, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Оргил хөл хорио тогтоосон үед үйл ажиллагааг нь зөвшөөрөх 15 аж ахуйн нэгжид тээвэр зуучлалын салбарыг нэмэхийг хүссэн. Учир нь тэдний үйл ажиллагаа зогссон үед нэн зайлшгүй шаардлагатай хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хүргэж чадахгүйд хүрээд байгааг уламжиллаа. Мөн салбарынхныг нэн даруй дархлаажуулалтад хамруулахыг хүссэн юм. Үүнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хариулт өгч, анхаарч ажиллахаа илэрхийлсэн бол Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Тавдугаар сард багтаан нийслэлийн хүн амын 60 хувийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн” гэдгийг хэллээ.
Мөн энэ үеэр “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг “Халдвар хамгааллын хувцсыг бид дотооддоо үйлдвэрлэж эхлээд байна. 2020 оны дөрөвдүгээр сард тогтоол гаргаж, халдвар хамгааллын бүтээгдэхүүний түүхий эд, материалыг татваргүй оруулж ирэхээр тусгасан. Гэвч өнгөрсөн арванхоёрдугаар сард дээрх тогтоолыг шинэчилж найруулан, халдвар хамгааллын бүтээгдэхүүний түүхий эд, материалыг татвартай болгосон хэрнээ бэлэн бүтээгдэхүүн татваргүй байгаа. Үүнд анхаарал хандуулж, цар тахлын үед дотоодын худалдан авалт, бүтээгдэхүүнийг дэмжихийг хүсье” хэмээсэн юм. Холбогдох албаныхан энэ асуудлыг анхааралдаа авч, УОК-т уламжлахаа илэрхийлж байлаа.
Мөн аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд Нийслэлийн Засаг дарга хийгээд холбогдох албаны хүмүүс тэдний саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд анхаарч ажиллах болсонд талархсанаа илэрхийлж байлаа. Түүнчлэн шийдвэр гаргахаасаа өмнө аж ахуйн нэгж, байгууллагуудын энэ мэт саналыг хүлээн авч, сонсож байхыг хүссэн юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Хөл хорио нь нийслэлд хотод үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдэд хүнд туссан. Тиймээс аль болох хөл хорио тогтоохгүй байх байр суурийг баримталж байгаа. Өдөрт халдварт авсан хүний тоо 437-д хүрлээ. Цаашид 500 гараад эхэлбэл улаан түвшин рүү шилжиж, хатуу хөл хорио тогтохоос өөр аргагүй байдалд хүрнэ. Хэрэв хөл хорио тогтоогоогүй бол эрүүл мэндийн салбарт ажиллах хүн байхгүй болно. Тиймээс бид 500-гаас дээш гарахгүйн төлөө ажиллах хэрэгтэй. Өчигдөр болсон УОК-ын хурал дээр миний бие гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр 5 хүртэл нөхцөл байдлыг харахыг хүссэн байр суурийг илэрхийлсэн. Хотын эдийн засаг, нөхцөл байдал аж ахуйн нэгжүүд та бүхэнтэй салшгүй холбоотой. Хэрэв дөрөвдүгээр сарын 5-19 хүртэл хатуу хөл хорио тогтоовол вакцинжуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулна гэдгийг холбогдох хүмүүст илэрхийлсэн. Аж ахуйн нэгжүүдээ бүх талаас нь дэмжиж ажиллана. Улаанбаатар хотын захиргааны үүд хаалга аж ахуйн нэгжүүддээ нээлттэй байна. Төрийн дарамт, хүнд суртлыг байхгүй чиглэлд үүрэг өгч ажиллаж байгаа. Улаан түвшин рүү шилжиж, хатуу хөл хорио тогтоохгүйн төлөө бүгд сайн ажиллая. Өдөрт халдвар авах хүнийг тоог 350-д барих тал дээр анхааръя. Төрөлх хотынхоо төлөө, бизнесээ хамгаалахын төлөө, эдийн засгаа босгохын төлөө хичээл зүтгэл гаргаж байгаа та бүхэнд талархаж байна” хэмээн ярилаа.