Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай болон Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дараах асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Нийтийн болон хувь хүний мэдээллийн тухай багц хуулийг дэмжиж байгаа. 2017 онд бүртгэлийг хуулийг шинэчилснээр олон мэдээллийг нээлттэй болгосон. Энэ дотор нээлттэй болгоно гэсэн ч хэрэгжихгүй байгаа маш том дата бол газрын мэдээлэл.
Нийтдээ нэг сая иргэн болон хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн мэдээллийг газрын албаныхан ил болгохгүй байна. Газрын мэдээллийг газрын албаныхан яагаад оруулахгүй байна вэ. Энэ мэдээллийг ил болгохоор газрын том мафи ханз үсрэх гээд байх шиг байна. Зарим хүн Улаанбаатар хотын А зэрэглэлд 80 гаруй газар авчихаад түүнийгээ зардаг, том авлигын сүлжээ бий болгосон байна. Энэ сүлжээ нь илэрчих гээд мэдээллийг оруулахгүй байгаа юм шиг байна” гэв.
Түүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Энэ хуулийн төслүүдийн үзэл баримтлалд газрын мэдээлэлтэй холбоотой асуудлыг мэдээлэл хариуцагч буюу төр ил болгох асуудлыг тусгасан. Өөрөөр хэлбэл, бүх төрлийн газар эзэмшиж, өмчилсөн иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг нийтэд ил болгоно. Газрын мэдээллийг хэн дуртай нь авч үзэх боломжийг бий болгоно” гэдэг хариулт өглөө.