Categories
мэдээ улс-төр

Хот, Засаг хоёр хоорондоо таарахаа больжээ

Хот, засаг хоёр үхрийн эвэр шиг хоёр тийшээ харчихаад шийдвэрүүд нь зүгээ олохгүй байна. Шөнө, оройгүй хуралдсаны эцэст Засаг нэг шийдвэр гаргадаг. Нөгөө талд Хот тэс хөндлөн шийдвэр гаргачихдаг. Хоорондын уялдаа холбоо байхгүйгээс болж шийдвэрүүд нь хоорондоо зөрчилддөг. Гарсан шийдвэрээ хамгаалаад хоорондоо үзэлцээд эхэлдэг, бараг л баруун зүүний манлайгаас босч ирэх л дутуу байна. Мөн тэдний шийдвэрүүдээс нь харахад Хот, Засаг хоёулаа амьдрал мэдэхгүй байна. Ухаандаа Хот болон Засгаас хэвлэл мэдээллийн салбарынханд хөл хорионы үед саадгүй зорчих тусгай зөвшөөрөл олгохоор болсон. Энэ нь иргэдийн мэдэх эрхийг зөрчихгүйн тулд хийж байгаа зөв арга хэмжээ байж болох. Гэтэл орчин үед хүн бүр хэвлэл мэдээллийн байгууллага болчихсоныг тэд тооцож үзсэнгүй. Энэ цагт үсэг, бичиг гадарладаг болгон нь сайт байгуулан эрхлэгч болж, хэвлэл мэдээллийн байгууллага удирдаад явж байгаа. Үүнийг Хотын захиргааны гадна үүссэн урт дараалал түвэггүй харчихаж болно. Зөвхөн Хот гэлтгүй адилхан автомашинаар зорчих зөвшөөрөл олгож байсан Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанд үйл ажиллагаа явуулдаг эсэх нь эргэлзээтэй сайтуудын эрхлэгчид олноор хандаж, ачааллыг нь хэд дахин нэмэгдүүлж орхисон байгаа юм. Эцэстээ энэ урт дараалал, ачаалал огт хэрэггүй болсон л доо. Хотоос хэвлэл мэдээллийнхнийг тусгай зөвшөөрөл авахгүйгээр нийслэлд зорчиж болно гэж мэдэгдсэн юм.

Ийнхүү Хот, Засаг хоёр хөрсөн дээр буухад түвэгтэй, хүндрэлтэй, мөн хэн нэгнийхээ ажлыг үгүйсгэсэн, унагасан байдлаар ажиллаад байна. Засгийн газрын шийдвэртэй зэрэгцээд Хотоос өөр нэг шийдвэр гаргахаар алиныг нь биелүүлэх ёстой эсэхэд эргэлзэхэд хүрч байна. Шийдвэр гаргах түвшинд санал зөрөлдөж харилцан бие биенээ үгүйсгэсэн тушаал заавар гарахад аливаа ажил шууд замхардаг. Бүхий л ажил унадаг, ажил цалгардаж удирдлагын хоосон орон зай үүсч дэвшүүлсэн зорилт огт урагш явдаггүй. Тэр ч утгаараа Хот, Засаг хоёрын аль алиных нь ажил явахгүй байна. Ажил явуулах хамгийн шилмэл арга бол нэгнийхээ гаргасан шийдвэрийг нөгөөх нь хөхиүлэн дэмжих, удирдах бүрэлдэхүүн нь нэг амаар дуугарах юм. Ингэж байж ажил урагшилдаг. Одоо Хот, Засаг хоёрын нэн тэргүүний зорилго хөл хориог сайтар сахиулж, цар тахлыг эрсдэл багатай даван туулах. Нэгэнт нэг зорилго чиглэлтэй юм чинь уялдаа холбоотой ажиллаж, саналаа нэгтгэж нэг амаар дуугармаар байна. Тэгж гэмээнэ үр дүн нь илүү байж чадна. Үл чадвал зорилгоо гүйцэлдүүлэхийн төлөө урагш алхана гэдэг улам л бэрх болно. Хот, Засаг хоёр зорилгоо биелүүлж чадахгүй бол төлөөс нь монгол хүний амь нас. Үүнийгээ мэддэг л байгаа даа, энэ Засаг, хотын удирдлага хоёр.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *