Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хот тойрсон хонины там

Түрүү цагийн монголчууд малд их хайртай байлаа. Мал зовоохыг нүгэлд тооцдог байсан. Тэр бүү хэл нядлах гэж байгаа малыг аль болох бага зовоодог байв. Мал төхөөрөх хар хүн ирж амжаагүй байвал нядлах малаа хэсэгхэн хугацаанд ч болов тэжээгээд, ус өгч аль болох тайван байлгана. Харин нэгдлийн үе буюу сүүлийн үеийн монголчууд малд хайргүй болчихжээ. Учир нь нэгдэлжих хөдөлгөөн монголчуудыг малд хайргүй болгочихсон юм. Аргагүй шүү дээ, хувийн малыг салгахын тулд албан татварыг нь өсгөчихсөн. Тэрнээс болж ялтай мал гэх ойлголт гарч байлаа. Ерөнхийдөө мал маллана гэдэг бөөн төвөг, тээр юм шүү гэдгийг ухуулан ойлгуулах төрийн бодлого явагдсан үе. Иргэд ч өндөр татвар өгөхөөс залхаад ялтай малыг нь өгөөд бушуухан холдож хот бараадъя гэх бодолтой болчихсон. Үлдсэн хэд буюу нэгдлийн мал маллаж буй хүмүүс малдаа хайргүй, мал маллах дургүй. Бүр мал маллахыг там гэж үздэг байв. Хөдөөгийнхөнд мал маллахаас өөр сонголт байгаагүй учраас ял эдэлж буй мэтээр сэтгэдэг байжээ. Гэхдээ малаа маллахдаа өсгөе, үр шимийг нь нэмэгдүүлье гэж ер бодохгүй. Сайн маллаж үр төлийг нь алдахгүй бойжууллаа гэхэд цалин, урамшуулал нэмэгдэнэ гэж ойлголт үгүй. Яахав ганц нэг айл төр засгийн ажлыг ингэж хийдэг юм гэж үзүүлэн маягаар олон малтай байсан байх. Харин бусдад нь малтай байсан ч ялгаагүй, байгаагүй ч ялгаагүй. Худлаа, үнэн нь хамаагүй малчин гэх нэр зүүе гээд хичнээн дургүй байлаа ч малаа маллана. Мэдээж хэрэг ийм сэтгэхүйтэй байхад ашиг, үр шим гэж ярих илүүц. Хамгийн гол нь тоо толгойг нь хорогдуулчихгүйхэн шиг аргацаагаад байж байвал боллоо. Илүү дутуу буюу сэтгэл гарган маллаж өөртөө ажил нэмэхгүй байх алтан дүрэмтэй амьдарч иржээ. Ингэж малыг үзэн ядуулж тээр төвөг мэтээр ойлгуулсан нэгдэлчдийн үеэс хойш олон жил өнгөрсөн. Нэг ёсондоо малчдад ийм сэтгэхүй суулгаснаас хойш хоёр, гурван ч үе өнгөрчихлөө. Тэрний үр дүнд өнөөдөр монголчууд малд үнэн сэтгэлээсээ хайргүй болсон байна. Уг нь дэлхий биднийг малд үнэхээр хайртай, малчин монголчууд гэж боддог. Гэтэл яг жинхэнэдээ бид малд дэндүү гэмээр хайргүй. Малдаа үнэнхүү харгис ханддаг ард түмэн магадгүй биднээс өөр байдаггүй байх. Хөл нь хугараад халуун наранд хэвтсэн гүүг хэзээ үхэхийг хүлээгээд гэрээсээ дурандаад сууж байдаг биз дээ. Очоод хөлийг нь боочихъё, босгоод авъя гэх ямар ч сэтгэлгүй, ойлголтгүй. Ерөөсөө л төвөг гээд бодчихно. “Өнөөдрийн энэ наранд тэсмээргүй юм, үхэх нь үү” гээд л хүлээгээд сууж байдаг. Бид иймэрхүү маягаар л малдаа ханддаг. Ямар сайндаа л хүүхэд зодож буй хүнийг хараад “Ямар мал зодож байгаа биш дээ” гэнэ. Малыг бол яаж ч байсан хамаагүй гэж боддогийн жишээ энэ. Бүр ойрхны буюу зэрлэг, балмад хандаж буйн томоохон жишээ нь хот тойрсон хонины там. Наадам дөхөөд ирэхээр хотын хоёр захад тэвш дүүрэн хонь ачиж ирээд зардаг. Сүүлийн үед наадам гэлтгүй байнга шахуу байдаг болчихож. Хэдэн мянган км-ээс ачиж ирсэн хонь, ямаагаа төмөр тэвшин дээр халуун наранд уяатай байлгана. Ус, өвс өгдөг гэвэл гонжийнжоо байлгүй. Ер нь тэнд амьд амьтан байгаа гэдгийг зарж байгаа нь ч, худалдан авч байгаа нь ч мэдэхгүй юм. Энэ тамыг бий болгохдоо хаа холоос төмөр тэвшин дээр дөрвөн хөлийг нь тэлж хүлээд авчирна. Шатахуун тээвэрлэдэг ёмкосттой тэрэгний дээд талд дөрвөн хөлийг нь тэлж уяхаас наахнуур юм болно. Замдаа өвс идүүлж, ус уулгана гэж хэзээ ч байхгүй. Бүр тэгэх ёстой гэдгийг ч мэдэхгүй. Энийг нь бид энгийн зүйл мэтээр боддог болчихож. Тэр хонийг заавал тэгж л авчрах ёстой мэтээр хүлээж авдаг учраас хэн ч гайхахгүй, хэн ч ам ангайхгүй байна. Тэгвэл хүн төрөлхтөн малыг яаж тээвэрлэдэг вэ. Халуунд сүүдэртэй, хүйтэнд нөмөртэй, доошоо тонгойгоод өвсөө идэж, усаа ууж болох нөхцөлд тээвэрлэдэг. Ингэж тээвэрлэхийг бүр хуульчлаад өгчихнө. Харин манайх энэ бүхний эсрэгээр амийг нь таслахаас наахнуур тээвэрлэж байгаа. Өөрсдөө л шинэ мах идэж, шинэ шөл ууж байвал бусад нь хамаагүй. Ингэж үйл тамыг нь үзэж авчирсан малаа хашаа нэртэй төмөр сараалжинд авчраад хийчихнэ. Улайссан халуун наранд майлах ч тэнхэлгүй болтол нь өдөржин хашсан хойноо өвс ногоо зулгаалгана гэж байхгүй. Шөнө бол бүр ч худлаа. Хулгайд алдчихна гэж айгаад машиныхаа тэвшин дээрээс ч буулгадаггүй биз. Бид олон ч удаа шөлний хонь ийм үнэтэй байна гэж сурвалжлага хийж байсан даа. Сүүлдээ тамлуулж буй малаа хараад зүрх шимширдэг болсон байна. Ер нь монголчууд мал, хүүхэд хоёртоо дэндүү харгис хандах юм. Хэл ам гаргаж зарга зальхай хийдэггүй учраас тэр. Дээрээс нь бид малаа амьд амьтан гэж огт хардаггүй. Зүгээр л мөнгө олох хэрэгсэл гэж хараад байдаг. Монголчуудад нэг муухай зан бий. Тэр нь мөнгө олох хэрэгсэл, ажил хоёртоо хайргүй чанар. Нэг үгээр хэлбэл ажлын байраа хайрладаг монгол огт байхгүй. Захын хүнээс ажил чинь сайн уу, цалин мөнгө болж байна уу гэж асуухад л ажлын байраа зүхээд эхэлнэ. Ерөөсөө л ажлаа зүхэж байх ёстой юм шиг. Хийж буй ажлаа там, ял гэж бодон хийдэг. Ялыг нь бушуухан шиг дуусгачихаад гэртээ харья, хийсэн дүр үзүүлж байгаад эртхэн тарах юмсан гэж боддог. Социализмаар дамжсан улс орон ийм байдаг юм уу, эсхүл монголчууд угаасаа ийм зантай юм уу бүү мэд. Ийм зан нь ч нөлөөлдөг байж магадгүй. Ямартай ч бид мал хайрлана гэдгийг мэдэлгүй 60, 70 жил явчихлаа. Ингэсний дүнд бид малтайгаа яаж харьцах ёс заншил, уламжлалаа ч мэдэхээ байсан байна. Тэрний жишээ нь хотын хоёр зах дээрх мал нядалгааны хэсэг. Өнөөх сараалжин дотор хашсан хонийг яаж нядалдаг гээч. Түмний нүдэн дээр чарлуулж байгаад төхөөрнө. Дэргэд нь хүүхэд, хүүхэн хэн ч байсан хамаагүй. Уг нь бол монголчууд хүүхэд, эмэгтэй хүн хоёрын нүдэн дээр мал нядлахыг тэвчдэг байсан. Ядах нь ээ, эхнэр хүүхдээ дотогш оруулж байгаад гэрийнхээ ард малаа муулдаг байлаа. Эх хүн, хүүхдэд улай үзүүлбэл хатуу сэтгэлтэй болно гэж цээрлэдэг байв. Өнөөдөр энэ ёс заншил, уламжлал хаа ч яваа юм бүү мэд. Мөнгө л олж байвал бусад бүх зүйл хамаагүй болчихож. Тэгвэл хүн төрөлхтөний жишигт ямар байдаг юм бэ. Монголоос бусад оронд малыг ил нядлахыг цээрлэдэг. Тусгай зориулалтын газар, тусгай технологиор гаргадаг. Хэрэв монголчууд шиг ил задгай, түмний нүдэн дээр зэрлэгээр гаргаж байвал хууль зөрчсөнд тооцогдож өндөр торгуул төлнө. Бүр ял эдэлж ч магадгүй. Дэлхий нийтэд амьтны эрх хүнийхээс бараг л дээгүүр тавигдаж байгаа шүү дээ. Мал бол амьтан. Бид тэрийг мэддэг, боддог болох хэрэгтэй. Мэдсэн хойноо дэлхийн хүн төрөлхтөний жишгээр амьдармаар байна. Хонь малаа зарж бололгүй л яахав. Харин зарж байгаа газрынхаа дэргэд бичил цехтэй болчихмоор юм. Тэнд малчид татвараа төлөөд малаа зарна биз. Хамгийн гол нь эрүүл ахуйн шаардлага хангасан, нүднээс далд газар төхөөрдөг болох хэрэгтэй. Худалдан авагчийн хүссэнээр гэдэс дотрыг нь цэвэрлээд, махыг нь эвдэж янзлаад өгдөг болъё. Хариуцаж буй хүмүүс нь өвс, ургамал жигдэрсэн хашаанд малаа тааваар нь идээшлүүлээд байж болно. Ингэвэл зарж байгаа амьд амьтанд ч, худалдаж авч буй хүний сэтгэлд ч хөнгөн байна. Тэгэхгүй бол сүүлийн үед мах иднэ гэхээс айдаг боллоо. Ингэж хот тойрсон хонины тамыг зогсоох хэрэгтэй. Юун төлөө бид чинь малчин монголчууд билээ дээ. Эцэг өвгөдийнхөө мал хайрладаг ухааныг өвөлж хөгжүүлээд ёс заншлын эсрэг, хүнлэг биш сэтгэлээр олсон мөнгөнд өндөр татвар ноогдуулдаг болъё. Бүр олсон орлогыг тэр чигт нь хураадаг болсон ч илүүдэхгүй. Мөнгө хүнлэг ёсноос давсан зурвас үеийг бид даруйхан зогсоох хэрэгтэй. Өнөөдөр зах зээлийн нийгэм юм чинь яасан ч яадаг юм бэ гэх үг хүн бүрийн амнаас гарч байгаа. Энэ бол туйлын буруу. Монгол Улс оршин тогтнохын тулд эхлээд хүнлэг ёс, ёс заншил, дараа нь мөнгө гэх эрэмбэтэй байх ёстой. Хүн төрөлхтөний жишиг ч ийм. Хүүхэд багачууддаа мал нядлаад махыг нь иддэг гэдгийг мэдүүлэхгүй өсгөх хэрэгтэй байна. Махыг үйлдвэрээс гаргадаг гэсэн ойлголттой болгоход ч буруудах юм байхгүй. Тэртээ тэргүй нас биед хүрсэн хойноо ойлгох юм чинь наана нь амьтан тамладаг жишээ харуулж балмад сэтгэлийг төрүүлэхгүй байя л даа. Тэрний оронд мал амьтан бол хүн төрөлхтөний анд нөхөр гэж үздэг ухамсар суулгах хэрэгтэй. Ингэж байж манай үндэстэн, монголчууд оршин тогтноно. Өнөөдөр бид хэтэрхий балар эртнийхээрээ байна. Дээрээс нь зах зээлд орсон гэх нэрийдлээр ёс заншлаа уландаа гишгэж байна. Ийм байдлыг хуулиар зохицуулах ёстой. Бид өмнө нь “Монголын үзэсгэлэнт нуур, цөөрөм 60 сая малын хөлд сүйдэж дууслаа” гэж бичиж байсан. Нуур, булгийн эхэнд малчин айл буугаад монгол орны хамаг л үзэсгэлэнтэй газрыг бузарлаад байдаг. Мал идэх ч өвсгүй болсон хойно нь хаяад нүүдэг. Байгаль цаг уур ч эмзэг болчихож. Ийм үед малыг нуур, булгаас амаар нь ус уулгахыг хүртэл хориглочихмоор байгаа юм шүү дээ. Тэгэхгүй бол таван мянган хоньтой малчин аль нэг нуурын эрэг дээр зуслаа гэхэд нуурын ус малын баас, шээсэнд дарагдаж юу нь мэдэгдэхгүй лаг, шавхай болоод байна. Бүр уул уурхайтай харьцуулахын аргагүйгээр байгаль эвдэж сүйтгээд байгаа. Энэ бүхнийг хуульчилж өгмөөр байна. УИХ мал аж ахуйтай холбоотой нэг сайн хууль баталж зохицуулалт хийж өгөхгүй бол монголчууд бид мал аж ахуйн орон гэж цээжээ дэлддэг нь яамай болох гээд байна шүү.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *