Монголын Үндэсний фронтын тэргүүн, бэлтгэл хошууч Генерал Б.Баярмагнайтай ярилцлаа.
-Фронт гэхээр яалт ч үгүй цэрэг армитай холбоотой үг байна л даа. Энх цагт энэ үгийг бид юу гэж ойлговол зүйтэй вэ.Танайх ТББ уу?
-Монголын үндэсний фронт бол ТББ биш. Харин ТББ, иргэний хөдөлгөөнүүд, эх оронч иргэдийн нэгдэл юм. Монголын Үндэсний фронт байгуулагдсан шалтгаан нь, Монгол Улс 1990 оноос ардчилсан чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд, ард түмэн маань төр засгаа өөрсдөө сонгодог болсон. Тэр цагаас хойш төр засгийн эрхийг хоёр нам ээлжлэн гартаа атгаж, төрийн эрх барьсан дээд байгууллагуудыг удирдсаар өнөөдөр, 2019 онд Монголын ард түмэн, Монгол Улсыг ямархуу байдалд оруулав. Ард түмэн ядуурал, туйлдлынхаа дээд цэгтээ тулчихсан, өр ширэндээ баригдчихсан, нөгөө талаас улс эх орны байдал нь өртэй болчихсон, төр засагт нь хямрал бүрэн хэмжээгээр нүүрлэчихсэн, тогтолцоо нь гажуудчихсан, засаглал нь мухардалд орчихсон, УИХ нь үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй. УИХ нь ёс зүй болоод эрх зүйн хувьд чадамжгүй болчихсон. Дээрээ мухардалд орчихсон, доороо ард түмэн ядуурлын туйлдаа хүрчихсэн энэ цэг дээр Монголын Үндэсний фронт байгуулагдаж байгаа юм. ТББ-ууд, шударга иргэд, иргэний хөдөлгөөнүүд дандаа тус тусдаа тэмцэж ирсэн. “Оффшорчидтой тэмцье”, “Төрийн өмчийн хулгайтай тэмцье”, “ЖДҮ болон бусад сангаас идэж уугаад байгаа нөхдүүдтэй тэмцье”, “Утааны эсрэг тэмцье” гэсэн жижиг жижиг тэмцлүүд явдаг ч ямар ч үр дүнд хүрэхгүй, тэрийг нь төр засаг замхруулах, хүчийг нь сарниулах маягаар явж ирлээ. Одоо бид нэгдэх ёстой юм байна. Бид нэгдэж байж л амжилтад хүрнэ. Нэгдье, зорилгоо нэгтгэе, нэг туган дор оръё, нэгдсэн удирдлага дор шилжье гээд хүрээд ирчихсэн улсууд байхгүй юу. Дан тэмцэгч улсууд гэж бас ойлгож болохгүй. Ардын Их хурлын зургаан депутат, төрийн албыг төгс хашсан гурван генерал, хурандаа нар, бэлтгэл офицерууд, ахлагч, байлдагч, түрүүч нар байна. Мөн урлаг, спортын алдартнууд, иргэний нийгмийн хөдөлгөөний зүтгэлтнүүд байна. Залуучууд ч хүртэл байна. Энэ бол бүгдээрээ нэгдчихсэн нэгдэл.
Фронт гэж үгийг мэдээж цэрэг армид л хэлдэг. Цэрэг армид өвөр талаа фронт гэж нэрлэдэг. Дайн тулааны үед дайсантай шууд нүүр тулан тулалдаж байгаа цэргүүдийг фронтын шугаман дээр байлдаж байна гэж нэрлэдэг. Бид бүхэнд яг үүн шиг фронтын шугаман дээр гарах цаг нь болчихсон. Ард түмний түмний үзэн ядалт, хорсол дээд цэгтээ тулчихсан. Гараад уулзсан ямар ч иргэн асуудалтай, өр ширтэй, зээлтэй, байнгын дарамт, шахалттай. Улс орны нөхцөл байдлыг харахад “Саарал жагсаалт”-д орчихсон. Төр засаг нь “Болж байна, бүтэж байна” гэж ард түмнээ хуураад байхад, дэлхий үнэлгээ тавиад “Саарал жагсаалт”-д оруулчихаад байна. Төр засаг нь “Оффшорчдын мөнгийг эх орондоо оруулна”, “Луйварчдыг цээрлүүлнэ”, “Төрийн албыг авлигаас салгана” гэж яриад байгаа боловч, яг бодитоор шийдсэн шийд байхгүй. Ард түмэн ийм ярианд нь хэдийнэ итгэхээ больчихсон. Ард түмэн төрдөө итгэх итгэл алдарлаа гэж ярих болсонд би эмзэгдэж явдаг. Төрд итгэх итгэл бол Монголын ард түмний хамгийн сүүлчийн итгэл. Төрд итгэх итгэл байхгүй болчихвол өөр юунд итгэх юм бэ. Монголын ард түмэн “Төрийн минь сүлд өршөө” хэмээн бэлгэшээдэг. Гэтэл төрдөө итгэх итгэл алдарлаа гэхээр өөр хэндээ итгэх болж байна. Харийнханд итгэх юм уу. Монголын үндэсний фронт бол ард түмний төрдөө итгэх итгэлийг буцааж авчирна. Монгол Улсын Үндсэн хуульд “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн заалт бий. Дээрээс нь “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхтэй” гээд заачихсан. Энэ заалтуудаа л хэрэгжүүлээгүй явсан. Үнэхээр л улс орон нь цааш явахгүй, мухардалд орчихсон юм бол бид нар энэ эрхийг нь ард түмэнд өгөхийн төлөө энэ тэмцлийг явуулна гэж бодож байгаа.
-Монголын Үндэсний фронтод армиас гарсан алдартай генерал, хурандаа нар байгаа нь ард түмэнд итгэл өгч байгаа бол эрх баригчид, улстөрчдөд айдас төрүүлж байна. Улстөрчид “Энэ хэдэн генерал, хурандаа нар төрийн эргэлт хийчих вий” гэсэн айдастай байгаа нь ил байна?
-Юуны өмнө Монголын үндэсний фронтод байгаа зэвсэгт хүчин, хил, цэрэг, цагдаа, тагнуулын байгууллагад ажиллаж байсан эдгээр бүрэлдэхүүнүүд маань бүгдээрээ тэтгэвэр, чөлөөндөө гарчихсан, бэлтгэл офицер, ахлагч нар. Бэлтгэл юм уу, чөлөөнд байгаа офицер, ахлагч нар бол энгийн хүмүүс гэсэн үг. Монголын үндэсний фронт байгуулагдсан өдрийнхөө баярыг тэмдэглэж бид дүрэмт хувцсаа өмсөж, хэвлэлийн бага хуралд оролцсоноос биш ердийн үед дүрэмт хувцсаа өмсөөд байдаггүй. Намууд баяраа хийхэд намд нь байгаа цэрэг, цагдаагийнхан дүрэмт хувцсаа өмсөөд явж л байдаг шүү дээ.
Цэрэгт алба хааж байсан, бэлтгэл офицер, ахлагч нар яагаад ард түмэнтэйгээ хамт байж болдоггүй юм. Бидэн дунд төрийн алба хашиж байгаа хүн байхгүй. Миний хувьд бусдаасаа арай өөр онцлогтой. Төрийн албаасаа татгалзаад, тэтгэвэртээ гарсан. Учир нь “Улс орныхоо төлөө явъя. Улс орон минь болохоо байчихсан байна. Бидний явж байгаа энэ зам буруу тийшээ явчихсан байна” гэж үзээд 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нээс тэтгэвэртээ гараад 2016 оны нэгдүгээр сарын нэгэнд “Би одоо яах вэ” гэж маш том мэдэгдэл хийж байсныг ард түмэн минь санаж байгаа байх.
-Тийм, тийм таны мэдэгдлийг санаж байна?
-Тэр мэдэгдэлдээ “Би Монгол Улсаа яавч буруу замаар явуулахыг хүсэхгүй байна” гэсэн. Байгалийн баялаг, нефтиэсээ болоод том гүрнүүдийн нөлөөнд автаж “Саддам Хусейн гэж том удирдагчаа та нар авчих юм бол Ардчилсан сайхан улс болно” гэдэг ятгалгад нь ороод Саддам Хусейныг бүгдээрээ устгуулчихлаа, одоо сайхан цаг ирэх нь гэтэл улс нь дэлхийн хамгийн тогтворгүй улс болоод Исламын улс бүлэглэл гэсэн алан хядах бүлэглэлийн үүр болчихсон улс байна шүү дээ. Би тэр улсад алба хаасан. Монгол цэргийн баг хамгийн анх 2003 онд Иракт үүрэг гүйцэтгэхэд би удирдаж явсан. Би тийм замаар эх орноо оруулмааргүй байна гэж тэр мэдэгдэлдээ хэлсэн. Мөн байгалийн баялаг, алмааз эрдэнэс (очир эрдэнэ) олж аваад хамгийн баян улс болно гэж мөрөөдөж яваад уул уурхайн зохисгүй бодлогын нөлөөгөөр алмаазны төлөө хоорондоо 11 жил байлдаад 400 мянган хүнээ алаад, хоёр сая хүнээ дүрвүүлснээс болж дэлхийн хамгийн ядуу улс болсон Сьерра-Леоне улсад би алба хаасан. Бас анхны багийг нь би удирдаж авч явсан. Би улс орноо тийм замаар оруулмааргүй байна гэж мэдэгдсэн. “Монгол Улсын иргэн би Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь, биеэ үл хайрлан батлан хамгаална” гэж цэргийн тангараг өргөж, 25 жил тасралтгүй алба хаахдаа харийн дайснаас эх орноо хамгаалахын төлөө өөрийгөө зориулж, нэг ч өдөр өөрийнхөө амин хувийг хичээлгүй, хоёргүй сэтгэлээр албаа хааж явсан. Албанаасаа гараад 2016 онд эргээд харахад эх орон минь тайван замаар эзлэгдэж байгаа юм биш биз дээ. Мөнгөнд дуртай дотоодын шунахай нөхдүүд, төрийн өмчийн хулгайч нар, ард түмэн, татвар төлөгчдийн мөнгийг хумслагчид, төрд төвлөрсөн ард түмний хөрөнгийг хувьдаа ашигладаг луйварчид харийн, гадаадын нөхдүүдийг эх орондоо оруулж, байгалийн баялгаа цөлмүүлээд явж байгааг хараад өөрийн эрхгүй тэднийг “Дотоодын дайсан” гэж үзсэн.
Ингээд л би одоо харийн дайсан биш дотоодын дайсантай тэмцэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тэмцлээ үг хэл, үйлс бүтээлээрээ харуулна аа гэж хэлж байсан. Үүний дагуу сайхан цагийг авчрахын тулд өөрийнхөө төлөө тэмцэж байгаа юм биш ээ. Үр хүүхэд, хойч ирээдүйнхээ төлөө тэмцэж байна. Үр хүүхдүүд маань сайхан амьдраасай, тэдэнд ядаж, ухаж олзворлох жаахан ч болтугай баялаг үлдээчихээч ээ. Ямар муухай сувдаг сэтгэлээр эх орныг минь ухаж төнхөж, гадагш нь зөөж байна вэ. Аймаг, сумандаа юу болж байгаа тухайн мэдээллийг тухайн газрын иргэд нь хагас дутуу мэддэг. Улаанбаатарт байгаа иргэдийн хувьд мэдээлэл дунд амьдардаг. Миний хувьд Монгол Улсаа хэд хэдэн удаа тойроод үзчихсэн, шалгалтаар ч явж байлаа. Монгол Улсынхаа газар нутаг, байгалийн баялаг, тусгаар тогтнолыг нүдээрээ хараад явж байсны хувьд сэтгэл эмзэглэхээс өөр аргагүй. Энэ эх орныг бид өвөг дээдсээсээ бүрэн бүтэн хүлээж авчихаад, одоо үр хүүхдэдээ онгорхой улс хүлээлгэж өгөхөөр сэтгэл эмзэглээд байна. Тиймээс үүнийг л зогсоож, бодлогогүй төрийг цааш нь үргэлжлүүлэхгүй. 1992 оноос хойш бид төр засагтаа итгээд л сонголтоо хийгээд хүлээдэг байсан. Одоо бидэнд хүлээх цаг байхгүй. Ийм улсуудыг дахиж хэзээ ч сонгох шаардлагагүй. ЖДҮ гэж яриад байдаг. Энэ бол зохион байгуулалттай бүлэг гэмт хэрэг байхгүй юу. Үүнийгээ шийддэг, шийтгэдэг юм байхгүй. Хамгийн харамсалтай нь үүнд хариуцлага тооцдог ямар ч механизм алга. Зүгээр л ярьдаг, ард түмний өмнө. “Одоо энийг шийтгэнэ”, “Зайлаарай”, “Яваарай” гэж байгаа боловч яг үнэндээ хэнийг зайлуулаад, хэнийг явуулчихсан юм бэ. Төрийн дээр нам гарчихсан. Ийм байхаар чинь ямар юмных нь төрийн бодлого гарах юм бэ. Ийм байхад ард түмэн яаж төрдөө итгэх юм бэ. Эрх баригч нам нь улсаараа тоглож байдаг тогтолцоотой болчихсон. Нам нь ахмадын байгууллага гээд бүх хөгшчүүлийг хажуудаа авааччихсан. Эмэгтэйчүүдийн байгууллага гээд бүх эмэгтэйчүүдийг нэгтгээд авчирчихсан. Залуучуудын байгууллага, оюутны байгууллагыг хүртэл дэргэдээ нэгтгэчихсэн. Одоо цаана нь намын дэргэд нэгтгэхэд цэцэрлэг, яслийн хүүхдүүд л үлдээд байна. Ийм байдлаар явна гэж байхгүй.
-Ирэх оны сонгуулийг угтаад намчирхал гэдэг юм сэдэрч эхэллээ?
-Айл гэр ч дотроо гурав хуваагдчихсан. Дундговьд манай нутагт явж байхад аав нь АН-ынх, ээж нь МАН-ынх, хүүхэд нь МАХН-ынх. Эд нар санаатайгаар хуваагдаж байгаа юм биш. Аль нэг нь явбал манай гэр бүлд хэрэгтэй гэж бодож байгаа байхгүй юу, зайлуул. Аль нэг нь ялбал тэр нь гэр бүлээ дөрвөн жил тэжээх хэмжээний цалинтай золгоно л гэж тэр шүү дээ. Малчин хүртэл “Тэр айл АН-ын айл”, “Энэ айл МАН-ын айл” гэж хуваагдаж, сумын Засаг дарга нь өөрийнхөө намын малчныд өвс өгнө. Нөгөө намын айлд өвс өгөхгүй. Ийм өрөвдөлтэй байдалтай явж байна гэдэг бол төрийн завхрал дээд цэгтээ хүрчихсэний шинж. Үүнийг Монголын ард түмэн мэддэг ч хэлж чаддаггүй. Хэлье ээ гэхээр тэнгэр хол. Үүнд нь Монголын үндэсний фронт тэргүүн шугаманд нь гараад ирье, ард түмэн үүнийг хүрээлээд өг, ард түмэн бүгд нийлээд энэ байдлыг зогсооё, зөв замд нь оруулъя. Үр хүүхдэдээ бүрэн бүтэн улс үлдээе.
-2008 оны долдугаар сарын 1-нд болсон үйл явдлаас хойш монголчууд жагсаж, цуглаж, бөөгнөрөхөөс нэг л айж, жийрхдэг болсон талтай. Монголын үндэсний фронд энэ сарын 7-нд Д.Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар болсон. Ямар жагсаал болох вэ?
-Монголын үндэсний фронтын гишүүд дэмжигчид маань фронтыг бүрдүүлсэн үүсгэн байгуулагчдыг зүгээр битгий суу, гудамжинд гарч тэмц гэж шаардаж байгаа. Мэдээж шууд гарах нь эрсдэлтэй учир дотооддоо зохион байгуулалтад орж нэгдсэн удирдлагатай болох ёстой, нэг командаар хөдлөх ёстой. Тийм учраас манай фронтынхон намайг цэргийн хүн гэдэг утгаар нь тэргүүнээрээ сонгосон. Энэ фронт нэг командаар, нэгдсэн удирдлагаар хөдөлнө. Хэн нэгэн дур мэдэн хууль бус үйл ажиллагаа явуулж, олон нийтийг үймүүлсэн эмх замбараагүй байдалд турхирах, эсвэл ямар нэг байдлаар хүч хэрэглэх тийм зам руу орохгүй. Бид тайван замаар, шаардлага хүргүүлэх маягаар ойлгуулах замаар хийнэ. Гэхдээ нөгөө талд эрх мэдэл, бүх хууль хүчний байгууллага эрх баригчдын мэдэлд байгаа. Харамсалтай нь сүүлийн үед манай хууль хүчний байгууллага, төрийн цэргийн байгууллага, хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудыг маш олон удаа сольж, шинэчилж, өөрчилж байгаа. Солих, шинэчлэх болгонд хүч нь суларч байдаг. Доройтож байдаг. Энэ бол Монгол төрийн бодлого биш. Монгол төр тогтвортой байвал тэр нь Монголын төрийн бодлого. Тогтворгүй, хүчгүй, сул дорой байх нь харийн бодлого. Ийм байдалтай байхад бид тусгаар тогтнол, аюулгүй байдлын тухай ярих шаардлагагүй.
Сонгуулиас сонгуулийн хоорондох ажилдаа хууль хүчний байгууллагыг татан оролцуулж, цол хэргэм, энгэр дэх одон медалиар өөртөө татах эсвэл даалгавар гүйцэтгэх маягаар томилгоо хийгээд байгаа нь улс оронд тогтворгүй байдал бий болгоод байна. 2019 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд Монголын үндэсний фронт уриалаад бүх нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулахаар гишүүд, дэмжигчдийнхээ III хурлаар шийдвэрлэсэн. Мөн энэ УИХ ёс зүй болоод эрх зүйн чадамжгүй болсон учир УИХ-ыг тараах шаардлага хүргүүлье гэж шийдсэн. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг тараах хоёр ч удаа шаардлага хүргүүлсэн ч хүлээж аваагүй. УИХ өөрөө тарах гээд бараагүй. Энэ бүхэн бол юу хийхээ мэдэхгүй, мухардал, гацаанд орчихоод байгаатай холбоотой. Тэгвэл ард түмэн яагаад энэ УИХ-ыг тарааж болдоггүй юм. Үндсэн хуульд “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасны дагуу УИХ-ыг тараая гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу бид жагсаал цуглаан зохион байгуулж, Нийслэлийн Засаг даргад мэдэгдлээ хүргүүлчихсэн. Бэлтгэл ажлаа ид явуулж байна. Ард түмэн маань Монголын үндэсний фронтоо дэмжээрэй. Магадгүй 1992 оноос хойш болж байгаа хамгийн том жагсаал болно гэж тооцоолж байгаа. 2008 оны жагсаал бол цуглаан биш, турхиралт л байсан. Ард түмний хувьд жагсаал цуглаанаас айх айдасгүй болсон.
Үргэлжлэл бий