Бээжинд жил бүр зохион байгуулагддаг “Хос хуралдаан 2022” ээлжит хуралдаан болж өндөрлөв. Энэхүү хурлыг Хятадын “Ардын төлөөлөгчдийн их хурал” болон “Улс төрийн зөвлөлдөх зөвлөл” гэсэн хоёр том байгууллага хамтран зохион байгуулдаг юм. Хурлаас гарсан шийдвэр бүр 2022 оны Хятадын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн зураглал болох тул тус улсын зах зээлийн аль ч тоглогчийн хувьд чухал ач холбогдолтой үйл явдал болдог. Мөн улс орны бодлогын ерөнхий чиг хандлагыг илтгэдэг тул Хятадын дотоодын зах зээлээр тогтохгүй гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ч уг хурлын шийдвэр байнга татаж байдаг.
Улс төрийн зөвлөлдөх зөвлөл нь бизнес эрхлэгчдээс эхлээд кино жүжигчид хүртэлх Хятадын нийгмийн янз бүрийн салбарын 2000 гаруй гишүүнтэй байгууллага юм. Харин Ардын төлөөлөгчдийн их хурал нь Хятадын хууль тогтоох дээд байгууллага бөгөөд нийт 3000 гаруй гишүүнтэйгээс тал орчим хувь нь эмэгтэй гишүүд байдаг. Дээрх хоёр байгууллага аль аль нь таван жил тутамд гишүүдээ шинээр томилдог юм.
“Хос хуралдаан 2022” хурлаар дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, “Ковид-19”-ийн бодлого, нүүрсний үйлдвэр, эрчим хүчний тогтвортой байдал, хүн амын насжилт, төрөлтийн хэмжээ, хүүхэд эмэгтэйчүүдийн эрх гэх мэт асуудлуудыг хөндөж хэлэлцжээ. Түүнчлэн, Орос Украины асуудлыг ч хурлын үеэр хэлэлцэв. Уг хурлыг Хятадын коммунист намын улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ван Ян даргалсан байна. Нийт 2758 төлөөлөгч уг хуралд оролцжээ. Хуралдааны дүнд Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 5.5 хувиар өсгөх, 11 сая шинэ ажлын байр бий болгох, Хэрэглээний үнийн индексийг гурав хувь орчимд барих, үр тарианы үйлдвэрлэлийг 650 сая тоннд хүргэх, Татварын буцаан олголтыг 2.5 их наяд юаньд хүргэх, юанийн ханшийг тогтвортой байлгах шийдвэрүүд гарав.
Эдгээрээс гадна улс даяар нэгдсэн эрүүл мэндийн кодыг бий болгох, хүн амын орлогын албан татварын босгыг өндөрсгөх, 60-аас дээш насныхны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бууруулах зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.
Хуралдаан нэн тэргүүнд хүнсний аюулгүй байдлын асуудлыг онцлов. Хятад улс дэлхийн тариалангийн талбайн есөн хувь, цэнгэг усны нөөцийн зургаан хувийг эзэлдэг бөгөөд үүгээрээ дэлхийн хүн амын тавны нэгийг тэжээж байна. Үндэсний хорооны тавдугаар чуулганы хуралдааны үеэр Си Жиньпин дарга “Хятадын 1.4 тэрбум хүн ам хоол унд сайтай байна. Хятад хэдий үйлдвэржсэн орон ч гэлээ хүнсний хангамжийн асуудлыг хэзээ ч ач холбогдолгүйд тооцож болохгүй” гэж онцлон тэмдэглэжээ. Мөн Хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд 114 их наяд юань байсан. Энэ нь дэлхийн эдийн засгийн 18 орчим хувийг эзэлж, хоёрдугаар байранд оржээ. 2021 оны хувьд 8.1 хувийн өсөлттэй байсан бол 2022 онд 5.5 хувиар өсгөх зорилт тавьсан байна.
Жил бүрийн чуулганаар эдийн засгийн дэвшлээс гадна тогтвортой байдлаа хадгалах Хятад улсын ерөнхий зарчмын талаар ч яригддаг. Хятад улс 2060 он гэхэд нүүрстөрөгчийн хийн ялгаралтыг саармагжуулна гэж амласан. Тэгвэл Си Жиньпин дарга “Нүүрстөрөгчийн хийг бууруулах ажлыг хийхдээ эрчим хүч, хүнс үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал, ард иргэдийн хэвийн амьдралын нөхцөлийг сайжруулна. Хурдан үр дүнд хүрэхийн төлөө яарахгүй” гэсэн байна. Хятад, АНУ-ын асуудлыг ч чуулганаар хэлэлцэхээ мартсангүй. Хурлыг даргалагч “Хоёр улсын харилцаа холбоо улам бүр ахисан түвшинд хүрэх ёстой. Санал зөрөлдөөнөө оновчтой, бүтээлч байдлаар зохицуулж, бие биенийхээ үндсэн ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандана гэдэгт бид итгэж байна” гэв. Бас 2022 онд Хятадын эдийн засаг эрэлт багасах, нийлүүлэлт тасрах, хүлээлт сулрах гэсэн дарамттай тулгараад буй аж. Тиймээс эдийн засгийн тогтвортой байдлыг нэн тэргүүнд тавьж, ахиц дэвшил гаргах ёстой гэжээ.
Чуулганы хуралдаан дээр хамгийн олон удаа дурдагдсан үгсийг “CGTN News” онцлов. Үүнд, нүүрстөрөгчгүй ногоон хөгжил, эдийн засаг, тогтвортой байдал, ажлын байр, 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө, татварын буцаалт зэрэг үгс орсон байна. Ерөнхий сайд Ли Көчян энэ оны гол зорилтыг “Макро эдийн засгийн тогтвортой үр дүнд хүрч, эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг зохих хэмжээнд барьж, макро бодлогоо чангатгах замаар зах зээлийг тогтвортой байлгаж, ажлын байрны аюулгүй байдлыг хангах юм” гэж тодорхойлов. Түүнчлэн иноваци нь Хятад улсын тэргүүлэх чиглэл хэвээр байх бөгөөд цаашид татварын хөнгөлөлт үзүүлэх замаар аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлж, тэднийг эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд сургуулиуд болон эцсийн хэрэглэгчидтэй нэгтгэхийг зорих аж. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдийн судалгаа, хөгжүүлэлтийн зардалд 75 хувийн нэмэлт татварын хөнгөлөлт үзүүлэх юм байна. Мөн гадаад худалдааг тогтворжуулж, гадаадын хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжинэ гэж онцолжээ.
Г.АМАРСАНАА