Categories
мэдээ нийгэм

Хорооны Засаг дарга нарыг хууль бусаар томилж байна

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун болон Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга нар өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

“Нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт Ардчилсан нам засаг барьж байгаа. Эдгээр дүүрэгт ИНХ-ыг хууль бусаар хийж ИНХ-ын дарга, Засаг дарга нарыг сонгох ажлыг хууль бусаар явуулж байна. Хорооны Засаг дарга, ИНХ-ын даргыг сонгохдоо сонгуулийг 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж холбогдох хуульд заасан байдаг. Энэ гурван дүүрэгт ИНХ-ыг зарлахгүйгээр хуралдуулж байна. Мөн өөрсдийн тойрон хүрээлэгч АН-ын гишүүд дэмжигчдийг цуглуулж, хурал хийн Засаг дарга, ИНХ-ын дарга нарыг сонгож байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох сонгогдох эрхийг зөрчиж байна. Үүний дагуу НИТХ-аас дүүргүүдийн ИТХ-ын дарга нарт албан бичиг явуулж байна. Энэ гурван дүүргийн бүх хороонд ийм асуудал үүсгэж байгаа нь зохион байгуулалттай гэж үзэж байна. Тиймээс хуулийн хүрээнд дахин зохион байгуулах хэрэгтэй. Хуулийн хүрээнд зохион байгуулахгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах болно” хэмээн НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун ярилаа.

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баттүвшин “Энэ сарын 9-нөөс эхлэн ИНХ-ыг хууль бусаар зарлан хуралдуулж байна. Ардчилсан намын хэсэг гишүүн, хэсгийн ахлагч нар, ах дүүсээ цуглуулж луйврын аргаар хурал хийх үйл ажиллагаа явагдаад үндсэндээ дууслаа. Амралттын өдрөөр өглөө 06:00-08:00 цагт хурал хуралдуулах, өөр хорооны нутаг дэвсгэрт хуралдах, өөр дүүрэг, хорооны иргэдийг шилжүүлэн авч ирэх зэрэг зөрчил гарч байна. Тиймээс дүүргийн удирдлагууд хуулийн дагуу, иргэдийнхээ эрх ашгийг дээдэлж шударгаар баг, хорооныхоо ИНХ-ын дарга, Засаг даргаа сонгох үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй” хэмээн ярилаа.

“Манай дүүргийн 23 хороонд эдгээр бүх зөрчил яг ижил түвшинд гарсан. Үүнээс үүдэлтэй иргэдийн дунд намын талцал, хуваагдал үүсч байна. БГД-ийн нийт 11 хорооны иргэд хууль бус үйлдлийг эсэргүүцэж шүүхэд хандсан байдаг. Шүүхийн анхан шатны шийдвэрээр БГД-ийн Засаг дарга С.Одонтуяаг тус дүүргийн 23 хорооны ИНХ-ын хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрч, Засаг дарга нарыг томилж байгаа нь иргэдийн эрх ашгийг боогдуулж, холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн байна гэж тогтоосон. Ийм байхад БГД-ын Засаг дарга, ИТХ-ын дарга нар улайрсаар байгаад Засаг дарга нарыг томилсон. Мөн хороогоор дамжиж иргэдэд хүрдэг төрийн үйлчилгээ ялгавартай байх болсон. Энэ бол бүр ил цагаандаа гарсан” хэмээн БГД-ийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Ж.Баатар мэдэгдлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *