Categories
мэдээ цаг-үе

Хорин жилийн өмнө өвөөтэйгөө үзсэн наадам

Зүүн гар талаас гурав дахь нь манай өвөө. 1980-аад оны дундуур

Төв аймгийн Зам анги Хархорин чиглэлийн зам барихаар бригадаар гарчихсан байлаа. Зам барих явцад чанарын хяналтыг өдөр тутам, цаг болгонд тавьж байснаар уг зам барих ажил анхны дотоодын хяналттай шинэ зам гэдгээрээ олон хүний анхаарлыг татаж байсан юм даг. Манай аав “Укладчик” буюу асфальт дэвсэгчийн оператор, ээж гар ажилчин. Өвөө маань манаач. Харин би өвөөгийнхөө “тогооч”-оор тэр зун ажиллаж билээ.

Бид өвөөгөө Хөгшин аав гэцгээнэ. Хөгшин аав бид хоёр бригадаас бүр наана, замын ажлын эхэнд үлдсэн хэдэн техник, бага сага мод, чулуу мэтийн материалаа манадаг ажилтай. Өглөө унтаж байхад дарга нар ирж манаачийн сонор сэрэмжийг шалгана. Хөгшин аав годхийгээд босч дарга, даамал, инженерүүдтэйгээ уулзана. Бид хоёр дөрвөн дугуйтай вагончиктай. Хоёр давхар, модон ортой. Дөрвөн хүн амьдрах “хүчин чадалтай”. Жижигхэн түмбүүчигтэй. Доод талын орны банзыг сөхөөд хувцас, хунар элдэв хог новшоо хийчихнэ. Нэг буланд нь өндөр зуухтай. Манай өвөө насаараа тээврийн жолооч хийсэн хүн. Нэр нь Ядамын Баакаа. Баян-Өлгий, Ховд, Увсынхан “Баакаа жолооч” гэхээр андахгүй. Насаараа гартаа ачааны машины жолоо барьсан болохоос гурилын элдүүр барьж үзээгүй, гал тогооноос даанч хол хүн байлаа. Цайгаа нэг юм чанаад уучихна. Цуйван, бууз, банз, хийцтэй цай, будаатай хоол, гоймонтой хуурга мэтийн “нандин” хоол хийх үед би “мастер” тогоочийн дүрд орж, харин өвөө миний туслах болно. Манай өвөө хоолонд тааруу. Нэг удаад аяганы дундуур хоол идвэл их юм. Өвөө шөнө дунд, үүрээр босч манааны газраа эргэдэг ажилтай. Өдөр нь бид гадаа л сууна. Өөр юу хийх юм. Манаач гэдэг чинь ёстой уйтгартай, хийх юм байхгүй ажил байдаг юм билээ л. Заримдаа бага үд гэхэд өвөө алга болчихно. Тэгээд оройны хоолны өмнө инээчихсэн хүрч ирнэ. Тэр хавийн өвөгчүүлтэй нийлж данхтай шимийн юм, хултай айраг тавьж байгаад муушигдсанаа ярина. Өвөө айраг уусаар байгаад хоолонд сайжирч нэг дор хоёр аяга хоол идчихдэг боллоо. Тэндхийн өвөө нартай нийлж бага сага хараал ч сурч авчээ, бас болоогүй. Намайг цуйван хийхэд гурил шарж тус болж байгаад гараа зууханд түлчихээд “Пиддаа, пиддаа” гэж байна.

Өглөө ид сайхан унтаж байхад вагончик маань газар хөдөлж байна уу гэлтэй нааш цааш ганхана даа. Дайвалзаад учиргүй. Тэр хавийн айлуудын үхэр мал ирчихээд манай муу “байшин”-д биеэ үрж загатнаагаа гаргаж байгаа нь тэр. Ойр орчим тарвагатай болохоор аав ажлынхаа чөлөө заваар ирж намайг дагуулж ганц хоёр тарвага агнаж өгч бид хоёрын тогоог тосолж өгчихөөд бригад руугаа явчихна. Өвөө айраг эргүүлээд таван гар суучихаар би өдрийн цагаар манаачийн үүрэгт ажилд хүсэн хүсээгүй “томилогдоно”. Хүмүүс зам асууж ирнэ, айл сураглана, “Шатахуун байхгүй биз. Зам анги юм чинь байгаа даа, зарчих” гэнэ. Манай урдуур Хархориныг зорих машинууд өдрөөс өдөрт нэмэгдсээр байлаа. Зам ангийн бригад Хархориноос 30 гаруй км зайнд байрлаж байсан санагдана. Би “байшин”-гийнхаа шатан дээр суучихаад аман хуур “хангинуулна”. Хажуугаар өнгөрсөн хүмүүс намайг ёс юм шиг харж, зарим нь гар даллан мэндчилдэг байв.

Хүмүүсээс сураг сонсоход Хархоринд анх удаа их том наадам болох гэж байгаа бололтой. Тийм болохоор хүмүүс тэр наадмыг зорьж байгаа нь энэ гэдгийг их сүүлд мэдэв. Сүүлдээ машинууд одооных шиг түгжрэх шахуу л ар араасаа өдөр, шөнөгүй гэлдэрцгээх боллоо. Даншиг ч гэнэ үү, “Их хурд” ч гэнэ үү их л мундаг наадам болох гээд Монгол орны тал бүрээс наадамчин олон цуглаж байгааг мэдлээ. Хөгшин аав бид хоёр дээр Зам ангиас бараг хүн ирэхгүй. Дарга нарын хааяа хийдэг шалгалтыг эс тооцвол бид хоёрт хэцүү юм ер алга байлаа. Зам дагуу бүх юм ил ч нэг ширхэг ч эрэг, боолт, банз хулгайд алдсангүй. 1998 он гэхээр одоогоос яг хорин жилийн өмнө болж таарч байна шүү.

Шинээр тавьж байгаа замын цаагуур гаргасан түр замын ачаалал илт нэмэгдэж, давхилдсан машинуудын тоосонд бид хоёр, хэдэн техниктэйгээ дарагдлаа. “Засс наадам маадам ямар хамаа байна, хэццц” ухааны юм бодоод тоохгүй байсан миний сэтгэл хөдлөөд эхэллээ дээ. Сураг сонсох нь ээ, манай бригадынхан тэр наадам руу явах гэж байгаа бололтой. Тэгэхтэй зэрэг л нутаг руугаа гүйх гэж байгаа адуу шиг муу вагончиктоо тогтохоо байлаа. “Бид хоёрыг хүн чинээ тоохгүй байгаа юм даа. Хоол хүнс дууслаа. Ямар юмаа идэж ууж байгаа бол гэж боддоггүй юм байх даа. Усанд сироп найруулж уусаар байтал биеэр түүхий туурлаа” гээд л орж гарч үглэлээ дээ, би. Угаасаа даруу, чимээгүй суудаг өвөө маань юу ч хэлсэнгүй. Уг нь хүнс ирэх ёстой сон. Тэгж байтал аав, ээж ирж нар гарав. Бид хоёрыг наадам үз, тэр хооронд бид хоёр манаач хийж байя. Бригад дээр бараг хүн амьтан байхгүй. Та хоёр бригадаас унаа олоод наадам үз гээд надад найман мянган төгрөг өгөв. Баяжчихлаа. Наадам дээр очоод “Чокопэй” иднэ гэсэн бодол л төрлөө. Ингээд өвөөтэйгөө анхдугаар “Их хурд” наадмыг үзэхээр Хархорин, Орхоны хөндийг зорив.

Усан бороо хувин хувингаар цутгаж байгаа юм шиг асгарна. Худалдаа наймаа эрхэлж байгаа хүмүүс бараагаа хумьж гялгар уут нөмөргөнө. Хүмүүс шүхэр, саравч, майхан, хуушуурын гэр гээд энд тэнд хорно. Усан бороо зүсэрнэ. Хаана барилдаан, хаана морь нь уралдаад байгааг мэдэх юм алга. Өвөөгөө дагаад худалдаа наймаан дундуур явж гарлаа. Өвөө нуруугаа үүрчихсэн, харин би норчихсон амьтан араас нь дагаастай. Дайгдаж ирсэн “Фургон”-оо олоод жигтэйхэн баярлалаа. Өвөө усан бороон дунд толгойндоо тор углачихаад л барианы ойролцоо очоод зогсч байгааг нь харлаа. Аавын өгсөн мөнгөөр юу авахаа мэддэггүй. Олон эрээн мяраан бараа харчихаар юу авахаа мэдэхээ байчихдаг юм байна билээ. Ямар ч байсан бид нэг нэг ундаа авлаа, би өнөө “Чокопэй”-гоо бас хэдэн сироп авлаа. Ингээд наадмаас хийсэн миний “шоппинг” өндөрлөв. Бороо асгасаар л. Бороотой ч болзоондоо гэсэн шиг хүмүүс наадамласаар л. Би залхаж эхлэв. Өвөөгийн хормойноос үе үе татаж “Харья” гэнэ. Бидний ирсэн унаа буцах болсон тул өвөөтэйгөө “Фургон”-доо суулаа. Бороонд норсон хувцастай хүмүүс нэгэндээ наалдаж дулаацах гэнэ. Үл мэдэг чичирцгээнэ. Шавартай, устай замаар давхиулсаар сая нэг юм бригад дээр ирлээ.

Шал дэмий наадамд явсандаа урам ч хугарах шиг. Гэнэт гэдэс өлсч байгааг мэдлээ. “Түй, дугуй хуушуур идэх байсан юм. Мартчихаж”.

Бид хоёр гэж усан хулгана амьтад вагончиктоо хүрэв. Аав “Та хоёр хүнс дуусч байгаа гэж бригад руу хэл хүргүүлэхгүй яасан юм. Гурил, будаа, тос, мах авчирчихсан шүү” гээд цуйвангаар дайллаа. Маргааш нь ч бороотой. Нөгөөдрөөс тэнгэр онгойж наадамчид буцаж эхэллээ. Хархориныг зорьж байсан машины цуваа Улаанбаатарыг чиглээд манай урдуур шунгинаад өнгөрөв. Тэднийг хараад ер сэтгэл хөдөлсөнгүй, “Ирэх жилийн наадам хол байна даа, хол байна даа” гэж шүүрс ч алдсангүй. Наадамд шал дэмий очиж нороод, даараад ирсэн гомдол минь арилахгүй л байлаа. Хөгшин аав намайг аргадаж “Хоёулаа дугуй хуушуур хийж идэх үү” гэж царайчилна. Анх удаа дугуй хуушуур хийж үзлээ. Нар сар гэрэлтсэн, их л том талбайтай, тос нь гоожсон шаржигнасан гамбирнууд. Бид хоёр сүүтэй цайндаа хөшиглөж хоёр өдрийн турш идсэн дээ.

Жил жилийн наадам өөр өөр өнгө, дурсамжийг сэтгэлд үлдээдэг. Тэр жилийн тийм нэг наадам, ийм дурсамж үлдээжээ. Тэгэхэд би 13-тай, өвөө маань, 63 нас сүүдэртэй байж шүү. Одоо би наадмаар бороо орохгүй ч шүхэр заавал авч явдаг “заншил”-тай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *