10а ангийнхны уулзалт
Арван жилийн ангийнхан гэдэг амьдралын хамгийн сайхан дурсамж, аадрын үүл мэт хуралдан байдаг” хэмээн нэрт зохиолч Дөнгөтийн Цоодол гуай хэлсэн удаатай. Үнэхээр ч сурагч насны түүх, дурсамж гэдэг хүний сэтгэл дотор гэнэн цайлган, цагаахнаараа үүрд оршин байдаг болов уу. Цаг хугацаа хэдий өнгөрсөн ч гэлээ ангийнхаа нөхдийг яг л хүүхэд насных нь ааш зан, дүр төрхөөр нь хүлээн авдаг хүмүүс бол арван жилийн ангийнхан билээ. Тэр ч утгаараа энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа хорин жилийнхээ ойг угтан буй Ховд аймгийн Чандмань сумын арван жилийн дунд сургуулийг 1998 онд төгссөн 10а ангийнхныг урилаа.
Тэртээ 1988 онд шинэхэн үзгийн үзүүр чимхэж, цагаан цаасан дээр цэнхэр бэхийн толбо татуулж, үеийн жаалуудтайгаа тохой нийлүүлэн анх сууж байсан хүүхдүүд өдгөө хийж бүтээхийн ид насандаа яваа, амьдрал ахуй нь тогтсон хүмүүс болжээ. Сумын төвийн сургуулийн хашаа, уурын зуух, наадмын стадион, морины бариа, урд, хойд гол, Дөргөн нуур, Хар-Ус нуур, Бумбат, Жаргалант хайрхан зэрэг газруудын нэрийг нь сонсоод л сурагч насны нэгэн дурсамж сэтгэлд асах нь сайхан хэмээсээр ангийн андууд болох Ш.Үүрцайх, А.Чинбат, Ариунболд нар нь бидэнтэй уулзсан юм. П.Цэрэндулам багштай 10а ангийнхан 1998 оны хавар дурсамж хичээлээ үзэж, дүрэмт хувцсаа тайлснаас хойш өдгөө хорин жил өнгөрчээ. Анги удирдсан багш нь биеийн тамирын багш учир спортын аливаа уралдаан тэмцээнд шавь нараа бэлтгэн, амжилттай оролцдог байсан гэнэ. Үүний нэг жишээ нь Ховд аймгийн “Бага олимпт” эдний ангийн сагсан бөмбөг, волейболын шигшээ баг амжилттай оролцож, сумынхаа хамгийн анхны медалийг хүртсэн байна. 1998 онд тус сургуулийг төгссөн төгсөгчид, нэг үеийнхэн 150 гаруй буюу хамгийн олон төгсөгчтэй жил байж. Хэдий өөр бүлэгт, нэг анги болон төгссөн ч гэлээ бага ангидаа нэг анги байсан болохоор тэр ангийн төгсөгчид гэж ярихаас илүүтэйгээр нэг үеийн төгсөгчид буюу нэг анги хэмээн ярих дуртай юм байна. Өөрөөр хэлбэл 10 а-гийнхан гучин долуулаа төгссөн ч бусад бүлгээ нэг анги л гэж явдаг гэнэ. Тийм болохоор энэ удаагийн нэг анги буланд оролцож буй энэхүү анги 150 гаруй хүүхэдтэй гэж ойлгож болох юм. Эдгээр төгсөгчид өдгөө нийгмийн төрөл бүрийн салбарт ажиллаж, зарим нь орон нутагтаа малаа маллан аж төрж байгаа аж. Тэр бүгдийг тоочиж, тэмдэглэх боломжгүй учир төлөөлөл болгон зарим нөхдийг нь онцлон хүргэе. Сурагч байхын л хэнэггүй, сахилгагүйгээрээ сургууль, сум даяар цуутай ангийн анд А.Чинбат нь өдгөө хувийн бизнес эрхлэн нийслэл хотдоо аж төрж байгаа аж. Хэдий дүрсгүй ч гэлээ урлаг, спортоороо сум орон нутагт ангийнхаа нэрийг өндөрт өргөдөг хүүхэд байжээ. Чандмань сумыг хөөмийн өлгий нутаг хэмээн улс даяар шагшдаг. Тэр ч утгаараа А.Чинбат багын л дуулах, хөөмийлөх авьяастай хүү байсан гэв. Ёстой л наадамд гурван даваатай, найранд гурван дуутай хүн хэмээн ангийн нөхөд нь түүнийг онцолж байсан юм. Сумын сургуулийн хүүхдүүд учир зун, намартаа нийгмийн ажил, сургуулиас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх нь ойлгомжтой. Чандмань сумын Ногоон бургас гэх газар чацаргана жимсний төгөл бий гэнэ. Тэрхүү төгөлөөс намар жимс түүхээр сургуулийн хүүхдүүд очдог байна. Энэ ажил нь ч хүүхдүүдэд их сонирхолтой байж. Тийм ч учраас эдний ангийн А.Чинбат тэргүүтэй нөхдүүд ангийнхаа охидтой хамт литрийн бетон барин тийшээ явах их дуртай байсан гэв. Гэвч өгсөн үүрэг даалгавар биелүүлж, бетон дүүрэн жимс түүж ирэхээс илүүтэйгээр идсээр байгаад орой сургуульдаа ирдэг байж. Нөгөө “Жигмэд, Тогмид хоёр жимсэнд хамт явжээ” хэмээх дуу шиг зүйл тухайн үед болдог байжээ. Эдний ангийн дарга нь Ю.Нямцоож хэмээх багын л даруухан, хичээлдээ сурлагатай охин байж. Анги хамт олондоо байнга шаардлага тавьж, зөв зүйлд үргэлж уриалан дууддаг хүүхэд байсан гэв. Тэрээр өдгөө Нийслэлийн 67 дугаар сургуульд математикийн багшаар ажиллаж байгаа ажээ. Ангийн төлөөллүүдийн дурсамж түүх хөөрхөн охин Ц.Цэвээнсүрэнгээр үргэлжилнэ. Ц.Цэвээнсүрэн нь багын л хөвгүүдийн хайрыг татсан хөөрхөн охин байж. Түүнд захиа өгөөгүй нэг ч хөвгүүн эдний сургуульд байгаагүй гэдгийг ангийнх нь залуучууд дурсаж байлаа. Гэвч нидэр дээрээ түүнд хоёрхон захиа ирсэн гэдгээ тэрээр онцолж байсан юм. Харин бусад хөвгүүд захиагаа замдаа гээсэн үү, эсвэл бусдыгаа даган ярьдаг байсан уу гэх асуудал одоо дурсамжийн салхинд туугдсан болов уу хэмээн хөөрөлдөж байсан юм. Гэхдээ эдний ангийн охид бүгд л хөөрхөн, хөвгүүдээ гэсэн сэтгэлтэй, хөвгүүд нь ч ангийнхаа охидын төлөө байж. Даруухан, хөөрхөн, сурлагатай охин Ц.Цэвээнсүрэн нь өдгөө Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны харьяа агентлаг болох Сэргээн засалт, сургалт үйлдвэрийн төвд эм зүйчээр ажилладаг байна. Түүнд үеийнх нь хөвгүүдээс ирсэн хоёрхон захианы нэг эзэн нь Ш.Үүрцайх гэнэ. Тэрээр багын л даруухан, хичээл, ном хоёроос салдаггүй хүүхэд байжээ. Бусад хөвгүүд шигээ дүрсгүйтэж хичээл тасалж үзээгүй ч тэдний хийж чадахгүй зүйлийг ийн хийж бусдад захиа өгсөн байна. Тэрээр математикийн хичээлдээ ангийнхаа ганц “гавал” нь байсан аж. Тэр ч утгаараа сургуулиа төгсөөд МУИС-ийн математикийн багш мэргэжлийг сонгон суралцаж төгсөөд өдгөө Санхүү эдийн засгийн дээд сургуульд мэргэжлээрээ ажиллаж байгаа аж. Анги хамт олон дунд дуугүй нэгэн ч байна, дүрсгүй нэгэн ч байна. Ангийнхаа хамгийн сахилгагүй хөвгүүдийн ахлагч Л.Төмөр нь багын л бизнес сэтгэлгээтэй хүүхэд байжээ. Хичээл гэхээсээ илүү хэрхэн хөдөлмөрлөж бизнес хийж болох вэ гэдгээ боддог хүүхэд байсан хэмээн ангийн нөхөд нь дурслаа. Гэхдээ хичээлээ нэг суугаад мэрийх юм бол хэнээс ч дутахааргүй “толгойтой” сурагч байсан гэв. Багынхаа төлөвшлөөр явсаар өдгөө улс, нийгэмд хэрэгтэй сайн үйлс бүхнийг хийж, хэрэгжүүлж яваа мундаг бизнесмэн, бүтээлч, хөдөлмөрч хүн болсон байна. Түүний энэхүү хөдөлмөрч, нийтэч зан чанар нь өвөөгөөс нь улбаатай хэмээн ангийн нөхөд нь ярьж байна. Түүний өвөө Хөдөлмөрийн баатар Ринчингийн Чадраабал гуай ажээ. Нэг өдөр хичээл дээр Л.Төмөр ирсэнгүй гэнэ. Ангийн багш нь түүнийг олж ир хэмээн хэдэн шавь нартаа үүрэг өгсөн байна. Түүнийг хайх ажлын хэсэг ийнхүү гарч сумаар нэг эрэл болж. Гэтэл мань хүн нэг дэлгүүрт тарвас идээд, юу ч болоогүй юм шиг зогсож байсан гэнэ. Ажлын хэсгийнхэн түүнийг сургуульд авчирч ангид оруулахад нөгөөх тарвасаа хаяхгүй, самбарын өмнө багшид загнуулж байсан ч тарвасаа идээд л зогсож байсан хөгжилтэй дурсамжийг ангийн анд Т.Ариунболд нь бидэнд хуучилсан юм. Тэрээр мөн л багын дүрсгүй, ангийнхаа хүүхдүүд битгий хэл хааяа багш нараа хүртэл чадчихдаг элдэвтэй сурагч байсан гэнэ. Нийгмийн идэвхтэй, хамт олонч, спортдоо сайн, хүү байж. Т.Ариунболд өдгөө уул, уурхайн нэгэн компанид хүнд даацын автомашины жолооч хийдэг гэв. Дурлалын хөтөч Д.Дамдиндорж эдний ангийнхны хэнийг нь хэнтэй үерхүүлэх үү гэдгийг мэддэг хүүхэд байж. Ангийн дурлалын менежер болсон залуу гэнэ. Өөрөө ч олон охинд захиа өгч байсан хэмээн ангийн нөхөд нь хошигнон ярьж байв. Тэрээр өдгөө Ховд аймгийн Дуут сумын багийн эмчээр ажиллаж, амьдарч байгаа ажээ. Дурлалын хөтчийн ачаар эдний үеийнхнээс нэлээд олон хос төрж, өдгөө гал голомтоо бадраасан өрх, айл болжээ. Тэдгээр гэр бүлүүдийг төлөөлж Б.Батзаяа, Л.Отгон нар, Ж.Гантөмөр, Д.Саруул нар, М.Үнэнбат, Д.Мөнхчулуун нар, З.Галбадрах, Б.Цогзолмаа нарын гэр бүлийг дурдаж болох юм гэж ангийн нөхөд нь дурдсан юм. Тус сумын алдартнуудын нэг Монгол Улсын хүний гавьяат эмч Т.Данзанлхагвын хүү Отгонбаяр эдний ангийнх. Тэрээр хүүхэд байхдаа их нийтэч, анги хамт олноо бүх зүйлд уриалан дууддаг, манлайлдаг хүүхэд байж. Өдгөө тэрээр Эрдэнэт үйлдвэрт нягтлан хийдэг гэнэ. Эдний ангиас төрсөн эрдэмтэн докторуудын нэг Ц.Мөнхцэцэг сурагч байхдаа хичээнгүй хүүхэд байж. Юм бүхэнд мэрийлттэй, зүтгэлтэй, сурлага сайтай охин байсан гэв. Тэрээр өдгөө Япон улсад химийн шинжлэх ухаанаар мэргэжлээ дээшлүүлэн суралцаж, химийн хүрээлэнгийн судлаач, багшаар ажилладаг аж. Нийслэл болон хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа ангийн нөхдийн төлөөлөл нь ийм бол төрсөн нутаг, усандаа удам залгаж, малчин болсон нэлээд хүмүүс байдаг талаар ангийн нөхөд нь ярьж байв.
1998 оны Мартын 8. 10а ангийн охид
Тэдний нэг аймгийн аварга малчин Ц.Алтангэрэл багын л малд нүдтэй хэрсүү хүүхэд байж. Тэр үеийн сургуулийн сурагчид зуныхаа амралтаар аргал түүж, намар сургуульдаа норм биелүүлдэг байна.
Тэрхүү арга хэмжээнд Ц.Алтангэрэл идэвхтэй оролцдог, ер нь нийгмийн идэвхтэй хүүхэд байсан талаар дурсав. Хоёр хос Алтайнхаа өвөрт, холбоо гурван нуурынхаа хөвөөнд таван хошуу малаа сүрэглэн хариулж, өсгөн суугаа андууддаа хорин жилийн ойн баярын мэнд хүргэе хэмээн нийслэлд суугаа ангийн нөхөд нь мэндчилгээ дэвшүүлсэн юм. Анги хамт олны дурсамж олон байдаг. Эдний ангийнхан тээр жил анги дэвших улсын шалгалтаа өгчихөөд гарч иртэл ангийн анд Т.Билэгсайхан нь шалгалтаа өгөх үү гэсээр ирж байсан зэрэг хөгжилтэй дурсамжууд их ажээ. 10 а-гийнхан болоод тэдний үеийнхэн өдгөө нийгмийн төрөл бүрийн салбарт зүтгэж, амжилт бүтээлээрээ үеийнхээ залуучуудыг манлайлсаар яваа ажээ. Малчидтай, манлайлагчидтай, бизнесмэнтэй, багш нартай, бүтээлч инженер, эрдэмтэдтэй эгэл жирийн ангийн түүх дурсамж дундаршгүй юм. Энэ жил ангийн хорин жилийн ой тохиож байгаа учир төгсөгчдийн зүгээс төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн гэлээ. Эхний ажил нь сумын иргэдийн дунд жил бүр зохион байгуулагддаг спортын наадмыг энэ жил эдний ангийнхан нутгийн зөвлөлтэйгөө хамтран зохион байгуулахаар болжээ. Мөн зургадугаар сард 20 жилийн ойн баярын албан ёсны арга хэмжээг зохион байгуулах, энэ үеэр сум орон нутагтаа болоод төрөлх сургуулийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болно гэдгээ хэлж байсан юм.
П.Цэрэндулам багштай Сургуулийн шигшээ баг