ХААИС-ийн захирал асан Б.Бямбаа нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 10 дугаар шүүхэд хэлэлцлээ. Тэд албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-т зааснаар 5.1-5.6 жилийн хорих ял сонсоод байсан юм.
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчдийн бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн буюу 150.3 зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 263.2-ыг 264.2 зүйл ангиар өөрчилж санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагааны нууцыг хууль бусаар олж, авсан задруулсан гэж үзээд ялыг хөнгөрүүлж шийдвэрлэжээ.
Ингэснээр анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2-т заасны дагуу ХААИС-ийн захирал Б.Бямбаад оноосон 5.5 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14 сая 40 мянган төгрөгийн торгуулийн ял болгон өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл Б.Бямбаад оноосон 5.5 жилийн хорих ялыг 14 сая 40 мянган төгрөгийн торгуулийн ял болгон сольжээ.
Мөн шүүгдэгч Д.Янжмаагийн 5.1 жилийн хорих ялыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин ихэсгэсэн буюу 11 сая 230 мянган төгрөгийн мөнгөн торгуулийн ял болгон өөрчилж шийдвэрлэжээ. Шүүгдэгчид торгуулийн ялаа төлбөл хорих ялаас чөлөөлөгдөх юм. Уг хэргийн шүүгдэгч Ц.Амарсайхан, Б.Болдбаатар нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээв.
Прокурорын байгууллагаас Б.Бямбаа нарыг ХААИС-ийн дэргэдэх Олон улсын хэл судлалын төвийн барилгыг барьсан компаниас өөр компанийн нэр дээр санхүүгийн хуурамч баримт бүрдүүлэн сургуулиасаа их хэмжээний мөнгө гаргуулж авсан, хуурамч тендер зарлан 78 сая төгрөгийн өртөгтэй 10 ханатай монгол гэрийг 108 сая төгрөгөөр худалдаж авсан. Түүнчлэн сургуулийн өмчлөлийн 62 сая төгрөгийн үнэтэй 62 м.кв талбайтай хоёр өрөө байрыг өөрийн жолооч Б.Болдбаатарт үнэ төлбөргүйгээр шилжүүлж сургуулийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх хэргүүдэд буруутгасан юм.