Орон нутгийн замд зам тээврийн осол гарах нь эрс нэмэгдсэн байна. Энэ талаар Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн ахлах дэслэгч Д.Төрбаттай ярилцлаа.
-Өнгөрсөн долдугаар сарын дунд үеэс хөдөө орон нутаг дахь зам тээврийн осол нэмэгдсэн гэх мэдээлэл гарсан байсан. Үүнээс яриагаа эхэлье?
-Долдугаар сарын 10-наас 31-ны хооронд Замын цагдаагийн газарт ослын шинжтэй 6100 гаруй дуудлага ирснээс 4400-гаад хэрэг дээр манай албан хаагчид ажиллалаа. Дээрх хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1500 гаруй жолоочийг саатуулж, учирч болох зам тээврийн ослоос урьдчилан сэргийлсэн. Урин дулааны улирал ирсэн учраас орон нутгийг зорих иргэд олширч, орон нутагт гарах зам тээврийн осол нэмэгдсэн. Тодруулбал орон нутгийн замд 25 ноцтой осол гарч, 37 хүн амь насаа алдсан. Ослын зонхилох шалтгаан нь хурд хэтрүүлснээс үүдэлтэй. Хөдөөд тавигдсан хатуу хучилттай автозамын зорчих хэсэг нарийн байдгаас гүйцэт түрүүлэх, бартаа саад тойрч гарахдаа хөвөө хэсгийн шороон замаар явах нь элбэг. Ийн тээврийн хэрэгслийн тэнхлэгүүд өөр өөр гадаргуу дээр явах үед хурдаа хасах, огцом тормозлох нь онхолдох гол шалтгаан болоод байна. Энгийнээр бол баруун урд болон хойд дугуй шороон зам дээр, зүүн урд болон хойд дугуй засмал зам дээр хурдтай явж байгаад тормозлоход хүндийн жин баруун урд төвлөрснөөр тэр чигт хазайж, улмаар онхолддог. Яагаад гэвэл шороон болон асфальт бетон хучилттай зам дээрх автомашины дугуйн барьцалтын коэффициент өөр. Үүнийг жолооч нар тэр бүр мэддэггүй. Дөрвөн хүний амийг авч одсон Хөвсгөлийн замд гарсан осол мөн л энэ шалтгааны улмаас гарсан. Ланд-200 маркийн автомашин хурд хэтрүүлэн гүйцэж түрүүлэх үедээ огцом тормоз гишгэсэн байгаа юм. Долдугаар сарын 19-ний 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг, Улаанбаатараас 123 дахь км-ийн замд “Мицүбиши эйртрек” маркийн машин онхолдож, хоёр хүн нас барж, хоёр хүн гэмтсэн. Долдугаар сарын 14-нд 08 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг буюу автовокзалын замд “ниссан санни” маркийн машин онхолдож зорчиж явсан 24 настай эрэгтэй нас барсан. Долдугаар сарын 15-нд 19 цаг 20 минутын орчимд Дархан-уул аймгийн Хонгор сум орчимд “ланд-200” маркийн автомашин онхолдож, хоёр хүн нас барсан нь бүгд дээрх шалтгааны улмаас гарсан.
-Хөвсгөл аймгийн чиглэл дэх хатуу хучилттай автозамд олон ноцтой осол гарсан байсан. Саяхан ашиглалтад орсон, эвдрэл гэмтэл, энхэл донхолгүй шинэ замд яагаад олон осол гараад байгаа юм бол?
-Долдугаар сарын 13-нд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын хоёрдугаар багийн нутаг дахь Их сараалж хэмээх газар “тоёота королла” маркийн автомашин онхолдож хоёр хүн нас барж, гурван хүн бэртсэн. 17-нд Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоноос Мөрөнгийн чиглэлийн 10 дахь км-т “тоёота альфард” машин онхолдож, нэг хүн нас барж, нэг хүн гэмтсэн гэх зэрэг осол гарсан. Дээрх ослууд мөн л хурд хэтрүүлснээс үүдэлтэй. Тээврийн хэрэгслийн хурд хүч, ая тух эрс сайжирсан өнөө үед дийлэнх жолооч нар хотоос гараад давхих ёстой юм байна гэсэн ташаа ойлголттой байдаг. “Ланд Крузер-200” машин жолоодож яваа бол тогтворжилт сайтай учраас онхолдохгүй юм шиг эндүүрдэг. Угтаа бол орон нутгийн замд Улаанбаатар хот дотор тээврийн хэрэгсэл жолоодохоос илүү ур чадвар шаардагддаг. Мөн орон нутгийн замд 80 км-ээс дээш хурдалж болохгүй байтал жолооч нар хотоос гараад хурдны хязгааргүй мэт давхидаг. Зарим нь бүр хотоос гараад л хурдны зам мэт ташаа ойлгодог. Гэтэл хурдны зам гэдэг чинь шал өөр юм байхгүй юу. Зөвхөн нэг чигийн хөдөлгөөний өргөн 17 метр, гурваас дөрвөн эгнээтэй. Ингэхээр замын зорчих хэсгийн нийт өргөн хамгийн багадаа 34 метр гэсэн үг. Ийм зам Улаанбаатарт бүү хэл Монгол Улсын хэмжээнд байхгүй. Харин Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр Алтанбулагийн боомтоос Замын-Үүд хооронд Улаанбаатарыг дайруулан хурдны зам тавихаар яригдаж байгаа.
Орон нутгийн замд дан ганц автомашин гэлтгүй Хятадад үйлдвэрлэсэн мотоциклиос унаж олон ч идэр залуус амиа алдсаар байгаа нь харамсалтай. Өнгөрсөн сард хэд хэдэн ийм төрлийн осол гарсан.
-Тухайлбал?
-Долдугаар сарын 18-нд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Хонгорын дэрс гэдэг газарт хятадад үйлдвэрлэсэн мотоцикль унаж явсан 36 настай эрэгтэй Э онхолдож, нас барсан. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас баруун хойш 22 км-т улсын дугааргүй, мөн л хятадад үйлдвэрлэсэн мотоцикль унаж яваад онхолдож, амиа алдсан. Мөн энэ сарын 2-нд шөнийн 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт хэн болох нь тодорхойгүй нэгэн иргэн улсын дугааргүй, марк нь тодорхойгүй мотоцикль унаж яваад, осолдож амь насаа алдсан.
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэ хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс халаасны онооны системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэсэн. Энэ тухайд?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэ хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотой 20 гаруй хууль эрхзүйн баримт бичиг шинэчлэгдэж байгаа. Мөн жолооч нарыг зөрчил гаргасан тохиолдолд торгох, машиныг нь журамлах, эрхийг нь хасахаас өөр хариуцлагын шинэ тогтолцоо буюу “Халаасны оноо” гэсэн үнэлгээний системийг нэвтрүүлэхээр судалж байна. Өөрөөр хэлбэл жолооч бүр үзлэг оношилгоондоо хамрагдаж, өөрийн 100 оноогоо баталгаажуулна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, осол гаргасан тохиолдолд оноо хасагдана. Ингэсээр оноо нь нэг жилийн дотор дуусвал жолоодох эрх тань шууд хасагдана гэсэн үг. Хэн ч гэсэн олон дахин зөрчил гаргаж, халаасны оноогоо дуусгахыг бодохгүй учраас жолооны ард суухдаа торгуулаад өнгөрөх юм чинь яахав гэж бус олон дахин зөрчил гаргавал эрхээ ч хасуулж магадгүй гэсэн нэг талаас айдас, нөгөө талаас хариуцлагатай болно гэсэн үг. Өнөөдөр бол зөвшөөрөлгүй газар хэдэн удаа ч машинаа байршуулсан бай, торгуулиа төлөөд журмын хашаанаас авчихдаг. Харин Япон, Солонгос зэрэг оронд ашигладаг дээрх үнэлгээний системийг хэрэглээд эхэлбэл тухай бүрт 20 оноо хасагдлаа гэж үзвэл таван удаа машинаа ачуулаад л үнэмлэхээ хураалгана. Энэ бол жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх маш үр дүнтэй арга.
М.УУГАН-ЭРДЭНЭ