Categories
мэдээ цаг-үе

​Хоол зүйч Б.Аззаяа: Хэвлийн таргалалт стресстэй шууд холбоотой

Хоол зүйч Б.Аззаяатай эрүүл хооллолтын талаар ярилцлаа.

-Та өөрийнхөө мэргэжлийг танилцуулахгүй юу?

-Ирланд улсын Institute Of Health Sciences-ыг хоол зүйч, зохистой амьдралын хэв маягийн дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Хоол зүй гэдэг нь хүн яах гэж хоол иддэг вэ гэдгээс эхэлдэг. Хүний биеийн эд эс бүхэн бүгд өөр өөрийн үүрэгтэй. Тэрхүү үүргээ гүйцэтгэхдээ эрчим хүч зарцуулж байдаг. Үүнийг хоол хүнснээсээ авдаг. Мөн эд эсүүд үүргээ биелүүлэхэд тодорхой хэмжээний материал, түүхий эд хэрэгтэй болдог. Энэ материалыг шим тэжээл, витамин, минерал гэж ойлгож болно. Уураг, нүүрс ус, өөх тос нь макро шим тэжээл. Бичил шим тэжээл нь А, Д, В зэрэг витаминууд юм. Хоол зүйч гэдэг нь эдгээр шим тэжээлээ хэрхэн авбал зохистой байдаг вэ гэдгийг зөвлөдөг. Ихэвчлэн урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөгөө өгдөг л дөө. Хүн өөрт хэрэгцээтэй шим тэжээлээ бүрэн авч чадахгүй бол хийх ёстой үйл ажиллагаагаа бүрэн зөв хийж чадахгүй болдог. Энэ байдал удах тусмаа өвчлөл болж хувирдаг. Орчин үед хооллолт, амьдралын хэв маягаас шалтгаалсан өвчлөлүүд нэмэгдэх болсон.

-Зохистой амьдралын хэв маягийн дасгалжуулагч гэж юу вэ?

-Эрүүл мэндэд нөлөөлөх маш олон хүчин зүйлүүд байдаг. Хоол, стресс, амралт, сэтгэл санаа, хандлага гээд олон зүйлийг дурдаж болно. Бүр цаашлаад хүний итгэл үнэмшил хүртэл эрүүл мэндэд нөлөөлж байдаг. Зөвхөн хоол зүй биш, тухайн хүний ажил, хүрээлэн буй орчин, стрессээ хэрхэн тайлж байгаа зэрэг зүйлүүдийг харж зөвлөгөө өгдөг. Нэг ёсондоо зохистой амьдралын хэв маягтай болоход тусалдаг. Буруу гэдгийг нь мэдсээр байж хүмүүс тухайн үйлдлийг хийсээр байдаг. Тухайн хүнд үүргийг өөрөөр нь ухамсарлуулж, хийж болох алхмуудыг нь нээж өгөхөд тусалж, тууштай хэрэгжүүлж эхэлснээр эрүүл зохистой амьдралд хүргэдэг. Энэ мэргэжил дэлхийд их түгээмэл болж байгаа.

-Хүмүүс ямар шалтгаанаар танд ханддаг вэ. Монголчуудын дунд нийтлэг ажиглагдсан дүр зургаас хэлбэл…?

-Би өнгөрсөн зургадугаар сард Монголд ирсэн учраас сайн хэлж мэдэхгүй байна. Сайн гээд итгэчихсэн нэг л зүйлээ байнга идэх гэх хандлага юм уу даа. Би Ирландад өөрийн “Zayanutrition” бизнесээ эхлүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. Ирландын үйлчлүүлэгчид маань ихэвчлэн биеэ илүү эрүүлжүүлэх, эрч хүч нэмэх, турах зорилгоор надад ханддаг. Жишээ нь, турах гэж маш олон зүйлийг туршаад амжилт олоогүй нэг үйлчлүүлэгч ирж байсан юм. Тэр хүний хоолонд хандах хандлагыг өөрчлөх шаардлагатай гэдгийг амьдралын хэв маягаас нь ойлгосон л доо. Өөрийгөө хэзээ ч эрүүл хооллож, хэвийн жинтэй байхын учрыг олж чадахгүй гэсэн ойлголт тухайн хүнд бүр суучихсан байсан. Эрүүл хоолыг амт муутай, чанаргүй гэж хүмүүс боддог. Энэ хандлагыг өөрчлөхгүй бол ямар ч үр дүн гарахгүй. Аливаа хүний хооллох хэв маяг, амтлах чадварт тулгуурлан зөвлөгөө өгдөг. Эрүүл хоолыг хэрхэн хурдан хийх вэ гэдэг хичээлийг хүртэл ордог.

-Эрүүл хоол гэхээр хүмүүс амтгүй эсвэл хэт үнэтэй байдаг мэтээр ойлгодог юм шиг. Мэргэжлийн хүний хувьд эрүүл хоол гэдгийг тайлбарлахгүй юу?

-Эрүүл хоол гэхээрээ амтгүй эсвэл өөрийн тань дадсан хоолноос тэс ондоо зүйл гэсэн үг биш. Заавал харж үзээгүй гадаад нэршилтэй хоол хүнс идэх албагүй.Хүн гэдэг харж, үнэлэн, дурлан, таашааж идсэнээр сэтгэл ханахын хажуугаархэрэгтэй шим тэжээлтэй хоол хүнс хүртэх боломжтой. Гэхдээ амт оруулж байна гээд хоол хийхдээ нэмэлт олон орц найрлагаас бүрдсэн амтлагчийг хэрэглэх нь асуудал үүсгэж болох юм. Хоолны амтлагчид маш их боловсруулсан олон төрлийн амт оруулагч бодисууд, сахар нэмсэн байдаг учраас тэр нь хүний биед сөргөөр нөлөөлдөг. Үүнд моносодиум глютамин MSG – Monosodium Glutamate, High fructose corn syrup, химийн аргаар гаргаж авсан сахар орлуулагч зэрэг нь хамгийн аюултай бодисууд байдаг. Монголчууд жинхэнэ хоол иддэг. Бидэнд маш их боломж байгаа. Учир нь улаанбуудай, жимс, ногоо, мах гээд бүхнийг байгалийн цэвэр байдлаар нь хэрэглэж ирсэн. Энэ бүгдээ байгалиас өгсөн хэлбэрээр нь боловсруулж, янз бүрийн амтлагч нэмэлгүйгээр идэхэд л эрүүл хооллолт болно шүү дээ. Байгалийн хэлбэрээс хазайх тусмаа л асуудалтай болно. Жишээ нь улаанбуудай нь байгалиасаа шар бор өнгөтэй байдаг. Буудайг боловсруулахдаа ислэг Б витамин агуулдаг хальсыг нь авчихдаг. Ингэснээр зөвхөн доторх цагаан хэсэг болох цардуулыгбуталж гурил болгодог. Өөрөөр хэлбэл улаанбуудайн хамгийн шим тэжээл хомс хэсгийг нь маш их хэмжээгээр өдөр тутам хэрэглэж байна.

-Тэгвэл Монгол хоолоо хэрхэн баяжуулах вэ?

-Эрүүл хооллож байна гээд монгол хоолоо идэхээ болих нь өрөөсгөл. Монгол хоол хүнсээ илүү баяжуулан шим тэжээлийг нэмж хэрэглэж болно. Мах, дайвар бүтээгдэхүүнүүдээ хэрэглэхдээ шинэ ургацын ногоогоор баяжуулахад хангалттай. Ясны шөлөнд коллаген, гидролины хүчил, B, C витамин агуулагддаг. Ясны шөл бол байгалийн мультивитамин гэдгийг нотолчихсон. Зөвхөн монголчууд биш гаднынхан үүнийг нотолсон. Бантан, гурилтай шөл хийхдээ аль болох ясны шөлийг хэрэглэх хэрэгтэй. Махаа сонгохдоо чанартайг нь ав. Монгол хоолыг эрүүл биш, тахиа, гахайн махыг л эрүүл гэж бүү бодоорой. Мөн өөрийгөө зэмлэн эрүүл хоол идэхгүй байна гээд гэмшчихээр тухайн хоолыг хүний бие хэрхэн хүлээж авах вэ. Сэтгэл санааны байдал мэдээж эрүүл мэндэд их чухал. Тийм болохоор хамгийн сайхан хоол хүнс хүртэж байгаадаа сэтгэл хангалуун байж сураарай. Шим тэжээлээ олон төрлийн хоол хүнснээс авах нь чухал. Сүү гэхэд л маш олон янз байдаг. Үхэр, ямааны сүүнээс гадна олон төрлийн самар, үрийн сүү, мөн овьёосноос хүртэл сүү гардаг. Ингэж олон төрлийн сүү хэрэглэснээр янз бүрийн шим тэжээл өөртөө авах боломжтой. Давс хэрэглэхдээ хүртэл аль болох байгалийн бор давс, нуурын давсыг хэрэглээрэй.

-Турах зорилгоор хоолоо сойх, дэглэм барих тохиолдол их байдаг. Таны зүгээс турахыг хүсч байгаа бүсгүйчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хүмүүсийг татах гэсэн хялбар тураах дэглэмүүд хаа ч байдаг. Юмыг хялбарчлах тусам асуудалтай болдог тэр тусмаа хоол хүнс, эрүүл мэндийг. Мөн турах үүднээс би энэ хоолыг идэж байгаа биш, энэ хоолноос өөртөө хэрэгтэй, өөрийнхөө амьдралд тохирсон шим тэжээл авах гэж идэж байна гэсэн ойлголтыг бий болгох хэрэгтэй. Хүний бие долоон жилийн дотор бараг бүх эд эсээ бүрэн шинэчилдэг гэж үздэг. Тиймээс дутагдсан шим тэжээлийг нөхөх бага ч гэсэн боломж өөртөө олгочихвол бүх үйл ажиллагаа тэнцвэржиж, илүүдэл өөхийг шатааж хэвийн жиндээ очих боломжтой. Тэнцвэр сайтай, шим тэжээл өндөр өглөөний цайг ууснаар тухайн өдрийн бусад хоол хүнс тэнцвэртэй байлгах үндэс болдог. Би өдөр уулзалттай ч юм уу ямар нэг шалтгаанаар өдрийн хоолоо оройтож идэх бол өглөөний цайндаа өег, тэжээллэг хүнсийг хэрэглэдэг байх жишээтэй.Өглөө босдог цагаасаа бага зэрэг эрт босоод өглөөний цайгаа ууж байхыг зөвлөж байна. Тэр тусмаа хүүхдээ хичээлд нь явахаас өмнө өглөөний цайг заавал уулгаарай. Гадуур зарагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд хангалттай амин дэм, тэжээлгүй байдгаас ирээдүйд хүүхдийн эрүүл мэнд хохирох эрсдэлтэй. Ус, алим жимс, арвайн гурил, жижиг савалгаатай далай байцаа зэргийг хүүхдүүддээ бэлдэж болох юм. Мөн орчин цагт юу идэхээсээ илүү, яаж идэх нь чухал болчихоод байх шиг. Идэж буй хоол хүнсээ хараад хүний бие өөрөө хоол боловсруулах үйл явцад бэлтгэгдэж байдаг. Сайн бүрэн боловсруулалт нь хэвийн жинд мэдээж хамааралтай. Цаашлаад гэр бүлээрээ хамтдаа сууж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэн хооллох нь эерэг, өөдрөг сэтгэлгээтэй болгодог. Эмэгтэйчүүдийн таргалалтад нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйлийг нэг бол стресс. Хүний биед стрессийн үйл явцыг зохицуулахын тулд ялгардаг гормон нь өөх хадгалалтыг бий болгоход нөлөөлдөг. Тиймээс хоолныхоо хажуугаар өөрийнхөө стрессдэг зүйлсийг анзаарч эхлэх хэрэгтэй. Үүнээсээ хэрхэн гарах вэ, стрессээ яаж зөв багасгах вэ гэдэг арга олон нь чухал. Тэр тусмаа хэвлийн таргалалт стрессийн гормонтой шууд холбоотой. Хүн болгон өөрийн нөхцөл байдал амьдралын хэв маягтайгаа уялдуулан тохиромжтой хооллох ёстой. Миний хувьд түүн дээр нь зөвлөгөө өгөх үүрэгтэй юм.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *