Categories
гадаад мэдээ

Хойд Солонгост газар хөдөллөө

Хойд Солонгост газар хөдөллөө. Уг газар хөдлөлтийг олон улс цөмийн туршилт байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Энэ талаар “www.yonhapnews.co.kr” мэдээллээ.

Хойд Солонгос улсад өнөөдөр орон нутгийн цагаар 9.30 цагт хүчтэй газар хөдөлт болсон талаар АНУ-ын Геологи судалгааны төвөөс мэдээллээ. Тус улсын зүүн хэсгийн Сунжибаегам тосгоноос 18 км-ийн цаана 5.3 баллын хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Шинжээчид тусгай програмын тусламжтай чичирхийллийн баллыг тооцоолжээ. Гэхдээ АНУ, Өмнөд Солонгосын эрх баригчид дээрх чичирхийллийг газар хөдлөлт бус цөмийн туршилт хэмээн таамаглаж буй юм. Сөүл тагнуулын мэдээллийг шалгаж буй бөгөөд чичирхийллийн жинхэнэ шалтгааныг тодруулж байна. Пхеньян өнгөрсөн тавдугаар сарын 9-нд болсон “Хөдөлмөрийн нам”-ын их хуралын үеэр “тав дахь удаагаа цөмийн туршилт хийх болно” хэмээн олон улсыг заналхийлсэн юм. Их хурлын үеэр хэд хэдэн удаа баллистик пуужин туршсан бөгөөд цөмийн туршилт хараахан хийгээгүй билээ.

Олон улс хэзээ тус улсыг дахин цөмийн туршилт хийх бол хэмээн чих тавин хүлээж байсан юм. Өнөөдөр Хойд Солонгосын Үндэсний баярын өдөр билээ. “Энэ өдрийг тохиолдуулан цөмийн туршилт хийсэн байж болзошгүй” талаар барууны хэвлэлүүд мэдээлж байна.

Цөмийн туршилт хийсэн эсэх нь хараахан тодорхой болоогүй байгаа юм. Мөн тус улсын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн гуравдугаар сард “Хойд Солонгос түүхэндээ анх удаагаа жижгэрүүлсэн цөмийн зэвсэг гарган авсан. Уг жижгэрүүлсэн цөмийн зэвсгээ алсын тусгалтай пуужинд суурилуулж Сөүл, Япон, Вашингтоныг газрын хөрснөөс арчих болно” гэсэн билээ.

АНУ уг заналхийллийг хэзээ ч үр дүнтэй болохгүй хэмээн сануулж, өнгөрсөн нэгдүгээр сард тус улсыг устөрөгчийг бөмбөг туршсан гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлсэн билээ. Ерөнхийлөгч Барак Обама “Хойд Солонгос улс устөрөгчийн бөмбөг гаргаж авах ямар ч боломжгүй. Тус улсад энэ бөмбөгийг үйлдвэрлэх мэргэжилтэн болон нөөц байхгүй” гэсэн билээ.

Их хурлын эхнээс л цөмийн зэвсэг турших талбайд идэвхтэй хөдөлгөөн ажиглагдах болсон. “Тус улс гадаад ертөнцөөс тусгаарлагдсан учир олон улс мэдээллээ нягтлах ямар ч боломжгүй” хэмээн Сөүл онцолсон удаатай.

НҮБ, Пхеньяныг өнгөрсөн 2006, 2009, 2013 онд цөмийн туршилт хийсэн хэмээн мэдэгдэж, өнгөрсөн нэгдүгээр сард хийсэн гэгдээд буй цөмийн туршилтыг мэргэжлийн шинжээчид нарийн тогтоох хүртэл “Цөмийн туршилт хийсэн гэгдэх харъяалалд багтаахгүй” хэмээн мэдэгджээ. Уг туршилт нь цөмийн туршилтаас дутахааргүй хор хөнөөл учруулж, хөрсөнд 5.1 баллын чичирхийлэл мэдрэгдсэн билээ.

Уг үйл явдлын дараа НҮБ, АНУ тус улсын эсрэг хориг тавьж, гадаад дахь бүх дансыг нь царцаасан юм. Цагаан ордон АНУ-д амьдарч буй тус улсын иргэдийг албадан улсаасаа гаргаж, бүх худалдаа үйлчилгээний газруудыг хаасан. Мөн Пхеньяны нөлөө бүхий эрхмүүдийн дансыг хааж, дахин виз олгохоос татгалзсан.

Пхеньян хэдхэн өдрийн өмнө алсын тусгалтай гурван пуужинг Япон руу харвасан юм. Япон энэхүү үйлдлийг “Дайныг санаатай өдөөн турхирсан үйлдэл” хэмээн мэдэгдэж, хил орчимдоо пуужин эсэргүүцэгч төхөөрөмж байршуулж, Пхеньяны пуужинг устгахаа сануулсан байна.

Сөүл хамгаалалтаа сайжруулахын тулд хил орчимдоо пуужин эсэргүүцэгч төхөөрөмж байршуулах саналтай байгаа. Уг саналыг Вашингтон дэмжиж буй бол Токио болон Бээжингийн хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулжээ.

БНХАУ-ын Ханжоу хотноо энэ сарын эхээр зохион байгуулагдсан “Их 20” дээд хэмжээний уулзалтын үеэр тус улсын Ерөнхийлөгч Си Зиньпин “Өмнөд Солонгос хил дээрээ пуужин эсэргүүцэгч байршуулвал Хятадын аюулгүй байдалд заналхийлэх болно. Тиймээс би эцсээ хүртэл уг шийдвэрийг хүчтэй эсэргүүцэхээ мэдэгдье” гэж хэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *