УИХ-ын дарга Г.Занданшатар БНАСАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзахдаа БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун ОХУ-д айлчлах урилгатай байгааг дурдаж, айлчлах замдаа Монгол Улсад саатан морилбол Монголын төр засаг, ард түмэн баярлах болно гэж хэлж байх юм. Ойрын үед манай төр засгийн удирдлагууд Хойд Солонгосжих гэж их хичээх боллоо. Төр засгийн гаргаж байгаа шийдвэрүүд ч Хойд Солонгосын дэглэмтэй төстэй болж байгаа. Өнөөдрийн төр засаг үүндээ баярлаж байж магадгүй ээ. Үүнийгээ дэг журам тогтоож байна гэх биз. Төв талбайдаа мянган албан хаагчийг дасгал хийлгэж, 3333 сурагч төрийн тэргүүнтэйгээ шүлэг уншиж, цэргийн холбоо байгуулж, тэр холбоогоороо залуусыг соён гэгээрүүлэх юм ярих болов. Яг л социализмын үеийн дүр төрх тодроод байгаа юм. Тэр нэгдсэн журмаар дасгал хийлгэж, нэн олноор нь шүлэг уншуулах бол Майн баяр, Октябрийн баярын нэг хэсэг шүү. Бүр болоогүй ээ, “Хувьсгалын удирдагчийн үгийг хана таазан дээрээ бичээд, өглөө бүр унш” гэж УИХ-ын гишүүн нь үүрэгдлээ. Сургууль, цэцэрлэг, албан байгууллага, айлын орон сууц хаана л бол хаана , хана тааз, хаалга хатавчгүй улаанаар бичсэн уриа лоозонтой үе дурайтал орж ирж байгаа биз дээ. Бас болоогүй өглөө бүр өнөөх суртал ухуулгын үгнүүдийг залхтал уншуулж, лекцдээд байсхийгээд л мартсан эсэхийг нь шалгадаг байсан аа даа. Ардчиллын төлөө жагсаж тэмцэж, эхний эгнээнд явсан хүн ийм үеийн талаар тийм бахтай хэлж суух гэж.
Улс орнууд нүдэн дээр тасраад явчихлаа. Тэд салбар салбарт гайхамшгийг бүтээж байна.Манай ардчилагчид нүдэн дээр өөрчлөгдөж, социализм коммунизм ярих болов. Ярихаар барахгүй тэр үеийг санагдуулам үйлдлүүдийг тасралтгүй хийж байна. Оросын шинэ үеийн залуус Лениний тухай асуухад ихэнх нь мэдэхгүй байна лээ шүү. Харин манай улс ямар нэг хувьсгал яриад эхлэв. Өнөөх хувьсгал нь биднийг мэдээ ч үгүй байхад болоод хувьсгалын удирдагчтай ч болчихсон байх жишээтэй. Хэрэв бид мэдээгүй байхад хувьсгал болчихсон юм бол тэр лавтай урагшаа биш, арагшаа ухарсан коммунизмаа санаж санагалзсан л хувьсгал байх. Иймэрхүү хандлагатай төр засаг Хойд Солонгосын удирдагчийг буугаад мордоход магнай тэнийн баярлаж хөөрөөд байж магадгүй. Харин ард түмэн тэр дарангуйлагчийг вокзал дээр буугаад мордохын төлөө тэгтэл их баярлах уу. Дуу хөгжим, бүрээ бөмбөр болж, нус нулимсандаа холилдож, манай хүүхнүүд хормой хотноос нь зууралдаж орилолдох болж байна уу. Хүний улсын удирдагч байтугай өөрийнхөө улсын удирдагчдыг элдвээр нь шүүмжлээд суудаг ард түмэн шүү дээ. Таны хүслээр болж манай ард түмэн нулимс унаган баярлаж хөөрөхгүй бол яана аа, Занданшатар дарга аа. Их сайндаа л тэр хавьд яваа ганц нэг хүн “Ямар пацаан байдаг юм, харчихъя” гэж л магад. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг мэдэрчихсэн, дэлхийгээр нэг тэнээд үзчихсэн ард түмэн хэрийн юманд хөл алдахгүй л дээ. Баттай хэлэхэд баярлаж хөөрөх хүн ёстой байхгүй шүү. Сайндаа л нэг өдөр сошиалаар шаагиад хов жив, доог тохуу, сонин хачин болгоод ярина л биз.
Саяхан даа, хэдхэн жилийн өмнө. БНХАУ-ын дарга Си Жиньпин манайд айлчлахад өөдөөс нь үзэл бодлоо үйлдлээрээ илэрхийлж, төрийн тусгай хамгаалалтыг сөрөөд гүйж байсан парламентын гишүүнтэй, ийм л ардчилсан орон байсан шүү дээ. Бид мартаагүй л байна. Магадгүй Г.Занданшатар дарга Хойд Солонгосын удирдагчийг буугаад мордоход нь урьдаас бэлдсэн хэдэн хүнийг цэцэг хуар, туг бариулж зогсооё гэж бодъё. Ард нь таван алхамын зайд иргэд харин эсэргүүцлийн жагсаал хийгээд зогсож байж чадна. Манайхан чинь хаа очиж жагсаж, тэмцэж сураад бүр гаршчихсан шүү дээ. Өнгөрсөн онд Трамп Англи, Шотландад айлчлах үеэр юу боллоо. Эдгээр улсын иргэд хөл гишгэх зайгүй болтлоо олноороо цуглаж жагсаж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Түүний явуулж буй бодлого, цагаачдын эсрэг авч буй арга хэмжээ нь ардчиллаас ухарсан хэрэг гэж тэдгээр орны иргэд эсэргүүцсэн. Ардчиллын өлгий АНУ-ын Ерөнхийлөгчийг ардчилсан орны иргэд ингэж л угтаж, ингэж л шүүмжилж байдаг. Ким Жөн Уныг тэдгээр улсуудад очвол яаж угтах нь бүр тодорхой. Тиймдээ ч Ким Жөн Ун дуртай улсдаа айлчлаад байдаггүй.
Яг тэрэн шиг баярлаж гүйлдэнэ гэж бодоод байгаа иргэд чинь хүний эрх зөрчиж, ардчиллыг байхгүй болгож байна гээд өнөөх урьж залаад байгаа хүнийг чинь хөл гишгүүлэхгүй эсэргүүцвэл яах вэ. Аль эсвэл Г.Занданшатар дарга та өөрийгөө Монголын дарангуйлагч болчихсон гэж бодоо юу. Яагаад ардчилсан Монголын иргэд Г.Занданшатарын үгэнд орж, Хойд Солонгосын удирдагчийг үзэгдээд өнгөрөх зуурт бөөн хөөр баяр болно гэж. Тиймээс УИХ-ын дарга таны хэлсэн үг улс төрийн алдаатай, бодлогогүй яриа байна лээ. Тэр хүн дайрч өнгөрлөө гээд улс төр, эдийн засгийн хувьд чухал ач холбогдол үгүй. Бүхнийг хүчээр шийддэг тогтолцоо биднээс ихээ хол гэж боддог. Сүүлийн үед болж өгвөл хүчээр шийдчихдэг төртэй болж байх шиг. Дэмжихийг хүсээгүй хуулийг нь ЖДҮ-гийн зээлийнх нь хэргээр барьцаалж, УИХ-ын гишүүдээр кнопдуулж батлаад, тусгайгийнхныг дагуулж уул уурхайн ордыг булааж аваад л…. Эцэст нь баярлаж хөөрөх, гуньж гутрах эсэхээ бид өөрсдөө мэдье. Бид чинь тусгаар тогтносон, ардчилсан Монголын иргэд шүү дээ.