Categories
гадаад мэдээ

​Хойд Солонгос тив алгасагч пуужин амжилттай туршсанаа зарлав || DNN.mn

Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг баасан гаригт тус улсын зэвсэгт хүч тив алгасагч “Hwasong-17” пуужинг амжилттай туршсан талаар мэдээллээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун пуужингийн туршилтыг өөрийн биеэр удирдсан бөгөөд “Энэхүү стратегийн шинэ зэвсэг нь Хойд Солонгосын хүчийг дэлхий дахинд тодорхой харуулах болно” гэж мэдэгдсэн байна. Ийнхүү Хойд Солонгос 2017 оноос хойш анх удаа алсын зайн тусгалтай пуужингийн туршилт хийлээ.

Тэгвэл Өмнөд Солонгосын “Yonhap” агентлагийн мэдээлснээр тив алгасагч пуужинг Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотын Сунан олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоох талбайгаас хөөргөсөн аж. Улмаар пуужин дээд тал нь 6248.5 километрийн өндөрт хүрч, 1090 километр гаруй зай туулж, Япон тэнгисийн баруун хэсэг дэх байг амжилттай устгасан байна. Өмнөд Солонгос болон Японы Батлан хамгаалах яамны мэдээлснээр тив алгасагч “Hwasong-17” пуужин нь Хойд Солонгосын зүгээс өмнө нь туршиж байсан стратегийн зэвсгүүдээс хамгийн өндөрт хүрч, хол зай туулсан хамгийн хүчирхэг пуужин болж байгаа аж.

Зэвсгийн шинжээчдийн хувьд “Hwasong-17” пуужингийн туршилтаас харахад Хойд Солонгосын стратегийн довтолгооны хүч АНУ-ын зүүн эрэгт цөмийн цохилт өгөх потенцалд хүрсэн гэж тооцоолжээ.

Хамгийн гол нь, Орос-Украины нөхцөл байдлаас шалтгаалан их гүрнүүдийн дунд цөмийн дайн гарч болзошгүй болгоомжлол үүсээд байгаа энэ үед Пхеньян стратегийн шинэ зэвсэг туршсан явдал нь дэлхий нийтийн санаа зовоосон асуудал болоод байна. Мөн ажиглагчид Пхеньяны энэхүү үйлдэл нь Өмнөд Солонгост барууныг баримтлагч шинэ Ерөнхийлөгч гарч ирснээр Солонгосын хойгийн харилцаа хурцдах хүлээлт үүсээд байгаа асуудалд анхааруулга өгөх зорилготой гэж дүгнэжээ.

Эх сурвалж: Guardian, Yonhap

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *