Categories
мэдээ нийгэм

Хогоо ил задгай хаясан иргэдэд захиргааны арга хэмжээ авна

Сүхбаатар дүүргийн Засаг даргын санаачилгаар тус дүүрэгт “Хог хаягдлын ухаалаг систем”-ийг нэвтрүүлэх ажлыг арваннэгдүгэр сард эхлүүлсэн аж. Тэгвэл өчигдөр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас тус төслийн хүрээнд хийсэн ажлуудаа танилцууллаа. Энэ хүрээнд тус дүүргийн 25 байршилд стандартын шаардлага хангасан хогийн савнуудыг байршуулсан аж.

Хогийн савны ойр орчим камер нь байршуулсан бөгөөд хогоо хогийн савны гадуур хаясан иргэдийн фото зургийг авах юм. Ийнхүү зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу албан шаардлага хүргэнэ. Хоёр болон түүнээс дээш удаа зөрчсөн иргэдэд захиргааны арга хэмжээ авна гэлээ.

Энэ талаар Сүхбаатар дүүргийн ТНААХ-ийн дарга Т.Эдмон “Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас хогийн савуудын эргэн тойронд гэрэлтүүлэг, камерийн хяналт бүхий удирдлагын төвийг ашиглалтанд орууллаа. Ухаалаг камерийн тусламжтай ил задгай хог хаягдал үүсэх, аливаа гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Хуваарийн дагуу хог ачигдаж байгаа хэсэг дээр хяналт бүрэн хийгдэнэ. 24 цагаар оператор сууж байгаа учир иргэд аж ахуй нэгж байгууллагаас ирсэн гомдлыг газар дээр нь түргэн шуурхай шийдвэрлэх боломж бүрдэж байна. Хяналтын камэр дээрээс мэдээлэл авсан ажилтан, холбогдох хог тээврийн байгууллагуудад мэдээллийг цаг минут тутам мэдээллэж баримтжуулаад хүргүүлнэ. Ингэснээр хог тээвэрлэлт түргэн шуурхай болно.

“Хог хаягдлын ухаалаг систем” дан ганц хогийн сав байрлуулаад орчныг нь тохижуулаад зогсох ажил биш. Иж бүрэн цогц арга хэмжээ юм. Энэ онд дүүргийн ЗДТГ-ын зүгээс ЕБС, цэцэрлэгүүдэд бага насны хүүхдүүдийг багаас нь хогийг ангилан ялгахад төлөвшүүлэх анхан шатны ажлуудыг хийнэ. Давхар дадал зуршлыг бий болгох үүднээс сургалтын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Бүх ажлууд хуваарийн дагуу хийгдэнэ” гэж ярилаа.

“Хог хаягдлын ухаалаг систем”-ийн талаар СБД-ийн Засаг дарга Х.Хулангаас тодрууллаа.


-Дүүргийн хэмжээнд энэхүү төслийг анх удаа нэвтрүүлсэн байна. Энэ төслийн үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Энэхүү төсөл олон төрлийн ач холбогдолтой. Нийтийн эзэмшлийн талбай дээр цуглараад байсан хог хаягдал хумигдана гэсэн үг.

-Цаашдаа гэр хорооллыг хамрах уу?

-Эхний ээлжинд 1-10 дугаар байшин хорооллыг сонгосон. Яагаад гэвэл байшин хороолол онцлог. Сүхбаатар дүүрэг нь төвийн дүүрэг мөн төр захиргааны байгууллагууд, томоохон аж ахуй нэгжүүд, соёл урлагийн газрууд байдаг учраас энд анхаарал хандуулж ажиллая гэсэн зорилго тавьсан. Цаашдаа гэр хороолол буюу 11-20 дугаар хороонд хаана яаж байрлуулах вэ, савныхаа хэмжээг багасгах уу, томсгох уу гэдгийг судалгаан дээрээс үндэслэн гаргана.

-Энэхүү систем нэвтэрснээр иргэдийн ухамсрын асуудал яригдах байх?

-Иргэдийн ухамсрын асуудал нэг номерийн асуудал. Бид ямар ч байсан хог хаях сав болон камэр гэрэлтүүлгийг нь тавьж өглөө. Иргэн, аж ахуй нэгжүүд гадуур нь хогоо хаяад байна уу, аль эсвэл савандаа хаяж байна уу гэдэг нь камэрт харагдана. Тийм учраас иргэдийн ухамсар нөлөөлнө гэж бодож байгаа.

Хогийг ангилах ухамсрыг бид өөрсдөөсөө эхэлж байна. Манай ЗДТГ-ын байрны давхар болгонд гурван ангилалын хогийн сав тавьсан. Хаягдал цаасыг нойлын цаасны үйлдвэрт өгөх гэрээ хийж байгаа. Хуванцар савыг нь цуглуулж байгаад авдаг хүмүүст нь өгнө. Тун удахгүй ЕБС, СӨБ дээр суурилуулж ирээдүй болсон хүүхдүүдийнхээ ухамсарт нөлөөлөх ажлын эхлэлийг тавина” гэв.


Ийнхүү бид ухаалаг хогийн сав тавигдсан Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 12а байрны орчинтой танилцсан юм. Тус байрны иргэн Б.Отгонтой хэсэг зуур ярилцав.

-Танай хороонд ухаалаг хогийн сав тавигдсан байна. Энэ талаарх таны бодол?

-Ухаалаг хогийн сав нь орчинд маш чухал нөлөөтэй. Цэвэр орчинг бий болгож байгаа. Урьд нь энд хог нь халиад хийсдэг байсан. Одоо бол тийм юм байхгүй.

-360 градусын камэр тавигдсан байна. Энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Энэ хавьд Машины хулгай их гардаг. Урьд нь хүмүүс цонхоо хагалуулж хулгайд юмаа алдчаад эзэн нь олддоггүй байсан. Одоо гэмт этгээдүүдийг олох боломжтой болж байна. Энд ухаалаг камэр ажиллаж байгаа нь иргэд бидний талархлыг их хүлээж байгаа.

Хүмүүс ч гэсэн ухамсартай байх хэрэгтэй. Ийм тохилог хогийн савны дотор нь хогоо хийх байх гэв.

Б.АМАРТҮВШИН





Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *