Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хог худалдаж авъя

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаарт сэтгүүлч Д.Оюунтуяа “Явдаг хогийн цэг” ажиллуулъя” гэж бичсэн. Хогны машин яваад, хогийг нь авч үйлчилдэг болъё гэсэн түүний санааг олон уншигч дэмжиж байгаагаа илэрхийллээ. Хогийн цэг ойр харагдахгүй л бол хогоо хаячихаад явчихдаг залхуу хүмүүст яг таарсан үйлчилгээ учраас хэрэгжүүлж, ажил болгоё гэх хүн олон байна. “Явдаг хогийн цэг” ажиллаад иргэдээс хогийг нь худалдаж авдаг бол нийслэл минь цэмцийгээд явчихна даа. Эх, үрсийн баяраар “Эрүүл мэндээрээ гоёцгооё” төрийн бус байгууллагынхан Чингэсийн талбайд “Нэг хог нэг амттан” аян өрнүүлсэн. Тэд явуулын 20 хогийн цэг ажиллуулаад хогоо өгсөн хүүхэд бүрт амттан өгсөн. Үр дүнд нь Чингэсийн талбай цэмцийж үлдсэн. Энэ ажлыг нийслэлд хэрэгжүүлмээр байна. Нэг уут хог өгсөн хүнд тэдэн төгрөг өгнө гээд журам гаргачихъя. Тэртэй тэргүй хог ачих ажилд жилд хоёр тэрбум төгрөг зарцуулдаг шүү дээ. Дээр нь хог ачдаг компаниудад урамшуулал олгодог гэнэ лээ. Үүний оронд хогийг мөнгөөр худалдаж аваад эхэлбэл хогонд зардаг их мөнгө хэмнэгдэнэ. Туулын эрэг дагуу хог түүдэг хүмүүс анаж байгаад иргэдийн хаясан ууттай хогийг авч задлаад хэрэгтэйг нь аваад бусдыг нь хаячихдаг. Тэдэн шиг анаж байгаад хогийг нь худалдаж авдаг “Явдаг хогийн цэг” байгуулбал хогондоо хөглөрөхгүй, залуусын ярьдгаар цэмцгэр Улаанбаатар болно доо.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР   

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *