Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын төлөөлөл өнгөрсөн хугацаанд хийсэн онцлох ажлуудаа танилцуулж байгаа билээ. Энэ хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн орлогч дарга, хурандаа Ж.Бямбасүрэн нар өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд мэдээлэл хийлээ.Засгийн газрын үйл ажиллагааны эхний 100 хоногт Гадаадын иргэн, харьяатын газраас онцлох гурван ажил хийжээ. Тодруулбал,
Гурван аймгийн боомтыг шилэн кабелиар холбов
Ховд, Өлгий, Чойбайлсан аймагт агаарын замын боомтод “VSAT” буюу сансарын хиймэл дагуулыг ашиглан хил нэвтэрч буй зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, гадаадын иргэдийн бүртгэлийг хийж байв. “VSAT”-ын сүлжээ нь хоцрогдол ихтэй, өртөг өндөр /1 цэгт 1.7 сая төгрөг/, ашиглаж буй тоног төхөөрөмжүүд нь өндөр үнэтэй, албаны дотоод сүлжээг хязгаарлагдмал цагаар ашигладаг учраас шинэчлэх шаардлагатай болсон. Тиймээс дээрх гурван боомтыг шилэн кабелийн сүлжээнд холбохоор тооцоо, судалгааны ажлыг хийж, “ACCESS POINT” төхөөрөмж ашиглан агаараар холбож, 2016 оны 09 дүгээр сард ашиглалтанд оруулаад байна. Гурван аймгийн боомтыг шилэн кабельд холбосноор сүлжээний хоцрогдол арилж, цагийн хязгаарлалтгүйгээр албаны дотоод сүлжээг ашиглах, “E-immigration” төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “ISM” системд холбогдох боломжтой болсон юм.
Хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Орох гарахыг удирдах газрын дарга Чу Юунхай нар 2016 оны 09 сарын 22-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийг байгуулснаар хоёр улсын иргэдийн хил нэвтрэлтийн бодлогын талаар хамтарсан судалгаа хийх, удирдлагууд бодлогын арга хэмжээ, ажлын туршлага болон иргэдийн хил нэвтрэлтийн талаар харилцан мэдээлэл солилцох, хууль бус шилжилт хөдөлгөөн түүнтэй холбогдох мэдээллийг харилцан солилцох, хилээр нэвтрэх хүрээнд шинэ техник технологийг ашиглан хуурамч бичиг баримт бичгийг танин илрүүлэх туршлага солилцох, өөрийн улсын шинэ гарсан паспорт, паспортыг орлох баримт бичгийн эх загварын мэдээллийг солилцох, байгууллагын албан хаагчдыг сургалтад хамруулан чадавхижуулах зэрэг үр дүнд хүрэх юм.
“И-иммигрэйшн” төслийг нээлт боллоо
Монгол Улсын хилээр нэвтрэгсдийн бүртгэл хяналтыг орчин үеийн өндөр хурдтай техник, технологийг нэвтрүүлэн, хувь хүний биометрик мэдээлэл агуулсан мэдээллийн санг ашиглан хилийн шалган нэвтрүүлэх хяналтыг шуурхай болгон сайжрууллаа. Ингэснээр Монгол Улсын хилийн шалган нэвтрүүлэх боомтын бүртгэлийн үйл ажиллагаа олон улсын жишигт хүрч байгаа юм. 2014 оноос хэрэгжиж эхэлсэн уг төсөл нь нийтдээ 36 сарын хугацаанд буюу 2014-2016 онуудад үргэлжлэн энэ жил амжилттай хэрэгжлээ. Энэ төсөл хэрэгжсэнээр гадаадын иргэдийн болон хилийн шалган нэвтрүүлэх бүртгэлийн үйл ажиллагаанд шинээр “ISM” системийг бий болгон ашиглах, хилийн шалган нэвтрүүлэх болон гадаадын иргэний бүртгэлийн системийг нэгтгэснээр гадаадын иргэд болон хилээр нэвтэрсэн иргэдийг хоёр өөр газарт давхар бүртгэдэг байсныг болиуллаа. Үүний үр дүнд
мэдээ тайлангийн зөрүүтэй байдал арилсан байна. Хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа болон гадаадын иргэдийн бүртгэлийн үйл ажиллагаанд хувь хүний биометрик дата ашиглах болсноор бичиг баримт хуурамчаар ашиглах байдлыг таслан зогсоож хяналт шалгалтын үйл ажиллагаа сайжирсан Хилийн шалган нэвтрүүлэхийн үйл ажиллагаанд цахим гарц /auto gate/ -ын шинэ технологи ашиглаж эхэлснээр зорчигчийг бүртгэх цаг хугацаа хэмнэх, таних чадавхи нэмэгдэж, хилийн шалган нэвтрүүлэх чадавхийг нэмэгдүүлсэн.
Харин Засгийн газрын үйл ажиллагааны эхний 100 хоногт Хил хамгаалах байгууллагаас Хилийн тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж дараах онцлох ажлуудыг хийжээ.
Иргэдэд учирч болох 381.786.000 төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийллээ
Монгол Улсын хилд 19 удаагийн 33 хүн хилийн дэглэмийн, 45 удаагийн 452 хүн хил орчмын дэглэмийн зөрчил гаргасныг илрүүлэн хуулийн дагуу шийдвэрлэсэн байна. Гадаадаас бэлчээрээр хил давж ирсэн 16 удаагийн 504 тооны малаас 11 удаагийн 492 тооны малыг орж ирсэн чиглэлээр нь буцаан гаргаж, 1 удаагийн 6 тооны малыг ХБЭТ-ийн туслагчийн уулзалтаар хүлээлгэн өгч, 4 удаагийн 6 толгой малыг хадгалалтанд авч ХБЭТ-ийн шугамаар хил залгаа улсын талд мэдэгдсэн. Бэлчээрээр улсын хилд тулсан 22 удаагийн 969 тооны малын эздийг тогтоон хүлээлгэн өгч 381.786.000 төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлэв. Монгол улсын талаас Увс, Завхан аймаг, Сагил, Тэс сумуудын хэсгээр 2 удаагийн 25 толгой мал хил дамнан хулгайлагдснаас 3 толгой малыг олж эзэнд нь хүлээлгэн өгч 22 тооны малыг ОХУ-ын талаас нэхэмжилж байна. Гарсан зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хилийн дэглэмийн зөрчил 44.1 хувиар буурч, хил орчмын дэглэмийн зөрчил 2.2 хувиар өсч, хил дамнасан малын хулгай 77.7, бэлчээрээр хил давсан мал 32.0, хилд тулсан мал 35.2 хувиар тус тус буурсан байна. Хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлийн илрүүлэлт 97.0, шийдвэрлэлт 94.1 хувьтай хэрэгжиж, хилчид хуулиар хүлээсэн гүйцэтгэж байна. Түүнчлэн Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагаж гарах хуулиудын төслийг боловсруулж Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
“Сүлдэт багана” цогцолбор байгууллаа
Орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний түүхт 83 жилийн ойгоо угтаж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2,2 га талбайд “Хилчин цогцолбор”-ыг бүтээн байгууллаа. Мянга, мянган хилчдийн сэтгэлийн хандиваар боссон энэхүү цогцолбор нь Эх орны тусгаар тогтнол, дархан хилийг баталгаажуулсан баатарлаг хилчдийн дурсгалыг мөнхлөх, ирээдүй хойч үеийг эх оронч үзлээр төлөвшүүлэх, их хотын ногоон байгууламж, өнгө үзэмжид гэрэл гэгээ нэмэх зорилгоор эх орны дөрвөн захын цэг, хилчин баатруудын хөшөөт цогцолбор, хүүхдийн тоглоомын талбайг байгуулж, төв талбайдаа хилчдийн сүр жавхаа болсон сүлдэт баганыг сүндэрлүүлж үе үеийн хилчид, залуу үедээ хилийн баганадаа ёсолж, хүндэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн юм.
“Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа
Хил хамгаалах байгууллага жил бүр нийслэл хотын иргэддээ зориулж уламжлал болгон “Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдааг 2 дахь удаагаа зохион байгууллаа. Энэхүү “Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдаа нь та бүхэнд эх орны дөрвөн зүг, найман зовхисын аж амьдрал, гар урлалын бүтээл, идээ ундааны онцлого, хилчдийн өдөр тутмын ажил хөдөлмөрийн үр шимийг илтгэн харуулахын зэрэгцээ эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед Монгол хүн бүр өөрсдийн нөөц боломж, байгалийн баялагаас амьдрал, аж ахуйн хэрэгцээгээ хангах өргөн бололцоо байгааг бас сурталчилан, харуулах зорилго агуулж байдаг юм.
Гэрээт цэргийн албыг зохион байгуулах журмыг шинэчиллээ
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 194 дүгээр тогтоол /Цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах журам/-ыг үндэслэн ХХЕГ-ын даргын тушаалаар “Хил хамгаалах байгууллагад гэрээт цэргийн албыг зохион байгуулах журам”-ийг шинэчлэн боловсруулан хэрэгжүүлж ажиллаж байна. Гэрээт хилчний алба хаах сонирхолоо илэрхийлсэн цэргийн жинхэнэ албыг 8 сараас доошгүй хугацаагаар хааж байгаа байлдагч, түрүүч, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн 29 хүртэлх насны иргэнийг гэрээт цэргийн албан хаагчаар сайн дурын үндсэн дээр сонгон шалгаруулж авч, журмын дагуу бие бялдрын хөгжилт, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшин, мэргэжил, ёс зүй, сахилга, хариуцлагын байдал гэсэн үзүүлэлтээр сонгон шалгаруулалтыг явуулж, 156 ХЦАХ, иргэдийг гэрээт цэргийн анхан шатны сургалтанд хамруулан төгсгөж, хилийн анги /отряд/-д томилсон. Хил хамгаалах байгууллага цаашид гэрээт цэргийн албыг улам төгөлдөржүүлж гэрээт хилчдээр албыг зохион байгуулах бодлого баримтлан ажиллаж байна.
Сулинхээрийн отряд шинэ байрлалд шилжлээ
Аймаг, сумын төвөөс алслагдсан хэсэгт хил хамгаалалтыг зохион байгуулж байсан Хилийн 0168 дугаар анги буюу Сулинхээрийн отрядыг Дорноговь аймгийн Хатанбулаг сум руу нүүлгэн байршуулах шийдвэрийг анх Монгол Улсын Засгийн газар 2010 онд гаргаж байсан. Үүний дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2 тэр бум 100 сая төгрөгөөр их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж өнөөдөр ашиглалтад оруулсан. Тус отрядыг Хатан булаг сумын төвд шилжин байршуулсанаар хилчид, тэдгээрийн ар гэрийн ажиллаж, амьдрах нөхцөл сайжирч байгаа бөгөөд төр, нийгмийн үйлчилгээ авахад амар хялбар болж, харилцан ажиллагаатай байгууллагуудын уялдаа, зам харгуй, шуудан, харилцаа, сургууль, цэцэрлэг зэрэг бүх зүйл цогцоороо шийдэгдэж байна.