Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

ХХБанк 500 сая ам.долларын бондоо хугацаанд нь амжилттай төлж, Монгол Улсынхаа нэр хүндийг олон улсын зах зээлд өргөлөө

Өнгөрсөн долоо хоногт олон улсын санхүүгийн зах зээл дээр Худалдаа, хөгжлийн банк 5-н жилийн өмнө арилжаалсан 500 сая ам.долларын бондоо 100% өөрсдийн эх үүсвэрээр бүрэн төлсөн сайхан үйл явдал болсон билээ. Тиймээс Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхонтой энэхүү үйл явдал болоод COVID-19 цар тахалтай холбоотой банкны салбарын нөхцөл байдал, улс орны эдийн засаг, цар тахлын дараах үеийн бизнесийн төлөв байдлын талаар хийсэн ярилцлагыг хүргэж байна.

  • Урилгыг хүлээн авч бидэнтэй ярилцаж байгаа Танд маш их баярлалаа. ХХБанкны хувьд 5 дахь удаагийн бондын эргэн төлөлтийг эдийн засгийн хүнд нөхцөлд амжилттай төллөө гэсэн таатай мэдээ, мэдээллийг бид онцолж байна. Дэлхий нийтэд COVID-19 цар тахлын хүнд нөхцөл байдал одоо ч үргэлжилж байгаа. Цаашдаа хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байна. Энэ том хэмжээний эргэн төлөлтийг хийхэд ямар хүндрэл, бэрхшээлүүд тулгарч байв?
  • Энэ хүнд үед олон улсын зах зээл дээр эерэг мэдээлэл гаргаж байгаа нь зөвхөн банкны тухайд биш Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөхцөл бүрдүүлж чадлаа гэж харж байна. Та байнга олон улсын хөрөнгө оруулагчидтай харилцаж байгаа хүний хувьд одоогийн нөхцөл байдалд тэдний анхаарлыг юу татаж байна?
  • Яг гүнзгий хямрал хэр удаан хугацаанд үргэлжлэх вэ? гэдэг дээр бодитой хариулт эсвэл зоригтой хэлэх хүн ч бас цөөхөн байх шиг байна. Одоогийн 10 хувийн том хэмжээний уналт дөнгөж эхлэл ч байж магадгүй гэж эдийн засагчид таамаглаж байгаа. Энэ дээр Таны төсөөлөл юу вэ?
  • Эдийн засгийн хувьд харьцангуй бядтай орнууд асуудлыг эдийн засагтаа ашигтайгаар, мөнгө хийх байдлаар шийдэх оролдлогуудыг идэвхтэй авч хэрэгжүүлж байна. Хөгжиж буй орон гэдгээрээ хямралын үед тогтоож үлдэх арга хэрэгслүүд цөөхөн байгаад байна. Бодлогын хувьд юун дээр төвлөрвөл зөв гэж харж байна вэ?
  • Европын комиссоос шийдвэр танилцуулсан нь бидний нэрлэдгээр “Хар жагсаалт”. Европын холбооноос өнгөний нөлөө байхгүй гэх тайлбарыг өгч байгаа ч эдийн засагчид болон судлаачид энэ жагсаалт руу шилжиж байгаа нь санхүүгийн салбарт тодорхой нөлөө үзүүлнэ гэдгийг хэлж байна. Энэ дээр Та ямар байр суурьтай байна вэ?
  • Хар, саарал жагсаалт нь эдийн засгийн уналт хямралыг бий болгох талтай. Магадгүй тодорхой хугацааны дараа эргээд хямралын араас өсөлт бий болно. Цар тахлын дараах бизнесийн ертөнц ямархуу болж өөрчлөгдөх бол? Үнэхээр ертөнцийн дүрэмд өөрчлөлт орохуйц түвшний хямрал байх болов уу? Та ямар хүлээлттэй байна?
  • Цаг гарган бидэнтэй ярилцсан Танд баярлалаа.

Манай ХХБанк 2007 онд анх бонд гаргаснаас хойш 5 дахь удаагийн буюу 2015 онд олон улсын зах зээлд гаргасан бондоо амжилттай төллөө. Энэ бонд өмнөх бондуудаас илүү онцлогтой байсан. Нэгдүгээрт, 2015 онд эдийн засгийн маш хүндрэлтэй нөхцөл байдалд бид амжилттай бондоо гаргаж чадсан. Яагаад хүндрэлтэй байв? гэвэл түүхий эдийн үнэ уначихсан, Монгол Улсын эдийн засгийн өсөлт тэр үед өмнөх оныхоос 5.6 нэгж хувиар буурч 2 нэгж хувь болчихсон, бүтэн жилийн хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт дөнгөж 64 сая ам.доллар байсан. Мөн валютын нөөц 1 тэрбум ам.доллароос доошоо орчихсон хүнд үед 2015 оны 5-р сард анх удаа хагас сая ам.долларын бондыг олон улсын зах зээл дээр амжилттай гаргасан. Хоёрдугаарт, хамгийн анхны Засгийн газрын баталгаатайгаар гаргасан бонд байсан. Гуравдугаарт, гаднаас оруулж ирсэн эх үүсвэрийг шууд Монгол Улсын валютын нөөцөд тушаах буюу Монголбанктай своп хэлцэл хийж Монголбанканд худалдаж байсан онцлогтой бонд болсон юм.

Тэр үед эдийн засгийн нөхцөл байдал хүнд байснаас гадна Засгийн Газрын өр дээд хэмжээнээс давчихсан, ЗГ гадаад зах зээл дээрээс бонд босгох боломж тааруу үед хувийн хэвшил, төр хамтран ажиллаж хуулийн хүрээнд ЗГ-ын баталгаатай анхны арилжааны банкны бондыг гаргасан юм. Энэ явдал нь төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллаж болдгийг харуулсан үйл явдал байв. Өнөөдөр энэхүү бондоо ЗГ-ын нэг ч төгрөг оролцуулахгүйгээр ХХБанк өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, хааж чадлаа. Зөвхөн банкны биш, Монгол Улсынхаа нэр хүндийг олон улсад дахин баталж, сэргээсэн амжилт байлаа, бид чадсан гэж бахархаж байна.

Энэ бүх хугацаанд хамтарч ажилласан, үе үеийн Сангийн яамны сайд, Монголбанкны ерөнхийлөгч нартаа бас талархал илэрхийлье. Яагаад үе үеийн гэж хэлж байна гэхээр өнгөрсөн 5-н жилийн хугацаанд бид 4-н Сангийн сайд, 3-н Монголбанкны ерөнхийлөгчтэй хамтарч ажилласан байна.

Харамсалтай нь COVID-19 цар тахалтай холбоотой Дэлхий нийтэд хямрал аль хэдийн нүүрлэсэн. Маш олон улсын засгийн газрын бондууд дефолт зарлалаа. Шалтгаан нь дахин санхүүжүүлж чадахгүй, бондын зах зээл, хувьцааны зах зээл тэр чигтээ уналтад орчихсон, хэрэв өнөөдөр бонд гаргавал маш өндөр хүүтэйгээр гаргах эрсдэлтэй цаг үе тулгараад байна. Жишээ нь манай ЗГ-ын бонд тухайн үед 5, 6 хувийн хүүтэй гаргаж байсан нь 9, 10 зарим нь бол 10-аас дээш хувьтай хоёрдогч зах зээл дээр арилжаалагдаж байна. Энэ бол зах зээл яаж хямарсныг болон хоёр дахин уначихсан байгааг харуулж байна. Дээрээс нь бусад улс орнууд дефолт зарлаж байгаа энэ үед манай улс тэр тусмаа манай арилжааны банк яг цаг хугацаанд нь үүргээ хүлээгээд төлбөрөө гүйцэтгэсэн нь маш том эерэг нөлөө болж байгаа. Мэдээж хөрөнгө оруулагчид санаа зовж байсан. Юуны түрүүнд манай Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд, дээрээс нь манай арилжааны банкны үзүүлэлтүүд, банкны секторын үзүүлэлтүүд, хөрвөх чадвар зэргээр “Яаж энэ мөнгийг төлөх юм бол”, Монгол Улсын валютын нөөц нэг удаагийн энэ том төлбөрийг даах уу? Цаашдаа эдийн засагт ямар үр нөлөө үзүүлэх бол зэрэг олон санаа зовоосон асуудлууд байсан бол энэ бүгдэд бид эерэг хариулт өгсөн гэсэн үг. Цар тахалтай холбоотой манай бүс нутгийн эдийн засаг дэлхий нийтийн хямралтай холбоотойгоор хүнд байгаа.

Одоогоор сүүлийн 20-н жилд манай улсын эдийн засаг анх удаа 10 гаруй хувийн агшилттай гарч байна. 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа 2009 онд -1.6 байсан. Гэтэл одоо эхний улирлын байдлаар нэлээд хэмжээний уналттай гарч байна гэдэг бол том дохио юм. Хөгжингүй улс ч гэсэн “recession” буюу эдийн засаг нь уналтад орсноо албан ёсоор зарлаад байна. Ийм учраас дэлхий нийтийг хамарсан энэ том хямралыг Монгол Улс “Хэрхэн давж гарах вэ? Хэдий хугацаанд үргэлжлэх бол? Ямар бодлогоор давж гарах вэ?” гэдэг өнөөдрийн хамгийн чухал асуудал болоод байна.

Тийм, нөхцөл байдал амаргүй байх нь цаг хугацаа явах тусам ойлгомжтой болж эхэлж байна. Дэлхий нийтийн шинжээчид одоо “V” гэж ярьдаг огцом сэргэлт байх уу? эсвэл дунд зэргийн хурдаар сэргэх үү? Эсвэл бүр ёроолдоо тулаад, тэр чигээрээ удаан хугацаанд үргэлжлэх үү? гэдэг дээр олон янзын санал дүгнэлт гарч байсан боловч сүүлийн үед сэргэлт удаан байх юм байна, уналт удаан үргэлжлэх юм байна гэдэг дээр санал нэгдэж эхэлж байна. Тэгэхээр манай улсын хувьд ч гэсэн бид хэт өөдрөгөөр төсөөлж болохгүй, мэдээж цар тахалтай тэмцэж байгаа гэдэг утгаараа бол бусад оронтой харьцуулахад хамаагүй бага өртсөн хэдий ч манай эдийн засаг бол үүнээс үл хамаараад хямралд өртөх аюултай. Ялангуяа экспорт, дотоодын үйлдвэрлэл үйлчилгээ буурч, ажилгүйдэл нэмэгдэж байна. Төсвийн орлого бидний төсөөлж байснаас их хэмжээгээр тасалдахаар байна. Валютын ханш дээр одоохондоо экспорт, импорт аль аль нь нам дор түвшинд байгаа учраас нөлөө нь бага. Хэрэв импорт нэмэгдэх юм бол бизнесээс эхлээд жаахан ч гэсэн эдийн засгийн идэвхжил үзүүлэхэд ханшид нөлөө үзүүлнэ гэх мэтчилэн ер нь бид илүү сөргөөр, консерватив байдлаар, урт хугацаанд нөлөө үзүүлэх нь гэдэг таамагтай байна.

Тийм. Томоохон улс орнуудын хувьд эдийн засгаа тогтворжуулах, уналтыг аль болох сааруулах, удаашруулах, зөөлөн газардуулах тал дээр маш их хэмжээний хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлж байна. Одоохондоо цар тахлын хүрээ үргэлжлэх хугацаа түүний үр дүнг тооцох аргагүй учир зарим нь бүр хязгааргүй дэмжлэг үзүүлнэ гэдгийг зарласан байна. Гэхдээ тэрхүү улс орнуудын хувьд бол Төв банк нь өөрсдөө хөрвөх валют ам.доллар, фунт, евро хэвлэх чадвартай өөрсдөө мөнгө хэвлэдэг улсууд учраас нөлөө үзүүлж магадгүй. Бидний хувьд бол харамсалтай нь тийм боломж байхгүй. Бид нар валют хэвлэж чадахгүй, төгрөг л хэвлэнэ. Ямар нэг хэмжээгээр бусад улс орнуудын жишгээр эдийн засаг руугаа мөнгөний эргэлт оруулахгүйгээр эндээс гарна гэж байхгүй.

Одоогийн авч байгаа арга хэмжээнүүд манай жижигхэн эдийн засгийн хувьд чадах чинээгээрээ хичээж байгаа боломжит арга хэмжээ гэж харж байна. Хамгийн гол орхигдуулаад байгаа зүйл нь ийм хямралтай үед эдийн засгийн мөнгөний эргэлтийг нэмэх хэрэгтэй байдаг, зогсоож болдоггүй. Өнөөдөр бүх иргэдийн зээл, хэрэглээний зээл, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн зээл цаашилбал, манай томоохон аж ахуй нэгжүүдийн бизнест нөлөөлж эхэлж байна. Энэ бүх зээлийн эргэн төлөлт эдийн засагтаа эргэлдэж байж, эргэн төлөгдөж байж шинээр олгогдож байж эдийн засаг хөл дээрээ босож, хөгжиж байдаг. Гэтэл өнөөдрийн эргэлт үндсэндээ зогсох тал руугаа хандаж байна. Цаашлаад банкны секторын хэмжээнд төлбөр хойшлуулж буй зээлүүд ойролцоогоор их наяд руу тоологдож эхлэх байх. Ингээд энэ бүх шинээр зээл олгох боломжтой, эргэн төлөгдөх байсан эх үүсвэрүүд доод тал нь 6-н сараар цаашлаад 1, 2 жилээр үйл ажиллагааны онцлогоос хамаарч хойшилж байна. Энэ эргэлт гацаанд орж эхлэхээр шинэ зээл байхгүй шинэ мөнгө байхгүй шинэ эргэлт байхгүй ийм л болох юм. Тэгэхээр төв банкны зүгээс төр засгийн зүгээс ямар ч байсан энэ мөнгөний эргэлтийг зогсоож болохгүй шинээр олгох, шинэ эрэлт хэрэгцээг нь хангах эх үүсвэрийг нь зайлшгүй гаргаж өгөх хэрэгтэй. Мэдээж эрсдэлүүд байна. Жишээ нь, валютын ханш огцом өсөх, мөнгөний ханш унах, инфляц унах гэх мэт. Өнөөдөр үүнээс илүүтэйгээр эдийн засаг өөрөө 10 хувиар унах гэдэг нь валютын ханш эсвэл инфляц 10 хувь болохоос хамаагүй хор уршигтай.

Мэдээж нөлөө үзүүлнэ. Гэхдээ урьдчилан нэг зүйлийг хэлэхэд, саарал жагсаалт болон хар жагсаалт аль алинд нь санхүүгийн сектороос болж орж байгаа юм шиг ард түмэнд ойлголт өгөх оролдлого байдаг юм. Тийм биш ээ. Манай санхүүгийн сектор олон жилийн гадаад харилцаа, гадаад худалдаа, төлбөр тооцоо гүйцэтгэж бусдаас түрүүлж алхаж явсны үр дүнд мөнгө угаахтай тэмцэх, терроризмыг санхүүжүүлэх тал дээр харин ч банкууд харьцангуй олон улсын стандартад хүрсэн.

Гол шалтгаан нь манай улсын дотоодын хууль, эрх зүйн орчин, бусад салбарын далд эдийн засагтай холбоотой асуудлууд болон сүүлийн үед гадаадад өрнөөд байгаа хар тамхи бусад сүлжээ гэх мэтчилэн зүйлүүд гол шалтгаан болж байгаа гэдгийг бүгдээрээ ойлгох нь зүйтэй.

Мөн энэхүү жагсаалтад орох нь санхүүгийн секторт яаж нөлөөлж байна вэ? гэвэл Монголын бүх арилжааны банкууд, банк хоорондын гүйлгээ хийхдээ Төв банкаар дамждаг шиг дэлхийн бүх улс орны ам.доллар Америкийн банкуудаар л дамждаг. Тэгэхээр тэр банкууд дээр л дансгүй болбол ам.долларын гүйлгээнээс үндсэндээ хасагдаж байна аа гэж ойлгох хэрэгтэй.

Тэгэхээр “Citi”, Америкийн банкууд дээр шууд харилцаатай дансаа нээсэн байсан “Deutsche Bank”, “HSBC”, “Standard Chartered” банкууд аль хэдийн гараад явчихсан. Одоо Европт энэ асуудал чангарч байгаагаас болж Монгол Улсад гаднын банкны төлөөлөгч болж байсан хамгийн анхны банк болох Нидерландын “ING” банк оффисоо хаагаад, Монголын бүх банкууд дээрх дансаа хаалаа.

Тиймээс энэ асуудлууд цаашдаа үргэлжлэхийг үгүйсгэхгүй. Өнөөдөр манай ХХБанк Монгол Улсын нийт гадаад төлбөр тооцооны 80 гаруй хувийг дангаараа гүйцэтгэж байна. Нэг талаас энэ бол маш том хариуцлага бас эрсдэл. Бид одоо мөнгө угаах, терроризмтой тэмцэх ажил дээр маш их анхаарал хандуулж байна. Их олон харилцагчийн гүйлгээг шалгаж явуулах, түүнтэй холбоотой зардлууд, гадаад төлбөр тооцоо нэг банкаар явдаг байсан бол одоо 2-оос 3-н банкаар дамжиж гүйлгээ хийгдэж байна. Үүнтэй холбоотой зардлууд, чирэгдлүүд эргээд харилцагчдын нуруун дээр ирэх жишээтэй.

Зөвхөн банк, санхүүгийн салбар, төр засгийнхан анхаарлаа хандуулах ажил биш ээ. Үүнийг Монгол Улсын аж ахуй нэгж, иргэн бүр ойлгож, хамтарч ажиллаж байж энэ жагсаалтаас гарах боломжтой гэдгийг л бүгдээрээ ойлгох хэрэгтэй.

Ертөнц болон хорвоо дэлхий яаж өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй байна. Бидний өнөөдрийн амьдралд гарч байгаа зарим жишээг дурдахад, бид олон улсын харилцаатай, байнгын олон улсын түншүүдтэй харилцах хэрэгцээтэй байдаг. Ийм банкны хувьд жишээлбэл, үйл ажиллагаа, харилцаа талдаа их түргэн шуурхай болж байгаа зүйл ажиглагдаж байна. Бүх хурлууд зайнаас, онлайнаар явж байна. Заавал ирж, очихгүйгээр зохицуулагдаж байгаа нь өндөр зардал, цаг хугацаа, орон зайг хэмнэж байна. Түүнчлэн, дотооддоо ч бид ажилтнуудаа зайнаас ажиллуулж болдог, харилцагчид маань ч банканд ирэх шаардлагагүйгээр банкны дижитал үйлчилгээг зайнаас авч сурч байна. Банк заавал шөнийн 00 цаг болтол ажиллах, 24 цаг ажиллах, амралтын өдрүүдээр ажиллах шаардлагагүй гэдгийг бас харуулж байна. Тодорхой тогтсон цагтаа үйлчилгээгээ аваад бусдыг нь онлайнаар аваад болж байна.

Энэ бүгдийг тодорхой хэмжээний дэвшил гэж хэлнэ. Нөгөө талаасаа хөрөнгө мөнгө босгох, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт хийх үйл явц бол харьцангуй удаашрахаар байна. Учир нь энэ бүхэн глобалчлалын эсрэг зүйл болж хувирлаа. Тэгэхээр өнөөдөр тухайн улс орон өөрсдийнхөө худалдааг дэмжих, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, өөрсдийнхөө орон нутгийн эдийн засгийг тэтгэх хэрэгтэй. Зарим улс орнууд олон улсын зах зээлд гарах, глобалчлах ажиллагаа явуулах шаардлагагүй гэх үзэл санааг ч гаргаж ирж байна. Энэ цаг үетэй давхцаад өрнөж байгаа худалдааны дайн гэх мэтчилэн асуудлуудыг харахад улс орон дамнасан том төсөл хөтөлбөрүүд, ил тод байдал зэрэг нь цаашдаа буурах хандлагатай гэсэн таамаглалтай байна.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *