Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХХБ-ны Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Б.Даваажанцан: Прокурор илт нэг талыг барьж, анализ хийлгүй шүүх рүү хандаж байгаа нь эргэлзээ төрүүлж байна

Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Б.Даваажанцантай ярилцлаа.


-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан, концесс нэрээр төрөөс их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй, зохион байгуулалттай бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр Худалдаа хөгжлийн банк, улаанбаатар банкны туЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаанд хорих шийдвэр гаргасан. Өмгөөлөгчийн хувьд та энэ асуудал дээр ямар суурьтай байгаа вэ?

-Энэ талаарх асуудлыг Нийслэлийн прокурорын газар, АТГ, эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Нийслэлийн прокурорын газраас энэ сарын 21-ний өдөр миний үйлчлүүлэгч Д.Эрдэнэбилэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан улмаар СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж цагдан хорих саналыг нийслэлийн прокуророос ирүүлсэн. Дүүрэг бүр дээр цагдан хорионы шүүгч гэж тусдаа шүүгч байдаг. Энэ нь нэгээс хоёр шүүгчээс бүрддэг. СБД-ийн цагдан хорионы асуудлыг Х.Идэр гэх шүүгч хянадаг юм байна.

Ийм учраас тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж эхний удаа шүүгчээсээ татгалзсан.

-Ямар үндэслэлээр шүүгчээсээ татгалзсан юм бэ?

-Энэ үйл явдлаас хоёр сарын өмнө буюу өнгөрөгч гуравдугаар сарын 5-ны өдөр манай үйлчлүүлэгч Д.Эрдэнэбилэгийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр Эрүүгийн цагдаагийн газраас баривчилсан. Энэ баривчилгаа хууль зөрчсөн, үндэслэлгүй хэмээн гуравдугаар сарын 6-ны өдөр шүүгч Х.Идэр өөрийн захирамжийг гаргаж сулласан. Үүний дараа тухайн шүүгч Х.Идэрийг хувь хүн болон шүүхийн байгууллагын нэр хүндийнх нь хувьд нийгмийн зүгээс маш их бухимдлыг илэрхийлж байсан. Нөгөө талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга гэх албан тушаалтай хүн Х.Идэр гэдэг шүүгчийг гадны нөлөөнд автсан, хувийн сонирхлоор хандлаа гэх агуулгатай гомдол гаргаж, шалгаж болох бүх газарт хандсан байгаа юм. Энэ гомдол нь шийдэгдээгүй байсан. Гуравдугаар сарын 6-ны өдрийн Х.Идэр шүүгчийн сулласан захирамж хувийн ашиг сонирхолтой байсан уу гэдэг асуудал одоог хүртэл шийдэгдээгүй учраас тухайн хүний статус тодорхой бус байснаас бид татгалзахаас өөр аргагүй болсон. Түүнчлэн энэ сарын 22-ны өдөр шүүхийн зүгээс татгалзах үндэслэлтэй байна гэж үзэж манайхаас гаргасан татгалзлыг хүлээн авсан. Ингээд Б.Дуламсүрэн шүүгч рүү шилжүүлсэн. Энэ сарын 24-ний өдөр хурал зарлагдсан. Нийгмийн дунд яваад байгаа шиг мөрдөн байцаагч, прокурорыг дарамталсан уу үгүй юу, цагдан хорих үндэслэл байгаа, үгүйг тодруулахын тулд бид АТГ-т өгсөн тайлбар бичлэгийг үзье гэсэн. Ямар ч үндэслэлгүй гэрч байж чадахгүй этгээдүүдийн яриагаар хууль зөрчиж байна. Тйимээс эдгээр баримтуудыг гаргаж өгөөч гэх хүсэлт тавихад прокурор гаргаж өгөөгүй. Прокурор бол яллах, цагаатгах талыг эн тэнцүү барьж асуудалд голтой хандах ёстой. Гэтэл илт нэг талыг барьж мөрдөгчийн саналыг тэр чигт нь хуулбарлан асуудалд анализ хийлгүйгээр шүүх рүү асуудал болгож байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Тиймээс хуралд орж байсан хоёр прокурорыг тухайн шүүх хуралдаанаас татгалзах саналыг гаргасан. Гэвч шүүхийн зүгээс уг хүсэлтийг хүлээж аваагүй. Ингээд мөн Б.Дуламсүрэн шүүгчээс татгалзсан. Ийм бодит үндэслэл, бодит эргэлзээ төрөөд байхад прокуророос татгалзсан. Бид зөвхөн тухайн шүүх хуралдаанаас л татгалзсан. Гэтэл мөн ерөнхий шүүгч хүлээж аваагүй. Өнгөрөгч даваа гаригт буюу 27-ны өдөр шүүх хуралдаан дахин үргэлжилсэн. Уг асуудал дээр бидний зүгээс харьяаллын асуудлыг ярьсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг гэж шалгаж байгаа асуудал байвал тухайн үйлдэл гарсан газрыг шүүхэд харьяалуулна гэсэн хуулийн заалттай. Гэтэл нийслэлийн прокурорын газраас СБД-ийн шүүхээр эхнээсээ оруулж ирдэг. Тэр прокурорын протокол болоод мөрдөгчийн саналд дурдагдаад байгаа бүх үйл баримт СБД-тэй нэг ч холбоо байхгүй байсан. Миний үйлчлүүлэгч Д.Эрдэнэбилэгийг Улаанбаатар банкинд оффисоо хийдэг. Дөрвөн давхарт суудаг. Бусад хүмүүс нь гурван давхарт суудаг. Эд нар хоорондоо уулздаг байсан гэдэг. Бид нар прокурорт нэг л асуулт тавьж байгаа. Нэг оффист, нэг компанид ажиллаж байгаагаар нь гэмт бүлэглэл байгуулсан гэж үзэж байгаа юм уу. Эсвэл Оросуудаас “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан гэрээ хийгдсэнээр нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа юм уу. Зээлийн гэрээ хийгдсэнээр нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна уу. Эсвэл Засгийн газрын шийдвэр гарснаар нь гэмт хэрэгт үйлдсэн гэж үзэж байна уу, яг аль нь вэ гэхэд прокурорын зүгээс хариулж чадаагүй. Ерөнхий л юм ярьдаг. Магадгүй гэрээ хийснээр гэмт хэрэг гэж үзвэл энэ манай улсад биш, Оросын Москва хотод гэрээ хийгдсэн. Бүр асуудал өөрөөр яригдах буюу хуульд заасны дагуу шүүхийн харьяалал Улсын дээд шүүх, эрүүгийн хэргийн танхимаас харьяалал тогтоох асуудал болж хувирна. Улаанбаатар хотын болон ХХБ-ны ТУЗ-ийн даргынхаа хувиар тухайн нэр бүхий зургаан компанид зээл олгосон, эх үүсвэрээ бүрдүүлэхэд мөнгө өгсөн гэсэн асуудал яригдвал ХХБ Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, УБ банк Чингэлтэй дүүргийн зургадугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг. Зээлийн гэрээнүүдийн харьяалал ч Чингэлтэй дүүргээр явдаг. Гэрч хохирогч нарын яриад байгаа шиг нэг оффист байдаг гэвэл мөн л Чингэлтэй дүүрэгт байдаг. Эндээс харахаар СБД-т харьяалагдах зүйл нэг ч алга. Анхнаасаа хэрэг маргааныг зөвөөр явуулъя, хэрэг гарсан газрын асуудал гэж яривал Чингэлтэй дүүрэг рүү шилжүүлээч ээ. Эсвэл харьяалалыг шинээр тогтоож өгөөч ээ. Монголын Зэс компанийг байгуулж, үүгээр дамжуулж Эрдэнэт-ийн 49 хувийг авсан гэх асуудал яригдлаа гэхэд мөн л энэ компани Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хаягтай. Аль ч талаасаа хөөгөөд үзсэн СБД-ийн шүүхт харьяалагдах ямар ч үндэслэл байгаагүй. Ийм учраас өмгөөлөгчийн зүгээс 27-ны өдөр болсон шүүх хурал дээр харьяалал зөрчиж байна. Харьяалал тогтоож өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Шүүхийн захирамж гараад өмгөөлөгчийн гаргаж байгаа санал үндэслэлтэй байна гэж үзэж Шүүхийн зүгээс хүлээж авсан. Прокурорын зүгээс прокурорын санал нь хэргийн материалд яллагдагч Д.Эрдэнэбилэг хаана, хэзээ гэмт хэрэг үйлдсэн талаар ойлгомжгүй тодорхой бус, гэмт хэрэг гарсан газрын харьяалал тодорхойгүй нөхцөл байдлаас улбаалж тус шүүхээс прокурорын саналын дагуу уг асуудлыг шийдвэрлэх шүүх мөн эсэх нь эргэлзээ бүхий байна гэсэн дүгнэлт гарсан. СБД-ийн шүүх шийдэхгүй юм байна, гэхдээ аль дүүргийн шүүх рүү шилжүүлэхийг прокурор тогтоол дээрээ тодорхой зүйл заагаагүй байгаа юм. Алийг нь гэмт хэрэг гэж үзээд байгаагаа тодорхойлоогүй учраас шүүхийн зүгээс энийг нөхөж тогтоох боломжгүй байсан. Иймээс прокурорын цагдан хорих саналыг хэрэгсэхгүй болгож буцаан уг асуудлуудаа дахин тодорхойлж авчир гэсэн санал гарсан. Энэ санал дээр прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн. Энэ гомдлын СБД-ийн шүүгч Ж.Болдбаатар хүлээж авч шийдвэрлэнэ. Хуульд заасны дагуу хоёр төрлийн захирамж гарах ёстой. Б.Дуламсүрэн шүүгчийн захирамжийг зөв шийдсэн байна гэж үзэн хэвээр үлдээх. Эсвэл хүчингүй болгож дахин энэ асуудлыг шийд гэдэг үүрэг өгч Б.Дуламсүрэн шүүгчид хуваарилах ёстой байсан. Гэтэл шүүгч өөрөө гомдлоос хальсан, хуулиас хальсан дүгнэлтийг хийж бүх асуудлыг шийдэж байгаа юм. Ингээд Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг цагдан хорих 461 дүгээр ангид тавдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд цагдан хорьсугай гээд шийдчихсэн.


-Биеийн байдал нь ямархуу байгаа вэ?

-Биеийн байдал хүнд байгаа. Өнгөрөгч гуравдугаар сарын 5-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй шүүхийн гадуур гэрч байх үед нь нэг хоног цагдан хорьсон. Тухайн үед биеийн байдлыг нь ярьж л байсан. Прокурор, цагдаатай нь ярьж байгаад биеийн байдлыг нь үзүүлсэн. Энэ хүн элэгний архаг өвчтэй. Хувь хүний нууцын асуудал. Гэхдээ бид дэлгэхээс өөр аргагүй болж байгаа юм. Элэгний циррозтой. Олон жил эмчийн хяналтанд байгаа. Элэгний хатууралтай, цагаан бөөмний дутагдалтай, дотуур цус алдах эрсдэл маш өндөр. Бид энэ талаар цагдан хорих газар болон хүний эрхийн комисс гээд бүх газрууд руу анхаарлаа хандуулахыг хүссэн.

-Тодорхойгүй шалтгаанаар байцааж, хорьж байна гэж ойлголоо. Энэ хэрэг цаашдаа яаж эргэхээр байгаа бол?

-Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг гэмт бүлэглэл зохион байгуулсан гэдгээр шалгаж байгаа. Энэ анхных нь биш. Өмнө нь мөнгө угаасан гэж үзээд тэр нь хууль зүйн зүйлчлэлд орохгүй байсан. Мөн эрх мэдлээ урвуулсан гэдэг гэтэл хувийн банкны захирал хэнд мөнгө зээлүүлэх нь хамаагүй. Энэ бол гэмт хэрэг биш. Маш олон аргаар буруутгах гэж үзэж байгаа. Энэ сарын 21-ний өдөр анх удаа яллагдагчаар татаж байгаа юм. Дөнгөж одоо хэрэг үүсч байна. Цаашдаа хэрхэн яах нь прокурорын байгууллага мөрдөн байцаалтын ажлаас хамаарах байх. Бидний зүгээс энэ маргааныг хурдан нэг талд нь шийдэх, үнэн зөвийг тогтоох байр суурьтай байгаа. Прокурорын яллах тогтоол дээр ч бид саналуудаа хэлсэн. Тухайн үед Эрдэнэт компани ямар байсан. Мөн УИХ, Засгийн газрын ямар шийдвэрүүд гарсан гэдгийг тодруулаач ээ. Гол баримт гэх зүйл алга. Ихэвчлэн ам дамжсан зүйлсийг ярьж, эх сурвалж дурдахгүй байгаа юм. Хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүссэн. Энэний дагуу ажлын хэсгийн мөрдөгчид шалгалтаа үргэлжлүүлэх байх. Хэзээ прокурор руу шилжинэ тэр үед бидэнд танилцах эрх нээгдэнэ.

-Цуг шалгагдаж байгаа хүмүүсийн талаар ямар мэдээлэлтэй байгаа вэ?

-Зөвхөн Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг цагдан хорьсон. Бусдад нь хилийн хориг тавьсан байгаа. Бид энэ сарын 21-ний өдөр АТГ-т дуудагдсан. Хавраас хойш дөрвөн удаа эрүүгийн цагдаагийн газар, АТГ дуудсан. Бид утсаар ярихад нь л очдог. Ямар ч чирэгдэл гомдолгүйгээр мэддэг бүх зүйлээ хэлдэг. Магадгүй хамгийн нээлттэй тайлбар өгдөг хүмүүсийн нэг байх. Би өөрөө биечлэн байсан. Хоёр цаг гаруй үргэлжилж, бид тайлбар өгөлгүй зөвхөн яллах дүгнэлттэй танилцсан. Энэ үед прокурор, мөрдөгчийг дарамталсан, айлган сүрдүүлсэн зүйл огт байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайддаа хэлээрэй гэх зүйл огт болоогүй. Энэ бүгд ямар ч эх сурвалжгүй, худал ташаа, огт болоогүй зүйлийг болсон мэтээр гаргасан.

-30 хоногийн хугацаанд цагдан хорьж байгаа үед гаднаас уулзалт орох боломжтой юу?

-Хуульд заасны дагуу өмгөөлөгчтэйгөө уулзах бүрэн эрхтэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *