Хүнс, хөдөө аж ахуйн яамны гамшгийн штаб өнөөдөр хуралдсан байна. Хуралдаанаар түймэрт өртсөн сумдын малчид, иргэд, тэнд ажиллаж байгаа хүмүүст сэтгэл санааны дэм өгөх, хүнс, өргөн хэрэглээний бараа, эд материалын дэмжлэг, туслалцаа үзүүлэх хандивын арга хэмжээг салбарынхаа нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дунд зохион байгуулахаар болжээ. Энэ ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн яам болон түүний харъяа байгууллагын нийт 305 ажилтан нэг өдрийн цалингаа түймэрт өртсөн сумдад өгөхөөр болсон байна. Цасан шуурга болон түймэрт хамрагдсан аймаг, сумдад гарсан хохирлыг тооцон малын эм, эмнэлгийн хэрэгсэл болон худаг, хашаа, хорооны засвар, шинэчлэлд шаардлагатай байгаа хөрөнгийг тооцож Улсын Онцгой комисс, Засгийн газрын хуралдаанд 4 дүгээр сарын 20-ны дотор танилцуулж шийдвэрлүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ. Үүнээс гадна яамны дотоод нөөц боломжийг ашиглан малын эм, бэлдмэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисыг холбогдох сумдад яаралтай хүргүүлэх, зарим шаардлагатай зардлыг шийдвэрлүүлэх юм байна.
Мөн Булган, Өвөрхангай, Төв, Увс аймгуудад цасан шуурганы улмаас хорогдсон малын хохиролыг бууруулахтай холбогдсон тодорхой зардлыг тооцож, арга хэмжээ авах саналыг УОК, Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэхээр боллоо.
Одоогийн байдлаар, хандив тусламжийн хүрээнд Атар-Өргөө, Талх чихэр, Мах-Импекс компаниуд нийтдээ 70,0 сая төгрөгийн хоол хүнсний материалыг түймэртэй байгаа сумдад хүргүүлж эхлээд байна.