Categories
мэдээ нийгэм

ХХААХҮ-ийн салбарыг бодлогоор дэмжсэнээр экспорт 20-30 хувьд хүрэх боломжтой

Дотоодын ААН-үүд гадны хөрөнгө оруулагчдийн сонирхолд нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж хөрөнгө оруулалтыг татаж, бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдэнэ гэдгийг Хөгжлийн банкнаас онцолж байна.

ХХААХҮЯ, Сангийн яам хамтран ХАА-н салбарт хэрэгжиж буй хөнгөлөлттэй зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар хувийн хэвшлийнхэнд танилцуулах уулзалт “Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлж олон улсын байгууллага, хувийн хэвшлийн уялдааг сайжруулах нь” сэдвээр боллоо.


Энд Хөгжлийн банкны ерөнхий эдийн засагч Д.Дэлгэрсайхан хэлэхдээ, “Гадныхан хөрөнгө оруулья гэхэд тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь цөөн байгаа учир үүнд хөрөнгө оруулалтын компани, мэргэжлийн байгууллагуудын зүгээс анхаарч экспортод чиглэсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бэлэн байдлыг хангахад дэмжиж ажиллана” гэж онцлоод “Бидэнд дотоод, гадаадын хэрэгцээг хангах олон төсөл ирж байгаа боловч яг бэлэн төсөл байна уу гэдэг том асуудал болж хувирч байна. Төслийг экспортод бэлэн байлгаж хөгжүүлэх явдал чухал болоод байна. Хөрөнгө оруулалтын төслүүд томоохон санхүүжилт шаарддаг. Энэ үүднээс төслүүдийг хөгжүүлж экспортод гаргахад бэлэн болгох зорилгоор Хөрөнгө оруулалт-менежментийн компани байгуулан ажиллаж байна. Хөгжлийн банк нь дангаараа болон олон улсын байгууллагатай хамтран төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлдэг. Гол нь хувийн хэвшлүүд санхүүжүүлэхэд бэлэн буюу эрсдлээ бүрэн тооцсон, тогтмол үр ашгаа өгөх төсөл санал болгох нь зүйтэй байна” гэв.

ХХААХҮ-ийн салбар нь экспортын орлогын 4-5 хувийг бүрдүүлж байна. Хэрэв хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжвэл энэ салбарын экспортод эзлэх жин 20-30 хувьд хүрэх боломжтойд уулзалтад оролцогчид санал нэгдэв. ХХААХҮ-ийн салбарт Дэлхийн банк, АХБ, НҮБ-ын ХХААБ, Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ), Швейцарийн хөгжлийн агентлаг, “Жайка”, “Койка” зэрэг олон улсын байгууллага төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих төслийн тухайд, даатгал, сургалт-судалгаа, санхүүгийн дэмжлэг гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бол манай улсын томоохон хандивлагчийн нэг АХБ-ны зүгээс ХХААХҮ-ийн салбар нь үр ашигтай, ажлын байрыг олноор бий болгодог учраас дэмжлэг үзүүлдэг гэдгээ онцолж байв. ЕСБХБ-ны хувьд, ЖДҮ-ийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлж, 140 орчим ААН-д зөвлөх үйлчилгээ үзүүлснээс 80 хувь ХАА-н салбарынх, эдгээрээс 55 компанид үр дүнгийн үнэлгээ хийж үзэхэд, үйл ажиллагааны үр өгөөж нь 60 хувиар өсөж, нийт 800 гаруй ажлын байр шинээр бий болжээ. Хамгийн чухал нь ЖДҮ-үүд богино хугацаанд үр ашгаа өгөх төсөлд хамрагдахыг эрмэлзэхээсээ илүү алсын хараа, стратегиа зөв тодорхойлж, урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэх нь зүйтэй гэдгийг ЕСБХБ-ны ЖДҮ-ийн бизнесийн зөвлөх үйлчилгээ хөтөлбөрийн тэргүүлэх менежер С.Байгалмаахэлж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *