Categories
мэдээ улс-төр

“Хиндүжа групп”-ийн бүсийн захирал Пракаш Хиндүжа бараалхлаа

Далянь хотноо ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Бүгд Найрамдах Энэтхэг улсын “Хиндүжа групп”-ийн Европын бүсийн захирал Пракаш Хиндүжа бараалхлаа.

Уулзалтаар хоёр орны батлан хамгаалах, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюун санааны хөрш” Энэтхэг улсын хөрөнгө оруулалт манай улсад чухал. Энэ оны тавдугаар сард Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр бүхий л салбарт харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэр дундаа төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцаж байсан гэдгийг онцлоод Хиндүжа групп Монгол Улсад банк санхүү, газрын тос, батлан хамгаалах салбарт хамтран ажиллах өргөн боломжтой гэлээ. Мөн тус группийн захирлыг Монгол Улсад зочлохыг урилаа.

Хиндүжа групп нь банк, санхүү, тээвэр, газрын тос, эрчим хүч, техник технологи, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо зэрэг олон салбарт байр сууриа олсон дэлхийд нөлөө бүхий байгууллага төдийгүй автомашин үйлдвэрлэлээр улсдаа хоёрдугаарт, автобус үйлдвэрлэлээрээ дэлхийд дөрөвдүгээрт бичигдэх томоохон үйлдвэрлэгч юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *